Морган Фрименийг Орост бүх насаар нь зорчихыг хориглолоо

Соёл урлаг, Спорт

Холливудын нэрт жүжигчин, өдгөө 85 настай Морган Фрименийг Орост бүх насаар нь зорчихыг хориглосон шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргасан байна. Нэрт жүжигчин Украинд явуулж байгаа оросын цэргийн ажиллагааг шүүмжлэн, украиныг дэмжиж байгаагаас гадна 2017 онд Оросыг АНУ-ын болон дэлхий дахины ардчиллын эсрэг байна хэмээн шүүмжилсэн дүрс бичлэгт оролцсоны нь төлөө оросын эрх баригчид түүнийг ийн хар жагсаалтад оруулжээ.

“Орос улс сөргөлдөөнийг эрэлхийлэлгүй, америкийн ард түмэнтэй ямагт харилцан бие биеэ хүндэтгэсэн ил тод яриа хэлэлцээний төлөө байдаг. Харин АНУ-ын эрх браигчдын зүгээс өдөөж байгаа оросын эсрэг үзэл санааг дэмжигчидтэй бол шударгаар харилцана. Ийм хүмүүс л оросын “хар жагсаалт”-д орж байгаа нь энэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.  ОХУ-ын энэ хар жагсаалтад нийт 963 хүн орсны дотор 2018 онд нас барсан сенатын гишүүн ч оржээ. Тэр бас л Орост “зорчих” эрхгүй болж байгаа юм байна.