Украинчууд бут цохин хөөж Харьков мужид улсынхаа хил дээр очлоо

Дэлхийн мэдээ

Украины салбар ангиуд Оросын цэргийн тусгай ажиллагаагаар Украины хилд нэвтэрсэн Кремлийн булаан эзлэгчдийг няцаан хөөж Харьков мужийн нутгаар Украины хилд тулж очлоо хэмээн Украины Батлан хам­гаалах яам мэдээлснийг news.online.ua хэвлэл дамжуулжээ. 

Өнөөдөр манай 127 дугаар бригадын 227 дугаар батальон  булаан эзлэгчдийг хөөн, улсынхаа хилд тулж очлоо. Ноён Ерөнхийлөгч өө, бид чадлаа. Бид хил дээрээ ирээд миний  дэргэд дүрэмт хувцас­ныхаа ард 910/1 гэсэн тэм­дэг­лэгээтэй хилчин зогсч байна гэж  газар нутгаа хам­гаа­лагч­дын нэг онцолсон байна.  

Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын эзлэн түрэмгийлэгч армийн хүч бараг шавхагдаж дуусаад, одоо хийж байгаа Донбасс дахь довтолгоо нь Кремлийн эзлэн түрэмгийлэгчдийн сүүлчийн томоохон довтолгоо болж байна гэж дэлхийн тэргүүлэх шинжээчид үзэж байна. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд Оросын арми украины зэсэгт хүчний түрэлтээр Харьковыг орхисон бол Донбасс дахь тулааны бүсэд бараг урагшилж чадаагүй байна. 

Филадельфийн Гадаад бод­лого судлалын хүрээ­лэн­гийн эрдэм шинжилгээний ажилтан Роберт Лигийн хэлж байгаагаар бол ОХУ-ын арми Северодонецкийн чиглэлээр л  Украины газар нутагт гүн цөмөрч багагүй амжилтад хүрсэн гэнэ. Гэсэн ч Умард Донец голыг гатлах гэсэн Оросын булаан эзлэгчид цэргийн 70 орчим техникээ устгуулж, бие бүрэлдхүүнээсээ олон дайчныг алджээ. 

Оросын цэргийнхэн Изюмын дэргэд давшихаасаа татгалзаж, Умард Донец голыг гатлах гэсэн оролдлогоо орхиход хүрсэн гэж Вашингтоны Тэнгисийн цэргийн судалгааны төвийн судалгааны хөтөлбөрийн удирдагч Майкл Кофман бичиж байна. Донбасс дахь оросын армийн довтолгоо тасарч, украины газар нутгаас шинэ шинэ газар эзэлнэ гэсэн төлөвлөгөө нь дампуурч байна гэж шинжээч бичжээ. Энэ дайнд оролцож байгаа оросын армийн сүүлийн нөөц хүч Донбасс дахь ажиллагаанд оролцож байна гэж Кофман хэлж байгаа юм. Оросын хувьд одоо гурван сонголт байгаа, нэгдүгээрт байдлыг улам хурцатгах, хуучин тактикаа үргэлжлүүлэн дайрах, эсвэл хурцадмал байдлыг бууруулах явдал. Үгүй бол оросууд энэ дайнд эргэлт гаргах ямар ч боломж байхгүй. Минийхээр бол   таагүй шийдвэр л гаргах хэрэгтэй болно гэж Кофман тэмдэглэжээ. Орос үнэндээ дайнаа үргэлжлүүлж чадахгүйд хүрээд байна. Украины зэвсэгт хүчин сөрөг давшилтад орлоо. Украинчуудын хувьд өргөн хэмжээний сөрөг давшилтад орох чадамж, боломж ч бий гэж Кофман хэлж байна. Ингэхээр оросын армийн хувьд Украин дахь нөхцөл байдал улам муудсаар байна. 

Хэдийгээр оросын арми их хэмжээний хохирол амсч байгаа ч цэргүүд нь олноороо бууж өгсөн, олзлогдсон тохиолдол гараагүй болохоор ОХУ тийм ч амархан ялагдана гэж Кофман хүлээхгүй байна. Украины хохирол ч мөн ялгаагүй их байгаа.  Оросууд цэргийн байгууламжууд, эдийн засгийн бүсүүдэд цохилт өгч, усан боомтуудыг хааж байгаа. Нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч байдал украины талд ашигтай эргэж байна. Ийм байдлаар нөхцөл байдал ОХУ-ын эдийн засагт ихээхэн хортой үр дагавар авчрах тал руу эргэж байна гэж Кофман онцлон тэмдэглэжээ. 

Харин Роберт Ли болохоор Кремль ичсэн нэрэндээ Украин руу дайрсан зорилгынхоо нэг хэсгийг  ч болтугай биелүүлэх гэж чармайж байгаа гэнэ. Оросын тал энэ сөргөлдөөнөөс гарах тухайн боломжийг ашиглаж чадаагүй болохоор одоо энэ зорилгынхоо хагасыг ч болтугай биелүүлэх гэж зүтгэнэ. Гэхдээ одоо нөхцөл байдал улам муудна. Оросууд зорилгынхоо аль нэгэнд хүрнэ гэж бодохгүй л байна гэж Ли онцолсон байна.