Далайн давлагаа хөлөглөгч Бетани

Дэлхийн мэдээ

Бүхэл бүтэн хотыг  айдаст автуулж байсан нэгэн түүхийг уншигч та бүхэндээ хүргэе. Ирээдүйд серфингийн (далайн давлагаан дээгүүр тавцангаар гулгадаг спорт) тамирчин болно хэмээн яригдаж байсан Бетани Хамилтон гэх охин 2003 онд далайд бэлтгэл хийж байхдаа аварга загасны дайралтад өртөн, нэг гараа алдсан юм. Амь насаа хүртэл алдах дөхсөн Бетани охины серфингийн спортод хүч үзэх хүсэл мөрөөдөл унтрав уу гэтэл тэрбээр мөрөөдлийнхөө төлөө боломжгүйг боломжтой болтол бууж өгөлгүй тэмцсэн билээ.

Гэр бүлээрээ Хавайн арал дээр амьдардаг байсан Бетани охин хөхнөөсөө гараагүй байхаасаа л серфингийн спорттой холбогдсон гэхэд буруудахгүй. Ээж, аав, ах нар нь бүгд л серфингээр хичээллэдэг байсан агаад ийм ч учраас Бетани бага наснаасаа эхлэн серфингийн спортын анхны мэдэгдэхүүн, суурь хөдөлгөөнүүдийг эзэмшиж эхэлжээ. Тэрбээр серфингийн тэмцээн уралдаанд найман настайгаасаа оролцож эхэлсэн бөгөөд есөн насандаа мэргэжлийн хэмжээний ур чадвартай болж ивээн тэтгэгчтэй ч болоод амжсан юм. Ийнхүү 13 насандаа үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, мэргэжлийн тамирчин болохоор зориг шулуудан хичээлээ гэрээсээ давтаж, байнгын бэлтгэл хийж эхэлсэн гэдэг.

Түүний сэрфингийн спортыг сонгосон зам ийм бол яг чухам зүүн гараа алдсан тэр өдөр юу болсон гэдгийг одоо хуваалцъя. Найз болон найзынхаа ах, аавтай нь хамт далайд гарахаар шийдсэн тэр өдөр бусад өдрүүдийн нэг адил тайван өглөө байв. Бетани Хамилтон далайн дундаас ирэх давлагаа хүлээн хавтан дээрээ зогсож байх үед аварга загасы гэнтийн дайралтад өртжээ. Ийнхүү шоконд орсон тэрбээр өвдөлт ч мэдэрч амжаагүй байхад эргэн тойрных нь ус цусанд будагдсан гэдэг. Яг тэр үед ойролцоо байсан найз, түүний аав, ах нь Бетаниг гаргүй болсон байгааг анх анзаарсан байгаа юм. Ийнхүү эрэг дээр охиныг гаргасан даруйд найзынх нь аав түүнд анхны тусламж үзүүлж, цус алдалтыг нь боож тогтоогоод яаралтай эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт ирэх үедээ Бетани 60 хувийн цус алдалттай, ухаангүй байсан аж. Тухайн өдөр Бетанигийн аав тус эмнэлэгт хөлөндөө жижиг мэс ажилбар хийлгэх гэж байсан ч мэс заслын эмч нар серфингээр хөвж байгаад хүнд гэмтсэн охин яаралтай хүргэгдэн ирсэн шалтгаанаар мэс заслыг нь хойшлуулжээ. Яг тэр үед Бетанигийн аавын толгойд охинд нь муу зүйл тохиолджээ гэсэн бодол зурсхийн орж ирсэн гэдэг. Охин руу дайрсан 4.3 м урт аварга загас тэр даруйдаа загасчдад баригдсан бөгөөд аманд нь охины зогсож байсан тавцангийн үлдэгдэл байсан аж.

Аймшигтай явдал тохиолдож, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон ч Бетани Хамилтон хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцэж, хайртай спортдоо эргэн ирсэн юм. Гараа алдсан аймшигт өдрөөс ердөө нэг сарын дараа ахин тавцан дээр гарсан байна. Гэхдээ өрөөсөн гараа алдсан тул тэрээр стандарт хэмжээтэй тавцангаас бага зэрэг урт, тэнцвэрээ хадгалах үүднээс илүү хүнд жинтэйг тусгайлан хийлгэжээ. Түүнчлэн усан спортоор хичээллэхэд хиймэл гар саад болно гэж үзсэн тул хиймэл гар залгуулахаас ч татгалзаж байв.

Тэрхүү үйл явдлаас хойш гурван сарын дараа Бетани тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд жилийн дараа "NSSA үндэсний аварга" болсон юм. Ийнхүү түүний туулж өнгөрүүлсэн аймшигтай боловч хэн бүхний сэтгэлийг догдлуулсан энэ түүх Америк орон даяар тарж, түүний тухай нэвтрүүлэг, ярилцлагууд цацагдаж эхэлсэн ба өдгөө тэрбээр хүнд байдалд орж, гарах гарцаа олж чадахгүй байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ.

Түүнчлэн тэрбээр өөрийн түүхийг өгүүлсэн ном бичсэн нь бестселлер бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж, ESPN сувгийн шилдэг тамирчдад олгодог жил бүрийн спортын шилдэг шагналын эзэн болсон төдийгүй 2011 онд түүний түүхээс сэдэвлэн бүтээсэн “Soul Surfer” кино нээлтээ хийж олны хүртээл болж байв.

Тэрбээр 2013 онд номлогч Адам Диркстэй гэр бүл зохиож, одоо гурван хүүтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болжээ. Төрөх дөхөж бие давхар байхдаа ч серфинггүйгээр амьдарч чадахгүй хэмээн үргэлж ярьдаг тэрбээр тавцан дээр гарч олны анхаарлыг татаж байсан гэдэг.