Дэлхийн зургаа дахь мөсөн циркийн тоглолтыг монгол циркчид тоглов

Соёл урлаг, Спорт

Монголд анх удаа мөсөн дээрх циркийн тоглолт  хийх нь гэх яриа хэдэн өдрийн өмнөөс  л дуулдав. Ам дамжсан яриаг олзуурхан сонирхсоор хамгийн эхний тоглолтыг  буюу энэ сарын 28-ны өдөр “Мөсөн өргөө”-нд  болсон тоглолтыг  ёстой л жаргаж үзлээ.

Циркчдийн ур чадвар уран үзүүлбэрийг технологийн дэвшилтэй хослуулж  Монголын циркчид мөсөн дээр гайхамшгийг үзүүлж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байв. Мөсөн дээр уран нугарч мөсөн дээр циркийн хүнд эрсдэлтэй үзүүлбэрүүдийг түүртэх юмгүй үзүүлж, толгойноосоо олсоор зүүгдэн агаарт бүжих циркчид тоглолтын турш  үзэгчдийг уулга алдуулж бас цочроосон 1 цаг 30минут байв.

Олон улсын циркийн урлаг “Тайз-манежийн цирк”,  “Усан цирк”, “Мөсөн цирк”, “Амьтны цирк” гэсэн бие даасан төрлүүдээр хөгжсөөр байгаа бөгөөд мөсөн циркийн тоглолтой улс орон дэлхийд ердөө гарын таван хуруунд багтах төдий аж. Харин энэ удаа Монголын циркийн жүжигчид дэлхийд ховорхон тоглогддог мөсөн циркийн үзүүлбэрийг эх орондоо  маш амжилттай үзүүлж чадлаа.

Манай циркчдийн энэхүү бүтээл  нь дэлхий дахинд тоглогдсон зургаа дах мөсөн циркийн тоглолт болж байгаа аж. Циркийн хувьчлалыг тойрсон элдэв асуудлаас үүдэн Монголын циркчид  сүүлийн 10 гаруй жил хүнд байдалтай нүүр тулаад байсан нь үнэн. Тийм ч учраас  бид эдгээр асуудлаас үүдэн циркийн урлаг хөгжихгүй байгаа дэлхий дахинаас хоцорч байгаа гэж боддог. Харин дэлхий дахинаа зургаа дахь удаагийн мөсөн циркийн үзүүлбэрийг монгол циркчид тоглож чадсан нь үүнд хариулт өгөв. Монголын циркийн урлаг хөгжсөөр байгаа, циркчид длхий дахинаас хоцроогүй байгаа гэдгийг энэ тоглолт батлав.  Монголын циркийн урлагийн хөгжилд энэ бол  түүхийн хуудас боллоо гэж дүгнэмээр.  Далайн гүн дэх амьтдын амьдрал аж байдал болоод тэнгэр дэх шувуудын дүрээр циркчид мөсөн тайзан дээр гайхамшгийг урлав. Тэд үнэхээр урлаж байв.

Монголын циркийн урлагийн цаашдын хөгжил, үзэгч олны хүсэн хүлээлт, уран бүтээлчдийн итгэл найдварт гэрэл гэгээ, бүтээн туурвих урам зоригийг бэлэглэн, монголчууд бид хүсвэл юуг ч бүтээж чадах агуу мөрөөдөл, хүслийг биелүүлсэн нэгэн тоглолтыг “Степпе Арена” ХХК зохион байгуулж, олны хүртээл болгосон нь энэ.  Монголын циркчид мөсөн дээрх циркийн төрлөөр анхны уран бүтээлээ туурвин үзэгч олноо өргөн барьсан нь энэ.

Эх үрсийн баярыг угтсан мөсөн циркийн энэ тоглолтыг  энэ сарын 28-ны өдрөөс эхлэн өдөр бүр “Мөсөн Өргөө” ордонд тоглох юм. Тодруулбал,  Монголын анхны мөсөн циркийн тоглолт энэ сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагт,  06-р сарын 1-ний өдрийн 11:00 цагт болох юм.

Монголын циркчидийн тоглох уг тоглолт Тоглолтыг “Степпе Арена” ХХК санхүүжүүлж, Улсын Консерваторын циркийн ангийн багш, оюутан сурагчид, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй аж.

Монгол нугараачид дэлхийд гурав дугаарт эрэмблэгддэг

“Монголын циркчдийн нэгдсэн холбоо” ТББ–ын төлөөлөл  уг тоглолттой холбоотойгор олон нийтэд мэдээлэл хийхдээ “Монголын уран нугараачид дэлхийн 150 гаруй орноос гуравдугаар байранд бичигддэг. Гэвч циркчид, уран нугараачид маань бэлтгэл сургуулилт хийх, ард түмэндээ уран бүтээлээ туурвих боломж нөхцөл байдаггүй. Харин бид “Мөсөн Өргөө”-тэй болсноор дэлхийн бусад орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийг хүлээн авч үзэх боломжтой боллоо” хэмээн онцолж байв.

Маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэр нь зардал өндөр мөн дээрээс нь маш их эрсдэл дагуулдаг, цаашлаад уран бүтээлчдээс дээд зэргийн ур чадвар шаарддагаараа онцлог аж.

Энэ тоглолтоос та манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи,, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах болно.