Туул голд гурван настай хүүхэд живжээ

Нийгэм, Эдийн засаг

Туул голд гурван настай хүүхэд живсэн бөгөөд ар гэрийнхэн нь болон аврагчид хүүгийн цогцсыг эрэн хайж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага өчигдөр /2020.06.29/20.10 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат гурван настай А-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.00 цагт түр зогсоосон байна. Харин өнөөдөр /2020.6.30/ 06.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амиа алддаг байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 28-нд Туул голд 19, 20 настай хоёр иргэн живсэн талаар мэдээлсэн билээ. Тухайн хоёр иргэний нэг болох Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олсон бол 20 настай, эрэгтэй С-г одоог хүртэл олоогүй байгаа юм.

Мөн гол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл гарч байгаа билээ.