Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал үргэлжилнэ

Нийгэм, Эдийн засаг

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 09.00 цагаас үргэлжилнэ. Тус шүүх хурал өчигдөр эхэлсэн ч дуусаагүй юм.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн байрны гадаа жагсаж, "Ард түмний сонголтыг хүндэтгэн, Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавиад буй.

Мөн шүүх хурал өчигдөр эхэлсэн даруйд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авч байгаа тул хэрэгтэй танилцах боломж олгох, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу тул шүүх хуралдааныг хойшлуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авалгүй, үргэлжлүүлсэн юм.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албан тушаалаа хэтрүүлсэн үндэслэлээр буруутган шүүж буй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл олгосон байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжилнэ.

Шүүх хурал өчигдөр эхлэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах шаардлага байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг юм.

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс шүүх хуралдаан 3 удаа хойшилж байсан тул шүүн таслан ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэн, хүсэлтийг нь хангаагүй байна.