“Гэрэл зурагчин ертөнцийг гэрлээр бичиж мөнхөлдөг”

Соёл урлаг, Спорт

Хаврын адаг хөх луу сарын шинийн 15-ны /2022.04.16/ билэгт сайн өдрийн морин цаг дор Монголын гэрэл зургийн их мастеруудын нэг анхны Мастер гэрэл зурагчин, багш, судлаач В.Баттулга агсаны "Гэрлээр бичсэн миний ертөнц" хэмээх номон суварга гэрэлтэн бослоо. Уг номын нээлтэд МГЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, үе үеийн гэрэл зурагчдын төлөөлөл, В.Баттулга агсны шавь нар, гэр бүл аав, ахан дүүс нь хуран цугларч Эрхэм хүмүүнээ дурсан санаж ном бүтээлийн дээжээс гардан авлаа. Эзэн нь тэнгэрт мөнхөрч бүтээл нь оюунт хүмүүсийн сэтгэл зүрхэнд дэлгэгдлээ. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд түүнд зориулсан дурсгалын хөшөө босгохын зэрэгцээ энэ жилээс эхлэн В.Баттулга агсны нэрэмжит шагналтай болсныг дурдах нь зөв бизээ.

В.Баттулга агсны мэргэжил нэгт дотны анд П.Баттулга өөрийн цахим хуудсандаа “Ах ч юм, багш ч юм, анд найз ч юм, мастер гэрэл зурагчин В.Баттулгынхаа "Гэрлээр бичсэн миний ертөнц" номын нээлтэд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдийнх нь босгосон дурсгалын хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ. Ц. Батзориг агсны хэлсэнчлэн "Гэрэл зурагчид үлдээх юмтай хүмүүс". Номын цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.

“Гэрэл зурагчин ертөнцийг гэрлээр бичиж мөнхөлдөг” В.Баттулга