Ч.Мишээл: Хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлдэг

Соёл урлаг, Спорт

Сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч, цөөнгүй хит дуу гаргаад буй Ч.Мишээл өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзыг уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулж байна. Шоуны эхний шатанд тэрбээр Мэрайя Кэриг тайзнаа амилуулж, “Чамгүйгээр” дууг нь дуулсан. “Ёстой ялгахын аргагүй адилхан байлаа. Дуулалт, жүжиглэлт, хувиралт төгс гэхэд хилсдэхгүй байх. Бараг л Мэрайя Кэригээс илүү дууллаа” гэж үнэлж, дэмжиж буй хүн олон. Энэ янзаараа “Яг түүн шиг” шоуг өнгөлөх хамгийн өндөр магадлалтай оролцогч, “хатуу самар”-ын нэг нь Ч.Мишээл байх нь. Ийнхүү энэ дугаарын өдрийн хүнээрээ дуучин Ч.Мишээлийг онцолж байна.

Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин монголын урлагийн салбарт гялалзаж буй залуу оддын нэг  билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны артист. Түүгээр ч зогсохгүй Б.Чинбатын хань, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь. Түүний тайзны нэр нь “Michelle”. Ч.Мишээл “Шинэ үе” дунд сургуулийг төгссөн бөгөөд түүний аав нь чех, ээж нь монгол хүн. Дуучин болохыг багаасаа мөрөөдөж мөрөөдлөө биелүүлэхийн тулд багадаа “Хүүхдийн ордон”-ы дугуйланд явдаг байжээ. “My voice” шоунд 2016 онд оролцон, олны хараанд анх өртсөн. Тус шоуны эхний шатанд “Содура” киноны дууг дуулхад түүний хоолой, өөрийн байгаа байдал нь онцгойрч чадсан. Дараа нь “Төгс төгөлдөр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Урвахгүй” дууг дуулсан нь мөн л шуугиулсан. Шоуны үеэр “Хүн дууг хоолойгоороо бус сэтгэлээрээ дуулдаг гэж би боддог” гэж хэлж байв. Тэрбээр “My voice” шоуны шилдэг 21 оролцогчийн нэгээр тодорсон. Энэ бүгд нь монголын урлагийн салбарт нэгэн залуу од торнихын эхлэл нь байлаа. Ч.Мишээл урлагийн карьераа алдарт “Никитон” хамтлагаас эхлүүлсэн. “Никитон” хамтлагийн нэгэн тод өнгө, эд эс нь тэр яах аргагүй мөн. “Никитон”-ынхон “Nicitin no service” шоунд оролцоход Ч.Мишээл дэлгэцийн өмнө дахин гарч ирсэн. “Michelle” 2020 оноос “One music” продакшны артист болж, Б.Чинбат, Ц.Сарнай нартай хамтарч буй. Энэ үеэс ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа. Түүний анхны уран бүтээл нь “Санаж байна уу” дараа нь “Хүслээ бод”,  "Чи амласан", “Ээж” зэрэг уран бүтээлээ гаргасан нь урлагийнхнаас ихээхэн өндөр үнэлгээ авсан.

 Дууны шүлгээ өөрөө бичдэг нь түүний бас нэгэн онцлог. Ч.Мишээл “Чи амласан” зэрэг хэд хэдэн дууныхаа үгийг өөрөө тэрлэжээ. Дууныхаа шүлгийг өөрөө бичих нь түүнд хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлэх боломж олгодог гэнэ. “Michelle” өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзнаа гялалзаж байна. “Никитон”-ы гитарчин Өөжгий түүнийг эл шоунд оролцуулахыг санал болгож хамтлагийн ахынхаа саналыг Ч.Мишээл уриалагхан хүлээж авсан.

Ийм нэгэн залуу од “Яг түүн шиг”-ийн тайзнаа шуугиулж, хүчирхэг, уянгалаг хоолой, этгээд, эгэл бус хэв маягаараа бусдаас ялгарч байна. СОНИРХУУЛАХАД