Ажил олгогчийн гажуудал ба ажлын байрыг халсан халамж

Нийгэм, Эдийн засаг

Урин дулаан цаг ирж манай улсын хөдөлмөрийн зах зээл ид хөдөлгөөнд орж байна. Хаа сайгүй барилгын ажил эхэлж, малчид ямаагаа самнах, хонио хяргах, малаа сааж сааль сүүгээ борлуулах ажил өрнөв. Энэ хэрээр ажилтан авах зар байдаг ч  ажил хийх хүн алга хэмээн цахим орчинд, хэвлэл мэдээллээр ажил олгогчид ярих боллоо. Үүнтэй зэрэгцээд “Монголчууд залхуу хойрго, ажил хийж сураагүй. Ийм байхад яаж хөгжих юм бэ” гэсэн шүүмжлэл ч гарч байна.  

Гэхдээ үүнийг олон талаас нь харах хэрэгтэй. Тухайлбал, барилгын ажилчдад боломжийн буюу сард 1.5-2.5 сая  хүртэлх цалин амладаг гэх. Гэтэл цагаа тулахаар ажлаа хийсэн хүмүүст тэр амласан цалингаа өгдөггүй. Аар саар шалтаг, шалтгаан тоочоод хасдаг, бүр хоёр гурван сар ажил хийлгээд нэг сарын цалин өгдөг  тал бий. Олон жил барилга дээр ажилласан, бригад ахалж явдаг хүмүүс ажил олгогч нарын энэ башир аргыг андахгүй. Бас хэн яаж “луу унждаг”-ыг ч сайн мэднэ. Иймд урьдчилгаа авах, цалингаа бүтэн өгөх баталгаа гаргуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэргээр ажиллах нөхцөл тавьдаг гэж байгаа. Оюутнууд зуны амралтаар барилгын бригадад орж ажиллаад сургалтын төлбөрөө олох сонирхол ч их бий. Мөн өвөл амарч урин дулаанд барилгын ажил хийж амьдарлаа залгуулдаг хүмүүс ч олон. Ийм байхад ажилтан олдохгүй байна гэж ярьдаг, ярьж буй ажил олгогчид байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь “Ажиллах хүчин олдохгүй биш. Ажил олгогчийн гажуудалд орчихсон” хэмээн эдийн засагчид хэлдэг. Мөн ажлаа хийчхээд цалингаа авч чадалгүй хууль хяналтын байгууллагаар явж залхсан иргэд ч ярьдаг. Бас хагас цалингаар, түүнийгээ ч өгөхгүй дадлагажуулж байна хэмээн хүний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэх явдал элбэг гардаг.

Малчдын хувьд ч ажлын байр гардаг улирал ирлээ. Гэхдээ их өвөрмөц онцлогтой. Мал аж ахуйн ажил хийх хүн сумын төвд тэр байдаггүй. Нэг бол алт ухах гээд төмпөн сав, хүрз, зээтүү ганзагалаад машин, мотоцикл хөлөглөөд алга болж өгнө. Эс бөгөөс сумын төвийн дэлгүүр хоршоо, худагний үүдээр эргэлдэж нэгнийдээ хонуут өнжүүтээр мөрийтэй хөзөрдөөд явчихдаг талтай. Тэдний гол орлого нь хүүхдийн мөнгө, халамж, хүнсний талон. Арга ядахдаа айлд тавьсан арав,  таван малаасаа нэгийг нь нударчихна. Дэлгүүр хоршоонд халамжийн дэвтрээ барьцаалчихна. ХНХЯ-ны мэдээлэлд дурдсанаар нэг сумын төвийн хүн амын 50 хувь нь ямар нэг халамж төрөөс хүртдэг талаар дурдаж байлаа. Иймд өнгөрсөн хавар нэг ямааг 15 мянган төгрөгөөр самнуулах гэхэд хүн олдохгүй байсан тухай нэгэн мянгат малчин ярьж байхав дээ. Одоо сааль сүүний цаг боллоо. хэдэн малаа саахгүй бол зэрлэгшээд бүр хэцүүднэ. Сард 500 мянган төгрөгийн цалин өгье. Сүү цагаан идээгээ борлуулаад ав. Дээрээс өвлийн идшийг нь бүтэн даана. Хонь, малд явахгүй зөвхөн мал л саа гэхэд ажил хийх хүн олдохгүй байгааг учирлах нь энүүхэнд.

Тэгэхээр халамжийн талаар хэдэн үг дурдахгүй бол болохгүй нь.  ХНХЯ-наас айл өрхүүдэд олгож буй хүнсний талонд шалгалт хийжээ. Тэгээд 200-аас дээш толгой малтай, хоёр машинтай, орон сууцтай 56 мянган иргэн байсныг илрүүлж халамжаас хассан байна. Нэг өрхөд хүнсний талон олгохдоо том хүнийг 32, хүүхдийг 8000 мянган төгрөгөөр боддог. Энэ халамжийг сар бүр өгнө. Зөвхөн хүнсний талоноор тооцоход л нэг хүүхэдтэй эр, эм хоёр сард 70 мянган төгрөгийн хүнс үнэгүй авч байна гэсэн үг. Үүн дээр хүүхдийн мөнгө, хөдөлмөрийн чадвараа алдсаны халамж гээд нэмбэл яаж ийж байгаад сард 500-600 мянган төгрөг улсаас авч амьдардаг өрх олон. Ялангуяа хөдөө орон нутагт ийм байдал бүр газар авсан гэж байгаа. УИХ-ын чуулган дээр Хөвсгөл аймагт  дөрвөн ам бүлтэй мянгат малчин сар бүр хүнсний талон, элдэв халамж авч байгаа тухай жишээ яригдаж байсан удаатай. Ийм байхад орон нутагт ажил хийгээд амин зуулгаа залгуулна гээд явах хүн олдохгүй байх нь тодорхой. Халамж ингэж хэтийдэж буйд танил талаа харах, намчирхах зэрэг асуудал нөлөөлдөг бололтой. Иймд халамж авч байгаа хүнээс гадна халамжид оруулж өгдөг цаад эздийг нь олж тогтоох ёстой бус уу. Цаашид ийм шударга бус үйлдэл гаргасан төрийн албан хаагчдад хатуу шийтгэл ногдуулах ёстой. Ингэж байж ХНХЯ-наас яриад байгаа “Халамжаас хөдөлмөрт шилжинэ” гэсэн бодлого сая цааснаас, аман ярианаас бодит амьдрал дээр буух хөрс нь бүрдэх буй заа. Ажил ажлын байрны талаар энд зөвхөн хоёр жишээ л дурдлаа. Цааш нь бичээд байвал асар их цаг, зав, цаас орох нь тодорхой. Эцэст нь хэлэхэд НХХЯ-нд цаашид ажил олгогчдын гажуудлаа засах, хөдөө орон нутгийн ажлын байрны талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр нэн даруй хэрэгтэй байгааг эндээс харж болох нь.