Г.Дашиймаа: “Гомбын Дашиймаа” гэхээсээ хүүхдийн харшлын Дашиймаа нэрэндээ хайртай

Соёл урлаг, Спорт

Д.Нэргүй

 Сүүлийн үед баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотойгоор арьс харшлын өвчин ихэсч, эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байгаа билээ. Улмаар хавар, зуны улиралд хүмүүсийн харшил улам  хөдөлж, үүндээ зовиурлаж эхэлдэг. Энэ талаар Клинникийн профессор, Эрүүлийг хамгаалах  тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Алтан чагнуурын эзэн, “Энхдөлгөөн” эмнэлгийн хүүхэд, арьс харшил, гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Г.Дашиймаатай ярилцлаа. Тэрбээр   багаасаа ажил хөдөлмөрийн амт, үнэ цэнийг мэдэрч улс орондоо ихийг бүтээхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж өдий зэрэгтээ явж байгаадаа аав ээж, нутаг усныхандаа баярлаж явдаг хэмээсэн.

-Таныг  тэртээх 1986 онд алтан чагнуур барьж хүүхдийн эмч болж байсан  гэдэг. Энэхүү  гэгээн үеэс ярилцлагаа эхэлье?

-Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж байлаа. Амьдрал баян юм даа. Цаг хугацаа гэдэг ямар амархан юм бэ, нэг л мэдэхэд 30 гаруй жил өнгөрчээ. Дараа нь тус аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт нярайн эмчээр ажиллаж байлаа. Хүүхдийн харшлын эмч ховор. Тэгээд Улаанбаатарт шилжиж ирээд Арьсны өвчин судлалын төвд хүүхдийн харшлын эмчээр ажилласан. Сүүлдээ гоо сайхны эмч болсон байдаг юм. Ямар сайндаа л Эрүүл мэндийн газрын байцаагч залуу “универсиал эмч” гэж нэрлэж байхав дээ. Бас  олон чадварлаг багш нарынхаа ачаар хүүхдийн толгой барьж сурсан. Үүнийг байгууллага маань мэдчихээд уламжлалын эмчийн курст суулгаж байлаа. 1990 онд энэ  курсээ төгсөөд нэг хэсэг уламжлалын эмчээр ажилласан. Гэсэн  ч угийн мэргэжил маань хүүхдийн эмч учраас хүүхдийн тасаг, амбулоторит ажиллаж байснаа өнөөдөр эргэн дурсахад сайхан байна.

-Арьсны янз бүрийн өвчин байдаг. Ихэнхдээ  ямар шалтгаануудаас үүсдэг юм бол?

-Арьсны өвчин маш олон шалтаг шалтгаантай. Тодорхойгүй олон өвчин байдаг. Гэлээ ч хүний арьс хамгийн том эрхтэн  учраас үүнийг судалж, эмчилэхэд эмч хүнээс тодорхой хэмжээгээр мэдлэг ур чадвар шаардана. Дээр нь ихэнхдээ гэнэн цайлган инээд хөөрөөр бялхсан хүүхдүүдтэй ажилладаг учраас хүүхдийн арьсны эмч гэдгээрээ үнэхээр  бахархаж явдаг. “Гомбын Дашиймаа” гэхээсээ хүүхдийн Дашиймаа нэрэндээ хайртай. Арьсны эмч зүгээр нэг дотрын эмч биш, сайн дотрын эмч, сайн хүүхдийн эмч байж арьсны эмч хийдэг маш хариуцлагатай ажил. Тийм учраас арьсан дээрээ ямар нэг эмгэг гарвал хугацаа алдахгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Үйлчлүүлэгч нартаа арьсаа эрүүл сайхан байлгахын тулд зөв амьдарч, зөв хооллож, зөв арчлах ёстой гэдгийг чадлынхаа хэрээр хэлж өгдөг. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний арьсны бүх төрлийн өвчнийг үзэж оношилдог. Тэтгэвэртээ суусан ч  хүмүүс таныг хаа байгаа газар хүүхдээ үзүүлье гэсэн хүмүүсийн эрэлт их байсан учраас яах ч аргагүй энэ ажлаа үргэлжлүүлэн хийх  ёстой юм байна гэж бодоод дөрвөн жилийн өмнөөс  “Энх дөлгөөн” эмнэлгээ байгуулсан. Арьсны өвчин судлалын төвд их ачаалалтай ажилладаг байсан болохоор хүмүүстээ бүрэн гүйцэд зөвлөгөө өгч чадаагүйдээ сэтгэл гонсгор байдаг байлаа. Харин одоо харьцангүй тайван,  хүмүүсээ хангалттай үзэж зөвлөж байгаадаа  сэтгэл хангалуун ажилладаг.

