Өр гэдэг олсны гогцоонд толгойгоо шургуулсан Монгол

Нийгэм, Эдийн засаг

 Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй “ гэлцдэг. Ийм ч учраас байсгээд л Монгол Улсын гадаад өрийн тухай асуудал босч ирдэг. Тэр бүрийд л улс төрчид, эдийн засагчид, иргэд санаа зовж цаашид өр тавихгүй байх тухай яриад эхэлнэ. Гэсэн хэдий ч “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг нам жим болж ажин түжин суудаг зантай. Хамгийн ойрын жишээ гэвэл энэ оны төсвийн тодотгол, Шри Ланка улс өрөө төлж чадалгүй дампуурлаа зарласан зэрэг үйл явдалтай зэрэгцээд бид “Ер нь манай улсын өр юу болж байна. Дампуурсан улсын араас шил дараад давхиж яваа юм байна шүү” хэмээн хэсэг шуугиад намжлаа. Тэгвэл Монгол Улсын гадаад өр  2011 онд 9.7 тэрбум ам.доллар байж. Харин өнөөдөр 3.4 дахин нэмэгдэж 33.2 тэрбум ам.долларт хүрчхэж. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн онд л гэхэд гадаад өр нэг тэрбум ам.доллараар нэмэгджээ. Ингээд зөвхөн энэ онд л гэхэд зээлийн хүүд 1.2 их наяд төгрөг төлж байгаа юм.

Улс орнуудын өрийг ДНБ-нийх нь хувьд харьцуулан тооцож дээд хязгаар тогтоосон байдаг.  Тэгвэл манай улс өнгөрсөн оны төсвийн тодотгол батлах үеэр өр зээл тавьж болох дээд хязгаарыг нь нэмэгдүүлсэн. Тодруулбал,

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа 2021-2022 оны төсвийн жилүүдэд 70 хувиас хэтэрч болохгүй. Харин 2023 оны төсвийн жилд 60 хувиас хэтрэхийг хориглож буй. Өрийн дээд хязгаар өндөр байгаа энэ эрсдэл нь ирэх 2023-2024 онуудад ирэх магадлалтай юм. Уг нь өнгөрсөн онд өрийн тааз буюу хамгийн ихдээ ДНБ-ний 60 хувьтай тэнцүү болох ёстой байлаа. Гэтэл өнөөдөр энэ хэмжүүр нь 70 хувьд хүрчхээд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх баригчид  олонх л дэмжвэл энэ хэмжүүрийг дураараа өөрчилж ямар нэгэн тоо тавьчихдаг хандлагатай болсон байна. Энэ нь зүгээр л өөрчлөөд нэг тоо гаргаад тавьчихдаг  асуудал биш. Улс орны нийгэм, эдийн засаг, цаашлаад тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд шууд нөлөөлдөг зүйл. Нэг ёсондоо  анхаарч шийдэхгүй бол болохоо болилоо шүү, энэ хязгаарыг давбал эрсдэлд орно  гэж анхааруулах дохио гэж хэлж болно. Энгийнээр хэлбэл бид банкнаас зээл авахад орлого, зарлагын харьцааг тооцон үздэгтэй утга нэг гэсэн үг. Өөрийн төлж чадах хэмжээний зээл авахгүй л бол эргэн төлж чадахгүй дампуурч мэднэ гэсэн анхааруулга юм.

Ийм ч учраас эдийн засагчид болон  олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд  “Монгол Улс өрийн удирдлагагүй, бодлогогүй, хяналтгүй явж буй нь нь ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах асуудал”  гэж онцолдог, анхааруулдаг, зөвлөдөг.  Харамсалтай нь өнөөг хүртэл үүнийг үе түеийн Засгийн газрууд тоосонгүй. Өөр өөрсдийн автор, чамин гоё нэртэй бондууд гадаад зах зээлд гаргаж тэрбум, тэрбум ам.долларын өр тавьсаар ирлээ.

