Д.Цэнджав: Дэлхий нийтээрээ урт хугацааны ковид гэж ярьж байсан бол харин одоо ковидын дараах нөхцөл байдал гэж ярьж байна

Нийгэм, Эдийн засаг

Ковидын дараах нөхөн сэргээлт буюу, ковидын дараах нөхцөл байдлын үеийн эмчилгээ, үйлчилгээ ямар байх, иргэдийн зүгээс юуг анхаарвал зохих ёстой тухай УХТЭ-ийн сургалт гадаад харилцааны албаны дарга,  АУ-ны доктор, сэргээн засахын  их эмч Д.Цэнджавтай ярилцлаа.

-Ковидын дараах нөхөн сэргээлт, зовиурыг дэлхий дахинд ямар байдлаар оношилж, тодорхойлж байна вэ

-Дэлхий нийтэд ковид цар тахал болоод хоёр жил гаруй болж байна. Ковидоор өвдсөн хүмүүсийг эргэж хэвийн амьдралд нь оруулах ажил нийт эрдэмтэн судлаач, эмч нарын анхааралд байна. Улс орон бүхэн өөр өөрийн эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлаад нийтээр нь сэргээн засах эмчилгээг яаж үр дүнтэй хийх вэ, ард иргэдээ яаж хэвийн амьдралд нь оруулж амьдралын чанарыг нь дээшлүүлэх асуудал дэлхийн улс бүрт тохиолдож байна. Энэ хүрээнд ДЭМБ-ын санхүүжилтээр АШУҮИС, бие бялдар сэргээн засах Монголын нийгэмлэгтэй хамтраад нийт сэргээн засах эмч нараа цуглуулан ковидын дараах сэргээн засах эмчилгээг яаж хүртээмжтэй, үр дүнтэй явуулах вэ гэдэг талаар сургалт, семинар, хэлэлцүүлэг болоод дууслаа. Дэлхий нийтээрээ урт хугацааны ковид гэж ярьж байсан бол харин одоо ковидын дараах нөхцөл байдал гэж ярьж байна. Энэ нь юу гэхээр ковидын халдвараар хүнд, хөнгөн хавсарсан хууч өвчтэй байсан гэдэг хамааралгүйгээр өвдсөнөөс хойш гурван сарын дараа ямар нэгэн зовиур шалтгаангүйгээр хоёр сарын туршид ядрах, ханиалгах, хөлрөх, хөдөлмөрийн чадвар буурах  мөн жоохон ачаалал авахаар бие улам сульдаж ядрах гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрч байгаа. Түүнийгээ дэлхий нийтээр олон улсын өвчний  XI ангиллын RI 02 гэсэн код өгсөн. Ийм код өгсөн учраас ковидын дараах нөхцөл байдлын оношилгоо эмчилгээний асуудал бүгд шийдвэрлэгдээд явах болно. Одоогоор бүх халдвар зогсоогүй, эвлэрч амьдарч байна.

-Ковидын дараах нөхцөл байдал монголчуудын хувьд ямар байдлаар илэрч байна вэ?

-Ковидын дараах халдвар ихэвчлэн амьсгалын замын өвчнийг гэмтээх, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гээд хүн болгонд өөр өөрөөр илэрч байгаа. Голлох тогтолцоо нь амьсгалын эрхтэн тогтолцоо түүнээс түүнээс улбаалан амьсгаадах, цээжээр хөндүүрлэх, ханиалгах  зовиурууд их байгаа. Үүнтэй зэрэгцээд мэдрэл судлалын хам шинж гэдэг нь байна. Мөн залуу хүмүүст зүрхний  цохилт  олшрох, үе үе зүрхээр хатгуулж өвдөх гэх мэтийн зовиур их байгаа. Шинээр бий болсон өвчлөлийн дараа олон жил дагаж судлаад,  гарсан үр дагаврыг нь судалдаг. Тиймээс гурван жилийн дараа судлаад тодорхой болно.

