"The Cheerleading Worlds 2022" хөгжөөн дэмжигчдийн бүжгийн ДАШТ-нд "NGL 1" баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ

Соёл урлаг, Спорт

Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Орлонда хотод энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд болох "The Cheerleading Worlds 2022" хөгжөөн дэмжигчдийн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "NGL 1" баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тус баг тэмцээний 15-18 насны ангиллын Freestyle pom төрөлд оролцож, АНУ, Финланд тэргүүтэй 14 орны 400 орчим тамирчинтай өрсөлдөх аж.

"NGL 1" баг нь нийслэлийн ерөнхий боловсролын Наран дунд сургуулийн баг юм.

Тус баг 2019 онд олон улсын "Japan open" тэмцээнд оролцож алтан медаль, өнгөрсөн хоёрдугаар сард Монголын спортын корпорациас зохион байгуулсан 14 спортын улсын аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн бүжгийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ.

Энэхүү багийн ерөнхий дасгалжуулагчаар Наран дунд сургуулийн багш Г.Алтанзаяа, туслах дасгалжуулагчаар С.Маргад нар ажиллаж байна.