Нохойн баас...

Эрэн сурвалжлах

Бид нохой бол хүний дотны нөхөр гэдэг. Ийм ч учраас орон сууцанд, гэр хороололд амьдарч буй иргэд сүүлийн үед олон янз үүлдрийн нохой тэжээх болсон. Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг иргэдийн нарлан суудаг газар, хүүхдийн тоглоомын талбайгаар салхилуулж шээлгээд, баалгаад явах нь ердийн үзэгдэл болон хувирчээ. Хамгийн аюултай нь түүнийг нь тэр даруйд нь аваад хийх гялгар уут, савгүй явна. Тэндээ шингээд үлдэнэ биз гэсэн бодлоор хээв нэг хаячхаад алхдаг нь харамсалтай.  Түүнийг нь цэвэрлэх шаардлага тавьсан нэгнийг хэл амаар доромжлох бүр энүүхэнд. Бүр барьж аваад зодчихож ч магадгүй байсан тухай бичвэр, бичлэг, зураг хөрөг нь  цахим орчинд цахилж яваа нь элбэгшжээ. Нохойнхоо өтгөн, шингэнийг цувуулж орхиод шаардлага тавьсан нэгнийг  аашилж  загнаад явдаг  нөхдүүд ч өөрсдөө тэр орчинд амьдарч нэг л агаараар амьсгалж буй гэдгээ ямагт санах хэрэгтэй. Харин бидний шүтэн бишрээд, шагшин магтаад байдаг орнуудад нохой салхилуулах тусгай газартай, ялгадсыг нь авах зориулалтын багаж, хийх  сав, ууттай  явдаг. Тэр ч бүү хэл амьтан тэжээсний татвар авдаг орон ч бий. Гэтэл манайд хүүхэд тоглох, нялх үрсээ цэвэр агаарт гаргах, иргэд нарлах, залуус болзох газарт нохой хөтөлсөн нөхдүүд өтгөн, шингэнийг нь савируулаад түүнийг нь цэвэрлэхгүй, тоохгүй байгаа нь гутамшигтай бас аюултай. Монголчууд доромж маягаар аливаа юмыг дорд үзэхдээ “Аа муу нохойн баас” хэмээдэг. 

Тэгвэл шинжлэх ухаанд нохойн баас нь байгаль орчинд аюултай гэж үздэг. Энэ нь түүний найрлагтай холбоотой.

Нохойн баас нь нүүрс ус, эслэг, уураг, өөх тос зэрэг шингээгүй хоол хүнснээс бүрдэнэ. Мөн хоол боловсруулахад шаардлагатай олон төрлийн бактери агуулж байдаг аж.

Эдгээр бактери нь таталт, суулгалт, гэдэс, бөөрний өвчин, тэр ч байтугай бохирдсон ус залгисан хүмүүсийг  үхэлд хүргэх аюултайСудалгаагаар нохойн хог хаягдал нь паразит, дэгээ хорхой, туузан хорхой, дугуй өт, кампилобактериоз, сальмонелла зэрэг нянгийн өвчин тарааж болохыг баталсан  байна. Нохойн баасанд байдаг дээрх  шимэгчдийн өндөг олон жилийн турш хөрсөнд амьдрах чадвартай бөгөөд халдвар тархаах эрсдэл дагуулсаар байдаг аж. Ийм учраас нохойн баасыг тэр даруйд нь цэвэрлэж зориулалтын хогийн саванд хийдэг. Энэ нь нохой тэжээдэг хүн бүрийн үүрэг. Тэгэхээр монголчууд хэл яриандаа доромж байдлаар хэрэглэж ирсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм.

Өнөөдөр хот, суурин газрын гэр хорооллын хашаа бүхэнд нохой бий. Бас эзэнгүй тэнэмэл нь ч олон. Ажилсаг гэрийн эзэн, хороо хорины дарга даамлууд нохойн баас, хог хаягдлаа тэр даруйд нь цэвэрлээд явдаг. Ийм хариуцлагатай хүн тун цөөхөн нь тоогүй. Гэр хорооллоор явахад хашааны булан тохойд хатаж өгөршсөн нохойн баас буюу жогорхой бөөгнөрсөн харагдах нь элбэг. Ялангуяа урин дулаан цагт нохойн баасанд агуулагдах бактери идэвхжиж, агаар, ус, хөрсний бохирдлоор дамжаад бидний биед шингэж буй гэхэд хилсдэхгүй л болов уу. Бидний дунд шимэгчээс үүдэлтэй өвчин туссан нь олон байдаг. Үүний нэг гол эзэн холбогдогч нь өнөө гайхал нохойн баас байхыг үгүйсгэх араггүй. Хамгийн гол нь манай улсад иргэд, ялангуяа нохойтой ойр, наадаж тоглодог хүүхэд, иргэд түүнээс халдварт өвчин туссан эсэх талаар тандалт  хийсэн эрүүл мэндийн тоймтой судалгаа  алга. Тэгэхээр эрүүл мэндийн судалгааны төв, хүрээлэнгүүд ч үүнд нэг анхаарал хандуулаад үзэхэд илүүдэхгүй буй заа. Бас нохой тэжээдэг иргэд ч хариуцлагатай байх үүрэгтэй. Та, таны үр хүүхэд, ойр дотны хүмүүс ч бас нохойн баастай орчинд амьдарч, тоглож наадаж, тэр агаараар амьсгалж яваа шүү дээ.