-Цус өтгөрөх явдал их байна гэх. Энэ нөхцөл байдал хэр яригдаж байгаа вэ?

-Ковидын халдварыг цочмогдуу, архаг гэж хуваадаг. Цочмог, цочмогдуу үед цус бүлэгнэлтийн хам шинж өвчлөлийн дараах хүндрэлдээ ороод байгаа. Хоёр сараас дээш бол харьцангуй бага. Насжилттай холбоотой, 55 болон түүнээс дээш насныханд цус өтгөрөл байдаг учраас тэр бол даамжрах хандлага байгаа. Тиймээс байнга үзүүлэх хэрэгтэй л гэж хэлэх байна. Цус өтгөрөлтийн эсрэг аспирин100-г уух ёстой. Ковидын дараах хүндрэл архаг суурь өвчтэй болон өндөр настай хүмүүст ихээхэн тохиолдож байгаа. Нэг зүйлийг  иргэдэд анхааруулахад өөрийнх нь суурь өвчин хүндэрсэн нөхцөлд ковидын дараах хүндрэл гэж андууран эмнэлгийн байгууллагад хандахгүй явсаар эргэн сэргэх боломжгүй болтол явж байна. Тиймээс өвдсөн л бол эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Архаг хуучь суурь өвчтэй бол ковид түүнийг улам хүндрүүлсэн байгаа учраас түүн дээрээ их анхаарал хандуулж эмчид хандах  ёстой гэдгийг л хэлмээр байна.  

-Хэрвээ ковидын дараах хүндрэлээ тоохгүй яваад байвал эрсдэл их гэдгийг л хэлээд байна уу?

-Аливаа өвчнийг эрт үе шатанд нь  илрүүлж,  эмчийн заавар зөвлөгөөний дагуу оношилгоо, эмчилгээнд хамрагдвал сайжрах боломж их байдаг. Хэтэрхий биеэ чагнадаг бүлэг хүн байхад, хэтэрхий өөрийгөө тоодоггүй нэг бүлэг хүмүүс байдаг. Тоодоггүй бүлэг хүмүүс өвчний үе шатаа хүндрүүлээд ирдэг. Эмч хичнээн аваръя гэвч ямар ч боломжгүй байдалд хүргэсэн байх нь маш харамсалтай байдаг. Тэгэхээр үүнийг л сайн бодох хэрэгтэй.

-Ковидын дараа заавал эмчид хандаж, шалгуулах нь зөв үү?

-Судалгаагаанаас харахад ковидоор өвдсөн хүмүүсийн дийлэнх нь энэ хүндрэлтэй  нөхцөл байдалд ороод байгаа юм биш, 30-40 хувьд нь илэрч байгаа. Энэ хүмүүс өөрсдийгөө анхаарч, үзүүлээд явах ёстой.Бусад нь өөрийгөө хэт чагнаж эмнэлгийн байгууллагад ачаалал үүсгээд байх юм биш биз гэдэгт болгоомжлох хэрэгтэй.

-Нөхөн сэргээх гэдэг нь ямар чиглэлрүү явж байгаа бол?

-Нөхөн сэргээх гэдэг маань пластик хагалгааг хэлээд байгаа юм. Манайх бол ковидын дараах сэргээн засах тусламж эмчилгээ гэж явж байгаа. Энэ нь эмийн эмчилгээ, физик хүчин зүйлийг ашигласан эмчилгээ, хөдөлгөөн эмчилгээ гэсэн хэсгүүдтэй. Хүн хөдөлгөөний дутагдалд орсон үед аливаа үйлдлийг олон удаа давтан хийж байж эргэн сэргэдэг. Сэргээн засах эмчилгээг эмчийн хяналтад эсвэл өөрийгөө хянаад хийх боломжтой байдаг. Иргэд зуны сайхан улиралд  хөдөө гадаа амралт, сувилал, нутаг орондоо очиж дархлаагаа сэргээж амарч алжаалаа тайлах  хэрэгтэй. 

