Шашны хөгжмийг бийтбокстой хослуулдаг хувраг вайрел болж байна

Соёл урлаг, Спорт

Йогетсу Акасака хэмээх 37 настай Японы буддын шашны хуврагийн YouTube хуудсандаа оруулсан Heart Sutra Live Looping Remix хөгжим вайрел болж байна. Тэрбээр бясалгалд зориулсан хөгжим зохиодог бөгөөд шашны хөгжмийг бийтбокстой хоршуулснаараа хүмүүсийн анхаарлыг татжээ.

Акасака "Олны анхаарлыг өвөрмөц хөгжмөөр татахыг хичээгээгүй. Зүгээр л хөгжмийн сонирхлоо үргэлжлүүлэхийг хүссэн юм. Зарим хүн гитар, бөмбөр тоглодогтой адил би жирийн нэг үзүүлбэр үзүүлж байгаа хүн" гэж ярьжээ.

Тэрбээр хувраг болохоосоо ч өмнө бийтбокс, DJ хийдэг байсан гэнэ. "Нэг найз минь надад Японы Афра гэдэг бийтбоксчин залуугийн CD-г өгсөн юм. Хүмүүс ийм зүйл хийж чадаж байгаа нь намайг гайхшруулсан. Тэгээд өөрөө оролдож үзтэл энэ тал дээр авьяастайгаа олж мэдсэн" гэжээ. Энэ явдал 15 жилийн өмнө болсон бөгөөд тэр үед Акасака дөнгөж 20 гаруй настай байсан аж.

Японд гэр бүлээрээ сүмтэй холбогдсон, сүмд амьдардаг хүмүүс ихэвчлэн хувраг болох замыг сонгодог байна. Харин Акасакагийн эцэг жирийн нэгэн байсан бөгөөд хожим нь лам болох замыг сонгожээ. Акасака ч эцгийнхээ үйл хэргийг залгамжлахаар шийдэж хувраг болсон гэнэ. Энэ сонголтыг хийхээс өмнө тэрбээр Япон, Австрали, АНУ-д амьдарч, бийтбокс хийдэг байжээ.

Хэдийгээр шашны хувраг болсон ч хөгжим түүний хувьд насан туршийн хүсэл мөрөөдөл, сонирхол нь байсан тул энэ хоёр үйл хэргийг хослуулахаар шийдэж, бийтбокстой хоршуулсан шашны хөгжим хийж эхэлжээ. Өдгөө тэрбээр дэлхийн өнцөг булан бүрд шүтэн бишрэгчтэй уран бүтээлч лам болоод байна.

Эх сурвалж: Vice