Хүмүүнлэгийн үйлстэн Монгол Жангум

Соёл урлаг, Спорт

 

Өдрийн хүн

Одончимэг гуайн унасан газар Улаанбаатар, өссөн газар Шарын гол, уг гарал нь Хөвсгөл аймгийн хүн. 1980 онд Дарханы Шарын голын сургуулийг наймдугаар ангиа онц  дүнтэй төгсөж, улмаар Дарханы Политехникумын сургуулийг Геологич мэргэжлээр мөн л онц дүнтэй дүүргэжээ. Ленинградын Горный  их сургуульд сурсан ч амьдралд нь тохиолдсон харамсалтай явдлаас болж төгсөж чадаагүй гэдэг. Анхны хүүхдээ төрүүлээд ангир уургаа амлуулж амжаагүй байтал эх баригч эмч  хүүг нь жинлэх гэж авч яваад гараасаа алдан шалан дээр унагаж, Үүнээс болж хүү нь тархи нугасны хүнд бэртэл авч улмаар тархины саажилт үүсэн, дөрвөн ч удаа хагалгаанд орж, эмнэлэг, сувиллаас салаагүй нэг жилийг ардаа үджээ. Хүүгээ ой гарантай болсны дараа алдаж, салах ёс хийж байхдаа ээж нь хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган хүүхдэд тусалж, энэ амьдралаа зориулна гэж сэтгэлдээ амласан гэдэг Баянхонгор аймгийн Шаргалжуутын халуун рашаанд тархи мэдрэлийн хамгийн сайн рашаан байдаг гэж сонсоод хүүгээ сувилуулж байсан тэр л  өдрүүд түүнийг энэ л газарт үлдээх шалтгаан болсон аж

Уламжлалт монгол хоол хийх аргыг 108 насыг зооглосон өндөр эмгээсээ өвлөсөн тэрбээр хүүхдээ асрахын хажуугаар сувилалд амарч байгаа хүүхдүүдэд хурган бантан хийгээд өгчихдөг,  цай чанаад барьчихдаг, баривч оёод өмсүүлчихдэг байсанд нь эцэг, эхчүүд  их баярладаг байсан.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, “Улаан загалмай” нийгэмлэгийн дарга агсан Л.Одончимэд байжээ.  Тэднийх зээ хүүгээ сувилуулж байсан ба А.Одончимэг бүсгүй хүүгээ алдсаны дараа хот орж Л.Одончимэд гуайтай уулзсанаар хүмүүнлэгийн үйлс бүтээх анхны шангаа татжээ.  Ингээд 2000 онд халуун рашааныхаа дэргэд халуун сэтгэлийнхээ илчийг шингээн хүүгийнхээ нэртэй хамтатгаж “Халуун Болор” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан цагаас хойш тархины саажилттай хүүхдүүдэд туслах олон ажил хийсэн. Улмаар 2007 онд Монгол Улсынхаа бүх аймгаар тойрч тархины саажилттай хүүхдийн нэгдсэн судалгааг хийхэд нь Л.Одончимэд гуайн заавар зөвлөгөө ихээхэн тус болсон гэдэг.

Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэдэг санхүүжилт сайтай байх ёстой болохоор сайн санаат хүмүүс болон албан байгууллагаас  тусламж хүсэж, үүний хажуугаар Шаргалжуутын рашаанд  сувилуулж байгаа иргэдийн дунд нийтийн бүжиг зохиож, өөрөө дуулж хөөрхөн тоглолт хийчихдэг байсан гэдэг. Бага залуудаа Бүх ард түмний урлагийн наадмаас энэтхэг, казак бүжгийн зургаан удаагийн алтан медальт, “Дружба” хамтлагийн гишүүн, орос дууны мастер адтай охин байсан тэрбээр тоглолтынхоо орлогоор хонь авна. Тухайн үед ямаа 10 мянган төгрөг, хонь 25 мянган төгрөг байж. Өдөрт 40-50 хүнд 500 төгрөгийн билетээр тоглолт үзүүлчихэд нэг хонины мөнгө олчихдог. Өдөр бүр хонь гаргаж, ядарсан биетэй хүүхдүүдэд шинэ шөл уулгах нь түүний зорилго байсан. Тэр үед  хүний газар ирсэн түүнд гэр орон ч байгаагүй гэдэг. Хоршооноос  ямбуу ууттай,  цагаан гурил зээлээр авч амрагчдад  сэвсийсэн хөвсгөр  булочки хийж зарсаар байгаад, 17 ширхэг гурилын уутаар майхан оёж, толгой хоргодох болжээ.  Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тоглолт хийж өгөхөд нь тэд талархсан сэтгэлийн хариу болгож хийсэн гэрээсээ хоёрыг бэлэглэж анх гэртэй болж байсан гэдэг. Л.Одончимэд гуай “Улаан загалмай” нийгэмлэгээс дөрвөн гэр бэлэглээд гэнэт л зургаан гэртэй болж жилдээ 500 гаруй саажилттай хүүхдүүд хүлээн авсаар, он цагийн эрхээр гэрүүд нь ч хуучирч нутаг орны өрх толгойлсон, орон гэргүй  хүмүүст гэрээ хандивлаж буян болсон гэдэг. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор  тархины саажилттай 2227  хүүхдийг өдрийн гурван удаа үнэгүй хооллож, ундалж ирсэн. Үүний зэрэгцээ, хувцас хэрэглэл, тоглоом бэлэглэж, 700-аад хуучин тэргэнцэр цуглуулж, нөхөртэйгээ засаж, янзалж өгчээ. “Учир нь манай улсад тэргэнцрийн үйлдвэр байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн эцэг, эхчүүдэд тэргэнцэр гэдэг хамгийн том бэлэг.

Мятрашгүй хүчит ээж А.Одончимэг монгол Жангум нэрээр хэдийн бидний танил болсон билээ. Тэгвэл  Жангум 20-иод нэр төрлийн хоолыг,  шим тэжээлтэй бэлчээрт идээшсэн эрүүл малын мах, сүүг боловсруулж хийдэг. Тэрбээр малынхаа ашиг шимээр сайхан хоол унд хийгээд л тогоо шанагаа гялалзуулаад суух дуртай нэгэн. Мал, мах, сүү, цагаан идээгээ малчдаас зээлээр авч боловсруулан зарж борлуулдаг. “Сарлагхан” брэндийн аарцтай жимстэй зайрмаг, шар тостой бин, боорцог, кекс, тогооны өрөм, ямааны ааруул, ургамлын үндсээр хийсэн сарлагийн өрөмтэй, мэхээртэй тос, сарлагийн шүдлэн үхрийн гуяны мах, хонины сүүлийг уулын зэрлэг сонгиноор амталсан бүхэл үрийн гурилаар хийсэн бууз, борцтой бөөнтэй цай, хонины сүүлэнд боосон хөмүүлээр шанзалсан говийн цагаан шувуу, хуйхалсан мах, цагаан гүзээний хорхог, бууз, хуушуур, ороомог, цоохор сархинагийн хорхог гээд арааны шүлс асгарам амттай хоол үйлдвэрлэж байна. Түүний эрхэм зорилго нь тохь тухтай сувилал байгуулах билээ. Сэтгэл нь цагаан бүсгүйн үйлс нь мөдхөн бүтэх биз ээ