Путин: Финлянд төвийг сахих бодлоноосоо татгалзсан нь алдаа

Дэлхийн мэдээ

ОХУ-ын тэргүүн Путиныхаар  бол Финлянд улс НАТО-д элсэх гэж байгаа нь олон жилийн туршид сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаатай байсан орос-финляндын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэнэ. Финляндад аюулгүй байдлын ямар ч аюул нүүрлээгүй байхад тус  улс төвийг сахьсан уламжлалт бодлогоосоо татгалзаж НАТО-д элсэх болж байгаа нь алдаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистётай утсаар ярих үеэрээ  мэдэгдлээ гэж Кремль албан ёсны сайтаараа мэдээлжээ. “Тус улс гадаад бодлогодоо хийсэн ийм өөрчлөлт нь олон жилийн туршид сайн хөршөөр оршиж ирсэн орос-финляндын харилцаанд сөргөөр нөлөөлөж мэдэх юм” гэж Путин хэлснийг мэдээлэлд иш татжээ.

Харин Финляндын Ерөнхийлөгч Ниинистё оросын тэргүүнд хандаж Финлянд улс НАТО-д элсэх өргөдлөө өгөх талаарх шийдвэрээ ойрын үед гаргана гэсэн байна. Финийн ерөнхийлөгчийн тамгын газар ийм шийдвэрийг улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал гэж үзэж байгаа юм.

Путин, Ниинистё хоёр утсаар ярих явцдаа Украины нөхцөл байдлын талаар бас ярилцсан байна. Орос-Украины төлөөлөгчдийн хэлэлцээрийн тухайд Оросын тэргүүн “Үндсэндээ зогссон” гэсэн үнэлгээ өгчээ.

Финлянд улс НАТО-д элсэх өргөдлөө  тун удахгүй өгнө гэж  Ерөнхийлөгч Саули Ниинистё болон Ерөнхий сайд Санна Марин хоёр тавдугаар сарын 12-нд мэдэгдсэн. Финляндын Гадаад хэргийн яам  энэ тухайд “Оросын эхлүүлсэн цэргийн ажиллагаа нь бүхий л Европын тогтвортой  байдалд аюул учруулж байна” гэжээ. Швед улс мөн НАТО-д элсэх өргөдлөө тавдугаар сарын 16-нд  өгч магадгүй хэмээн Expressen хэвлэлд бичжээ.

Финлянд болон Шведийг НАТО-д элсэхийг АНУ дэмжиж байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ч тус хоёр улсыг өргөдлөө өгсөн тохиолдолд элсүүлэх ажлыг шуурхай гүйцэтгэнэ гэж  амлаад байгаа юм.

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган л энэ хоёр орныг эвсэлд элсүүлэх нь тийм таатай биш гэсэн байна. Түүнийхээр бол скандинавын орнууд “террорист байгууллагын хувьд орогнох таатай орон” гэнэ. Турк улсад хориглодог Курдистаны ажилчны нам нь Шведэд ажиллаж, тэр бүү хэл парламентад суудалтай гэж тэр сануулжээ.

Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович бас Швед, Финлянд улсууд НАТО-д элсэх нь “аюултай явдал” гэсэн байна. Түүнийхээр бол энэ хоёр орон Боснии болон Герцеговини дахь сонгууль боснийн хорватуудын ашиг сонирхлын төлөөх хуульд өөрчлөлт оруулалгүйгээр НАТО-д элсэж чадахгүй гэнэ.

Хельсинкийн  НАТО-д элсэх гэсэн хүсэл нь Кремлийн хувьд аюул гэж үзэж байна. Умард Атлантын эвслийн цэргийн дэд бүтэц ямар үйлдэл хийх, эгнээгээ өргөжүүлэх үйл явц хэрхэхээс Москвагийн үйл ажиллагаа  шалтгаална гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна.