"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

Соёл урлаг, Спорт

"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ. Хүннү рок хамтлагийн басс гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч, түүний оронд н.Нямдаваа гэх шинэ хөгжимчинтэй болсон гэнэ. Тэдний фенүүд зургадугаар сарын 29-нд Улсын онцгой комисст хандив өргөх "ГЭРЭГ" тоглолтын үеэр шинэ басс гитарчинтай болсныг анзаарчээ.

Хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Хүннү рок хамтлаг байгуулах санаа өвөрлөснөөсөө хойш 7-8 жилийн хугацаанд өргөн хүрээтэй судалгаа хийж, түүндээ тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, дүр төрхийг бүрдүүлэх ажлуудыг хийсэн. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторийг дүүргэсэн бөгөөд бүгд рок болон этник рок хамтлагуудад тоглож байсан мэргэжлийн уран бүтээлчид. Хэдийгээр хамтлаг 2016 онд байгуулагдсан ч хамтлагийн гишүүд хөгжмийн зэмсгээ эзэмших, хөөмийлөх чадвараа сайжруулахад олон жилийг зориулсан” гэдгийг хэлж байсан юм. Тус хамтлаг найман гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрөв нь  үндсэн нүүр царай болж, бусад нь "арын албанд" хөгжимддөг.

Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэнэ. Харин төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог. Үүн дээр метал хөжим буюу Соло гитарыг А.Жамбалдорж, басс гитарыг Б.Батхүү тоглож байв. Үндсэн гишүүдээс гадна Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нар хамтлагийн менежерээр ажилладаг байна.