Б.Мөнхзаяа энэ зун АНУ-ын Орегон мужид болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулахтэмцээнд оролцох болзлыг биелүүллээ

Соёл урлаг, Спорт

Ц.Энхтүвшин. "Таван цагариг"

Өчигдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 10-нд Холландын Роттердам хотноо жил бүр уламжлал болон явагддаг 41 дэх удаагийн "NN Marathon Rotterdam 2022" марафонд Монголын марафон гүйгч Баярцогтын Мөнхзаяа 2:29:25 амжилтаар дөрөвдүгээр байрт орлоо.

Түүний өмнө Этиофийн Х.Хайлу 2:22:01, Холландын Н.Бринкман 2:22:51, Казахстаны Ж.И.Мамажанова 2:26:54 амжилтаар барианд орсон байна. Мөн эхний аравт АНУ, Швед, Финланд, Кени, Бельги, АНУ-ын тамирчид иржээ.

Ийнхүү Б.Мөнхзаяа энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний entry standart буюу 2:29:30 дотор гүйн ДАШТ-д оролцох болзлыг биелүүллээ.

Одоогийн байдлаар "Южин-2022" хөнгөнатлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг манай хоёр марафонч биелүүлээд байна.

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:09:26 амжилтаар эрэгтэйчүүдийн "босго" 2:11:30 -ийг давсан бол өнөөдөр Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн "босгыг" давлаа.

Дашрамд дурьдахад  Б.Сэр-Од 10 дахь (2003, 2005, 2007, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2019, 2022), Б.Мөнхзаяа дөрөв дэхээ (2015, 2017, 2019, 2022) спортын "Хатан хааны" дэлхийн аваргад, хамгийн их тэсвэр тэвчээр, хатуужил шалгадаг марафон гүйлтэд оролцох нь.

Мөн сонирхуулж хэлэхэд Б.Сэр-Одыг түүний гэргий О. Оюунтуяа нь дасгалжуулдаг бол Б.Мөнхзаяаг түүний нөхөр Б.Доржпалам нь "уяа сойлгыг" тааруулдаг билээ.