Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс энэ онд 150 мянган жуулчин хүлээж авах тооцоо одоогоор гараад байна

Соёл урлаг, Спорт

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал дэлхийн хэмжээнд  жуулчдын тоо өнгөрсөн /2021/ оныхоос хоёр дахин (+130 хувь) өссөн байна. Өөрөөр хэлбэл   энэ оны эхний сард дэлхий даяар 18 сая гаруй жуулчин аялахаар бүртгүүлжээ. Гэвч цар тахал гарахаас өмнөх үетэй эдгээр тоог харьцуулан үзвэл 2021 онд 71 хувиар,  энэ оны эхээр 67 хувиар буурсан  хэвээр байгаа юм.

Агаарын тээврийн транзит нислэгийг хөгжүүлэх явдал манай улсад чухал хэмээн БОАЖЯ-наас үзэж буй талаар “Монголын Эдийн засгийн форум-2022”-аар хөндөн ярилцав.  Жишээ нь, Европоос Австрали руу үйлдэж буй нислэгийн зай дундаа заавал нэг зогсолт хийдэг бөгөөд үүнийг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд хийж байна. Тэгвэл энэхүү транзит зогсолтыг Монголд хийх боломж бий аж. Энэхүү боломжийн нөхцөлийг ханган ашиглаж чадвал Монгол Улс олон улсын дундын нислэгээс зөвхөн, жилд 20 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг олох тооцоо гарчээ. Энэ бол урьдчилсан тооцоо бөгөөд улмаар навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр транзит нислэгээр орох өгөөж улам дээшилнэ хэмээн үзэж байна.Ингээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй аялал жуулчлалын салбарын талаар ярилцлаа.

-Цар тахлын улмаас дэлхийд аялал жуулчлалын салбар хүнд байдалд орсон. Улс орнууд хөл хориогоо цуцлах, хил гаалиа аажмаар нээх тал одоо л ажиглагдаж байх шиг. Тэгэхээр аялал жуулчлалын салбар сэргэх нь гэдэг хүлээлт найдвар төрж байна?

-Харин тийм. Аялал жуулчлал бол эдийн засагт чамгүй жин дардаг, хамгийн хурдан сэргэх боломжтой салбар. Тэгэхээр энэ жил бид аялал жуулчлалаа сэргээж Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө хурдтай ажиллах шаардлага бий. Иймд Ерөнхий сайдын өгсөн чиг үүргийн дагуу аялал жуулчлалын бизнес эрхлэгч компаниуд, мэргэжлийн холбоодтой хамтарсан хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг үндэслэн таван шийдвэр гаргалаа. Эхний ээлжид агаарын тээврийн лебриалчлалыг зайлшгүй хийх ёстой. Үүнийг одооноос эхлээд шууд хийх шийдвэр гарсан. Тухайлбал, олон улсын онгоцны нисэх буудал буюу 4С, 4ангилалд орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг шилжүүлэх юм. Хоёрдугаарт, аялал жуулчлалын компаниуд нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөрөөс нэг жилийн хугацаатай түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийт  гурван тэрбум орчим төгрөг болно. Ингээд уг хүсэлтийг биелүүлэх шийдвэр гарлаа. Гуравдугаарт,  2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарлахаар тогтсон. Өөрөөр хэлбэл “Монголд зочлох жил 2023”-тай холбогдуулаад аялал жуулчлалын салбарынхан ажилдаа орж байна гэсэн үг. Дөрөвдүгээрт,  БОАЖЯ-наас цар тахлын нөхцөл байдал арай намжаагүй байгаа ч Монголд хамгийн их жуулчин ирдэг, бас ирэх боломжтой улс орны талаар судалгаа хийж жагсаалт гаргалаа. Үүнд 11 орон багтаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид БНСУ-ын групп жуулчинг визээс  чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.  Мөн Австрали, Англи зэрэг улсын жуулчдыг визээс чөлөөлөх асуудлыг шат дараатай ярилцаж шийдвэрлэх учиртай. Тавдугаарт, сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Иймд Засгийн газраас тэдэнд 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж өгөхөөр шийдвэрлээд байна. Тэгэхээр бид аж ахуйн нэгжүүд мэргэжлийн холбоодтой хамтарч аялал жуулчлалын салбараа яаралтай сэргээхээр ажиллаж эхэлсэн.

