Матвиенко: Оросын аюулгүй байдал хангагдсан, НАТО өргөжихөөс айхгүй

Дэлхийн мэдээ

  Финлянд, Швед улсууд Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-д элсэх өргөдлөө лхагва гарагт тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергт гардуулсантай холбогдуулан ОХУ-ын Холбооны зөвлөлийн спикер Валентины Матвиенко байр сууриа илэрхийлсэн байна. Түүнийхээр бол энэ хоёр улс НАТО-д элссэн нь Оросын зүгээс тэнд байрлуулах зэвсэгтэй тэнцэнэ гэнэ.

“Юуны өмнө НАТО энэ хоёр улсын нутаг дэвсгэрт ямар төрлийн хэдий зэвсэг байрлуулахаас шалтгаалж Оросын үзүүлэх нөлөөллийг түүнтэй тэнцүүлэх юм. Гэхдээ Оросын аюулгүй байдал бүрэн хангагдсан гэдгийг хэлэх ёстой” гэж Матвиенко “Извести” хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүний өмнө НАТО-гийн ийн өргөжиж байгаа нь Европын аюулгүй байдалд нэг их аюул дагуулахгүй гэж мэдэгдсэн. Швед, Финлянд улсууд НАТО-д элссэнээр Оросын оршин тогтноход  нэг их аюул биш гэсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистётой утсаар ярих үедээ Финландын аюулгүй байдалд хэн ч заналхийлээгүй байхад тус улс төвийг сахих уламжлалт бодлогоосоо татгалзаж байгаа нь алдаа гэж онцлон тэмдэглэсэн юм.

Путиныхаар бол тус улс гадаад бодлогодоо ийм өөрчлөлт хийж байгаа нь олон жилийн туршид харилцан ашигтай байсан орос-финляндын сайн хөршийн харилцаанд  сөрөг нөлөө үзүүлнэ гэнэ.