Шинээр өр тавихдаа өмнөх өрөө төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Ийм учраас өмнөх өрүүд нэхэгдэх цаг тулсан өнөө үед Засгийн газар  бонд худалдан авагч нартай хэлэлцээ хийж төлбөрөө хийх хугацааг нь сунгах   талаар ярилцаж сууна. Хойшлууллаа гэхэд тодорхой хэмжээний төлбөр төлөх нь мэдээж. Энэ нь урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн л явдал. Яг л ломбардад тавьсан ээмэг, бөгжөө тавиад туучихгүйн тулд хүүг нь төлөөд хугацааг нь сунгадагтай агаар нэг. Иймд нөгөө л үндсэн өр нь хэвээр, төлөх хугацаа нь хойшилно гэсэн үг. Ёстой л “Сүх далайтал үхэр амар” гэдэг хэлц үг шиг гэж хэлж болно. Нөгөө талаар төрийн албанд улс төрчид, том дарга нарын ах, дүү, төрөл садан, янаг амрагууд шигдэж улс орны гэхээс илүүтэй өөрийн эрх ашгаа эн тэргүүнд тавьдаг нөхдүүд олширсон. Тэгээд гадаадаас өр зээл тавьж авсан бондын мөнгийг бөөн бөөнөөр нь өм цөм хумслаад оффшор дансанд аваачаад хийчихдэг гэсэн шүүмжлэл нийгэмд газар авсан билээ. Тэднийг иргэд нэр ус, нутаг нуга, ураг садан, явдал мөрийг нь нэгд нэгэнгүй тоочдог, мэддэг гэж хэлж болно.

Манай энэ байдал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж хэл амны бай болоод байгаа Шри Ланка /Цейлон/ улсын замаар явж  буйг илтгээд буй юм.  Ямар сайндаа л өнөөдөр УИХ нь дарга нь сандарч чуулганы индэр дээрээс Монгол Улс өрөө төлж чадахгүйд хүрч мэдэх боллоо гэхэв дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар  "2030 он гэхэд бид Монголоос хөөгдөж, эх орондоо амьдарч чадахгүй байдалтай болно. Өрийн тойрогт орсон байна гэж хэлэх гээд байна. Би үүнийг олон удаа анхааруулж байгаа. Өрийн удирдлагын стратегитай болно. Бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар байгаад сагсан бөмбөгийн онол шиг, эргэлдэх тусам өр нэмэгдсээр байх байдал бидэнтэй нүүр тулаад байна. Монгол Улс 2011 онд  9.6 тэрбум ам.долларын өртэй байсан юм билээ. Энэ өр нэмэгдсээр  2030 он гэхэд 40 тэрбум ам.долларт хүрэх төлөв бий. Одоо 33 тэрбум ам.долларын өртэй болсон. Засгийн газрын, хувийн хэвшлийн  өр гэж манайхан ялгаад байдаг. Төлбөрийн тэнцлээр эцэстээ Монголоос л валют гарна шүү дээ. Тэр дотроо өөрсдийгөө бүр ялгаад  аргалдаг болчихсон байгаа юм. Энэ байдал л биднийг хуурч, өрийн хавханд оруулж байна. Экспорт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж төсвийн алдагдлаа бууруулах, өрөөс салах бодлого тууштай хэрэгжүүлэх асуудалд одоо анхаарах ёстой. Төсвийн алдагдлыг багасгаж чөтгөрийн тойргоос гарахгүй бол болохгүй нь. Монголбанк ам.доллар хэвлэхгүй. Алт, зэс нүүрсний үнээр өнөөдөр бид аргацааж байна” гэв. 

Тэгвэл бид өнөөдөр өрөө төлж чадалгүй дампуурсан улсыг “Ёстой нэг баларч байна даа. Арчаагүй ард түмэн юм” хэмээн ёжлох, шоолохын завсар үг чулуудах биш өөрсдөдөө дүгнэлт хийх цаг иржээ. Бид өнөөдөр бусдын толгой дээрх тэвнийг олж харах бус өөрийн толгой дээрх бухлыг олж хараад алдаагаа даруй засахыг энэ цаг үе шаардаж байна. Монгол Улс өнөөдөр өр гэдэг олсны гогцоонд толгойгоо углаад зогсч буй хүн шиг л болсон гэдгийг дээр дурдсан тоо баримтууд бэлхнээ хэлээд өгч байна.