-Манай улс визийн хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх арга хэмжээ авлаа. Тэгвэл бусад улс орон манай иргэдэд визийн талаар ямар боломж, нөхцөл үзүүлэх юм бол. Энэ  асуудлыг тодруулж өгөхгүй юу?  

-Визтэй холбоотой асуудлаар бид Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана.   Манай улс визээ чөлөөлөх боломжтой боллоо. Танай улс манай иргэдэд визийн ямар боломж үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөнө.  Энэ мэтээр хоёр улсын харилцан ярианы төвшинд шийдвэрлэх асуудлууд бас бий.

-Ер нь Монгол Улсын виз мэдүүлэхэд тухайн хүнд ямар нэг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай улс цахимаар виз олгож байгаа. Тодруулбал, цахимаар виз мэдүүлээд Монгол Улсын хил дээр ирээд визээ даруулаад нэвтэрдэг болсон. Жишээ нь БНСУ-ын иргэдэд ийм боломж бүрдсэн.

-Та яриандаа жуулчны компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Түүнийг нь Засгийн газраас шийдвэрлэнэ гэлээ. Энэ зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх юм бол. Жуулчин хүлээж авах бэлтгэлээ одоо хангана гэсэн үг үү?

-Бид аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс санал авч 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны эргэн төлөлт эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээр шийдэх үү гэдгийг Сангийн яамтай ярилцаад ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

-Жуулчны баазуудад байгаль орчны талаас тодорхой шаардлага тавих, зөвшөөрөл олгох талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Бид олон жил тогтвортой ажилласан жуулчны баазын зөвшөөрлийг удаан хугацаанд сунгаж өгч байна. Ялангуяа, тусгай хамгаалалтай газар буюу БОАЖЯ-ны харьяалалд байдаг газар нутагт байрладаг жуулчны баазуудыг газрын зөвшөөрлөөс түр хугацаагаар чөлөөлөх буюу хойшлуулах боллоо. Үүнд нийт 342 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудал бий. Цаашдаа манай яаманд байгаа мэдээллүүдийг дахин нэхэж авахгүй, өөрт байгаа мэдээллээ ашиглаад зөвшөөрөл олгох бодлого баримталж байна.

-Тэгэхээр энэ жилээс аялал жуулчлалын салбар сэргэж эхлэх нь. Хэдэн жуулчин хүлээж авах боломж, тооцоолол гарч байна вэ?

-Цар тахлын нөлөө дэлхийн хэмжээнд буураагүй байна. Улс орон болгонд тархалт харилцан адилгүй байгаа. Тэгэхээр бид агаарын тээврийн либералчлалаа хэр хурдацтай хийхээс ихээхэн шалтгаална. Жишээ нь өнөөдөр БНХАУ цар тахлын улмаас хилээ нээгээгүй байна. ОХУ-аас орж ирэх сувгууд хаагдлаа. Иймд бид жуулчдыг  онгоцоор хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аль аль улсаас ямар онгоцыг хязгаарлалтгүй оруулах вэ гэдэг асуудлыг Зам тээвэр хөгжлийн яамтай ярилцаад эцэслэн тогтоох ёстой юм. БНСУ, Япон, Сингапур, Вьетнам гээд зүүн өмнөд Азийн орнуудыг Монгол Улстай  шууд нислэгтэй болгох талаар санал тавихаар бэлтгэж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл жуулчны тоо нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ онд бид 150 мянган жуулчин хүлээж авна гэсэн тооцоо одоохондоо хийсэн. Бид багадаа 300 мянган жуулчин ирнэ харах ёстой. Учир нь агаарын тээврийн либералчлал хийж байгаа юм. Мөн визийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх болсон. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд төрийн дарамт үзүүлэхгүй байх, зээл олгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгээд Монгол Улсын олон улсад сурталчлах ажил төрөөс хийж байна. Энэ бүхэн нь манай улсад ирэх жуулчны тоо нэмэгдэх гол үндэс суурь болно гэж үзэж байна.

-Тэгвэл аль болох олон жуулчин татахын тулд Монгол Улсыг дэлхий нийтэд хэрхэн сурталчилж байна вэ?

-Монгол Улсад өнөөдөр олон улсад гарах цахим платформ алга. Үүнийг бид хийлгэж байгаа. Энэ сарын 20 гэхэд нээлтээ хийх бодолтой байна. Монгол Улсаас гадаад улсад Бүрэн Эрхт Элчин сайдын яамдыг цахим платформд нэгдэн ажиллуулна. Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдад бас танилцуулна. Энэ мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа юм.