-Ковид19-ийн халдвар амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Энэ өвчинг туссан хүмүүс амьсгалын замд өөрчлөлт орлоо, амьсгалахад хүндрэлтэй боллоо гэдэг, тэгэхээр иймэрхүү тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ тохиолдолд иргэд сэргээн засах эмчид очиж Ковидын дараах сэргээн засах заавар даган мөрдөх ёстой. Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 731 гэсэн заавар гаргасан байгаа. Энэ жилийн зургадугаар сард шинэчлэн гаргахаар бэлдэж байна. Тэрхүү заавар дээр сэргээн засахын эмч амьсгалын зовиурууд, ядралын үнэлгээ, амьсгаадалтын үнэлгээ, болон бусад үнэлгээг нэг бүрчлэн гарган тухайн хүндээ тохирсон эмчилгээний жорыг гаргаж өгнө. Иргэд эмч дээр очиход нийтлэг Ковидын дараа дасгал хийх хэрэгтэй гэсэн хариуг сонсдог. Гэтэл тухайн эмч маань сэргээн засахын эмч биш учраас амьсгалын дасгал, дасгал хөдөлгөөнийг үнэлээд нарийн жор гаргаж өгдөггүй. Бид антибиотик хэрэглэлээ гэж бодоход өдрийн хэдэн ширхэгээр хэдэн удаа аль цагуудад уухаа, өөр ямар эмтэй хавсарч хэрэглэж болох зэргийг бичүүлж авдаг шүү дээ. Ковидын дараах сэргээн засах эмчилгээ яг тэгж нарийвчлан хүрэх ёстой. Ямар амьсгалын дасгалын ямар хөдөлгөөний дасгалтай хослуулж өдөрт хэдэн цагаар хэдэн удаа хийх ёстой гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Ингэснээр нөгөө яриад байсан амьсгалын хүндрэлүүд болон бусад зовиурууд арилна. Дасгал хөдөлгөөний ачааллаа зөв тохируулахгүй, эмчийн зөвлөгөөгүй, сэргээн засах эмчид хандахгүй байгаагаас үүдэн биед хэт ачаалал өгөх, эсвэл нэг өдөр нь маш идэвхитэй дасгал хийгээд маргааш нь дасгалаа орхигдуулах үзэгдлээс үүдэн эсрэгээрээ амьсгалын замдаа улам хүндрэл  үүсгээд байна.

-Сэргээн засах төв сувилал дээр очиход  энэ бүх боломж иргэдэд байгаа юу?

-Сэргээн засах тусламж үйлчилгээний нэг хэсэг нь сувилал. Гэхдээ сувилал нь 100 хувь сэргээн засах гэхээсээ уламжлалт эмчилгээтэй хослуулж байгаа. Зөвхөн сэргээн засах тусламж үйлчилгээг Ковидын халдварын дараа авахыг хүсвэл мэргэжлийн сэргээн засахын эмчийн эрүүл мэндийн яамны сайдын гаргасан зааврийн дагуу  хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн хамтарсан багаар үнэлүүлж гаргасан зааврыг мөрдөх хэрэгтэй.  Манай сэргээн засах үйлчилгээ нь багын хамтарсан үйл ажиллагаанаас бүрддэг. Үүнд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл засалч, мөн хэл залгиурын үйл ажиллагааг засалч гэх мэт хүмүүсээс бүрддэг.

-Архаг суурь өвчтэй хүмүүс ковидын дараа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар явагдаж байгаа. Энэ үзлэгт хамрагдсан хүмүүс дотрын эмчийн дүгнэлтийг харах хэрэгтэй. Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч нар Ковидын дараах сэргээн засах эмчилгээний талаар харьцангуй сайн ойлголт мэдлэгтэй байгаа. Тэдгээр эмч нар эрүүл мэндийн сайдын тушаалтай танилцсан,  Ковидын дараах  хүндрэл өөрчлөлтүүд удаан хугацаагаар үргэлжлээд байвал дотрын эмч иргэдэд сайн тайлбарлаж өгөөд мэргэжлийн сэргээн засах эмчрүү илгээх арга хэмжээг авч байгаа.

