Э.Отгонбат: Дуурь маань анхнаасаа дотоод ертөнцтэйгээ харилцаж байгаа учраас сонирхолтой санагдсан

Соёл урлаг, Спорт

Багаасаа дуулах дуртай байсан” хэмээн мэргэжлийнхээ сайхнаар бахдан, дуурийн урлагийн энэ цагийн залуусын төлөөлөл болж яваа  ДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбатыг “Өдрийн хүн”-ээр онцоллоо.Тэрбээр “Ганц цагаан шувуу” моно дуурийг монголд анх удаа амилуулж дуурийн урлагт дуртай үзэгчдээ нэгэн үдэш баясгалаа.

-Таныг“Севилийн үсчин” дуурийн гол дүр Фигаро, “Ламбугуайн нулимс” дуурийн Лодон, “Лучиа ди Ламмермур” дуурийн Энрико зэрэг гол дүр бүтээсэн бас “Чингис хаан” дуурьт чадварлаг  тоглосон  гэдэг. Харин энэ удаа  “Ганц цагаан шувуу” моно дуурийг ганцаараа дууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Маш баяртай байна. Моно операгийн гол дүрд ганцаараа нэг цаг дуулахад надаас дотоод сэтгэлгээний зүйл маш их зүйлийг шаардлаа. Өмнө нь олон дуурьт гол дүр бүтээж  байсан бол  анх удаа  моно операд дуулж үзлээ. Өөрийгөө маш их сорьж, их зүйлийг сурч, жүжигчний ур чадвараа ахиулж, дотоод ертөнцтэйгээ ажилласан минь надад олдсон том боломж. Би яг энэ мөчид “би хаана байна”, “би хэн бэ” гэж өөрийн оршихуй сэтгэлтэйгээ зөрчилдөж тэмцэлдэж байгаад энэ дуурийн утга учир оршиж байгаа юм. Ингэж  тайзан дээр дотоод хүнээ хажуудаа гаргаж ирээд дуулж байгаад өөрийгөө хамгийн сонирхолтой, азтайд тооцож байна.

-Анх хэрхэн зориглож  барьж авав?

-Ангийн найз найруулагч Мэндбаяр маань ОХУ-д театрын найруулагчаар явсан юм. Тэрбээр хоёр жилийн өмнө дипломын ажлаа хамгаална, нэг уран бүтээл хамтарч хийнэ туслаарай гэж санал тавьсан. Гэтэл хоёр сарын өмнө монголд ирээд намайг яаруулж орхисон. Энэхүү богино  хугацаанд нотоо сурч, бэлтгэлээ хийсэн. Гэсэн ч дуурь маань анхнаасаа дотоод ертөнцтэйгээ харилцаж байгаа учраас сонирхолтой санагдсан. Учир нь надаас ур чадвар шаардсан учраас өөрийгөө сорьж эвдэж Отгонбат дуучин гэдгийг харуулахыг хүслээ. Үүндээ хүрч чадсан гэж бодож байна.

- Тоглолтын дараа эргээд харахад юу бодогдох юм?

-Өнгөрсөн зүйлээ эргэж харж байгаа, дахин шинэ карьер эхэлж байгаа  юм шиг мэдрэмж төрсөн. Мөн дотоод ертөнцтэйгээ зөрчилдөж,  эрх чөлөөг мэдэрч гэгээрч, бие хүн болж байгаа хүн ямар байдгийг давхар олж харлаа. Ингэж өөрийгөө олсон учраас цаашдын маань уран бүтээлүүд  хурдацтайгаар  өрнөж, хувь хүнийхээ карьерыг өсгөж ажиллана гэж бодож байгаа. Театрын маань шинэ дүрүүд ч хүлээж байгаа. Энэ бүхэнд маш их бэлгэшээж байна. Дууриараа дамжуулж олон зүйлийг ойлгосондоо ч баяртай байна. Нэмж хэлэхэд энэ том ажлын ард хамт олныхоо урам дэмэнд богино  хугацаанд  гарч надаас их хөдөлмөр цаг хугацаа зарцуулаа. Сэтгэл хангалуун байна.