Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК хоёр сар дараалан ашигтай ажиллан ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмжээ

Улс төр

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК сүүлийн хоёр сар дараалан ашигтай ажилласан байна. Тухайлбал, тавдугаар сард 2.3 тэрбум төгрөгийн ашиг олж, ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмжээ.

 

 Төрийн өмчит хувьцаат компанийн бүтэц рүү шилжсэнээс хойш тус үйлдвэр нийт 4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. "Цемент шохой"-н хоёр тээрэм хэвийн ажиллаж байгаа бол нэг тээрэм төлөвлөгөөт засварт орсон бөгөөд энэ сарын дундуур ашиглалтад оруулах аж. Компанийн зүгээс энэ сард 60,000 тонн цемент үйлдвэрлэж, борлуулах зорилт тавьжээ.

 

Тавдугаар сард тээрмүүдээ төлөвлөгөөт засварт оруулж, 7 хоног зогсохоор төлөвлөж байсан ч зогсоогоогүй бөгөөд нийт 50,000 тонн цемент борлуулсан байна.

 

 2022 онд нийт 460,000 тонн цемент үйлдвэрлэж, борлуулах бөгөөд энэ нь 2015 оноос хойшхи хамгийн том зорилт болж байгааг "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар онцолжээ.

 

Тэрбээр "Саад, тотгор их байгаа. 4 дүгээр сард гурван ч үзэсгэлэнд борлуулалтын гэрээнүүдээ жилээр нь байгуулаад өдөр бүрийн нарийн төлөвлөлтийн дагуу ачилт хийж байна. Зарим нөхөд шууд ирээд одоо цемент ач гэж бухимдаж буйг ойлгож байна. Боломжгүй, учир нь үйлдвэрлэл урьдчилсан борлуулалтын гэрээний дагуу хүчин чадалдаа тохируулж ажилладаг. Бухимдаж буй хүмүүс угтаа биднийг цемент ав, цемент ав гээд 4 сард орилж байхад гэрээгээ хийх байсан юм. Та барилга барих гэж буй бол төлөвлөх ёстой. Бид төлөвлөсөн, төлөвлөгөөний дагуу урьдчилж гэрээ хийсэн компаниуддаа тасралтгүй нийлүүлэх үүрэгтэй, ойлгоорой" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Мөн "Үнэ нэмсэн гэх бас худал мэдээлэл санаатай тарааж байгаа. Үнэ нэмээгүй, нэмэхгүй. Он дуустал энэ үнээ мөрдөнө. Үнээ ил тод khutulcement.Mn вебд байршуулсан байгаа" гэжээ. 

 

#ХөтөлЦементШохойТӨХК