-Хүмүүс ам дамжин нэг нэгнийхээ эмчилгээгээр өөртөө онош тавьж эмчлэх тал ажиглагддаг?

-Ачааллаа хэтрүүлэн дасгал хийх буруу дасгал хөдөлгөөн сонгосноос эргээд ядрал сульдалтын хам шинж үүснэ. Ачааллыг бага багаар,  аажмаар өсгөх хэрэгтэй. Жишээлбэл хамгийн энгийнээр тайлбарлахад Ковидын халдвараар хүнд өвдөөд сэхээний тасагт байгаа амьсгалын аппаратанд орсон үйлчлүүлгч байна гэж бодъё. Тэгвэл яг тэр сэхээний тасагт ямар дасгал хийж болох вэ гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй. Сахиур нь эсвэл өөрөө командаар бугуйгаа хөдөлгөх, шагайгаа хөдөлгөхөөс эхлээд гараа бага багаар өргөж буулгах аажмаар орон дээрээ босож суухаас эхлэн ойр зуур алхаж эхэлснээр хүнд үрэвсэл авч гэмтсэн уушиг хэвийн ажиллаж эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Ачааллыг тохируулах л хамгийн чухал. Ингэснээр хүндрэл, урвалаас сэргийлж үнэтэй зардал гаргах гадаад,  дотоод явж эмчлүүлэхээс сэргийлэх боломжтой байгаа юм. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваад, үнэлгээний аргуудаар үнэлүүлээд би аль дасгалыг хийх вэ гэдгээ маш сайн тодорхойлох нь чухал. Эм тариа хийлгээд намддаг энэ эмчилгээнд монголчууд нийтээрээ дуртай. Гэтэл манай сэргээн засах эмчилгээ бол өвчтөн төвтэй, таньд эмчилгээ зааж өндөг, дасгал зааж өгнө, эмийг нь хэлж, үнэлж өгнө. Та эмчийн заавраар тогтмол цагт нь уйгагүй хийж байж засарч, сайжирдаг. Ингэснээр та тэр гадаад, дотоодын өндөр үнэтэй эмчилгээнд орж эдийн засгийн хүндрэлд орохгүйгээс гадна өөрийгөө хэвийн байдалд оруулж амьдралын чанараа дээшлүүлэх бүрэн боломжтой гэдгийг үйлчлүүлэгчиддээ сайн хэлэх хэрэгтэй.

-Ковидын дараах нөхцөл байдал гэдгийг  үзэгчдэд дахин нэг маш энгийнээр тайлбарлавал?

-Ковидын халдвараар нас харгалзахгүй бүгд өвдсөн. Одоо зун цаг ирж байгаа тул аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал гэж хэлэх гээд байна. Агаарт гарч сайхан амарч, алжаалаа тайлах нэрээр баяр цэнгэлээ хэтрүүлж,  идэж хэрэглэх тал дээр болгоомжтой байгаарай. Үүнээс болж дархлаа навсайтлаа унана. Мөн зуны цагт нойр булчирхайн үхжил гэж аюултай өвчин залуучуудад их тохиолддог. Эрүүл унтлаганы дэглэм, эрүүл амьдралын хэв маягаа сайн баримтлаарай гэдгийг л онцгойлон залуучуудад  анхааруулж байна. Настай хүмүүс харьцангуй гайгүй, гэхдээ  настай аав, ээжээрээ зуны улиралд хүүхдээ  харуулж ядраах хэрэггүй.  Түүнчлэн айраг бол их чухал эмчилгээ, яагаад гэвэл уушигны эмгэг, сүрьеэ өвчтэй хүмүүст айраг эмчилгээ хийж байсан. Тиймээс зуны улиралд айраг,  цагаан идээгээ сайн хэрэглэж өв соёл дээрээ тулгуурлан дархлааг дэмжин, биед гарах өөрчлөлтүүдээс өөрийгөө бүрэн хамгаалаарай.