 -Урин дулаан улирал ирж өвс ногоо ургахтай зэрэгцээд жил бүрийн 4-9 дүгээр сард ургамлын тоос, тоосжилт ихэссэнээр иргэдийн дунд амьсгалын замын харшил нэмэгддэг. Энэ үед ямар арга хэмжээ авдаг вэ?

-Энэ үнэн. Хүмүүс  5-10 дугаар сар хүртэл маш их харшилд нэрвэгддэг. Иймд аль болох  харшлах хүнсний зүйлээсээ  татгалзаж  янз бүрийн амтлагчгүй шөл устай энгийн монгол хоолоо идэж байх нь зүйтэй. Нөөшилсөн  бүтээгдэхүүн,  чипсийг бүр ч хориглоно. Нөгөө талаас иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг.  Зарим нь өвчнөө тоолгүй явж байгаад  харшил эхлэх үед гэнэт санаад эмнэлэгт ханддаг зэрэг шалтгаанаар эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах нь их. Тиймээс харшлын зовиур, шинж тэмдэг эхлэхээс өмнө мэргэжлийн эмчид хандан харшлын сорил тавиулж өөрт тохирсон эмчилгээг урьдчилан хийлгэх хэрэгтэй. Энэ дундаас хамгийн үр дүнтэй эмчилгээ бол “аутоплазм” буюу тухайн хүний өөрийнх нь цусны сийвэнгээр эмчилдэг арга юм. Энэ нь мөнгө санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна эрүүл мэндийн хувьд ч олон талын ач холбогдолтой. Харин өвчний шинж тэмдэг илэрсэн, хурц зовиуртай байгаа үед, харшлын эсрэг үйлчилгээтэй эмийг сүүлийн 72 цагийн дотор хэрэглэсэн бол, зургаа  хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, арьсаар тууралт гарсан үед сорил тавиулахыг хориглоно. Учир нь тус сорил тухайн хүний зовиурыг улам нэмэгдүүлэх, сорилын хариу хуурамч гарах магадлалтай байдаг юм.

-Хамгийн түгээмэл тохиолдож байгаа харшил нь юу вэ?

-Харшил олон янз. Гадны ямар нэг таагүй урвал өгч байгааг харшил гэнэ. Гэтэл хүмүүс үүнийгээ тоохгүй ямар нэг эмчилгээ хийхгүй, анхаарал тавихгүй явж  байтал харшлах зүйлийн тоо хоёр, гурваар нэмэгдээд орчин тойрныхоо бүх зүйлээс харшлаад эхэлдэг. Энэ нь дархлаа тогтлолцооны үйл ажиллагаа хямарч байна гэсэн үг.  Манайд харшлын шалтгаан нэгдүгээрт,  агаарын бохирдол хоёрдугаарт,  хоол хүнсний аюулгүй байдал их нөлөөлж байна. Ялангуяа нярай хүүхдийн ходоод зөвхөн сүү боловсруулах зохион байгуулалттай байдаг. Гэтэл ээжүүд  юу олдсоноо идчихээд хүүхдээ хөхүүлээд байхаар түүнээс хүүхэд  харшлах нь ойлгомжтой. Ихэнх  эмэгтэйчүүд жирэмсэн болонгуутаа хоолны дэглэм барихгүй,  амттан шимттэнд дурласнаас болж хүүхэд харшилтай төрдөг. Ялангуяа ургамлын харшил нийт харшлын 30, 40 хувийг эзэлж байна гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

-Тэгэхээр эрүүл зөв хооллож ходоодоо хамгаалах нь арьс харшлын өвчнөөс хамгаалах хамгийн үндэс суурь юм аа даа?

-Тэгэлгүй яахав. Хоол хүнсэндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Зөв хооллож байж хүн эрүүл байна. Бүх өвчний эхлэл ходоодны өвчин гэж уламжлалт эмнэлэгт байдаг.  Ходоод эрүүл байвал өвчлөх магадлал харьцангүй бага. Ходоод муудаж, хоолоо зөв шингээж чадахгүй цусанд нь бохирдол үүссэнээс болоод харшлын төрөл бүрийн өвчин ихэсч байна. Дээр нь баталгаатай, баталгаагүй  хүнсний бүтээгдэхүүн их гарсантай холбоотойгоор харшлын өвчлөл ихэссэн. Иймд ходоодоо л эрүүл байлгахгүй бол урт наслахад хэцүү шүү гэж бүхий л хүмүүст хэлж ойлгуулахыг хүсдэг.

-Та бас “Гоо заслын эмч” гэсэн давхар тодотголтой.  Цэвэр тунгалаг арьстай болохыг хүн бүхэн хүсч байгаа. Энэ тал дээр зөвлөхгүй юү ?

-Эмч хүн насаараа сурдаг гэдгийн адил 1995 онд арьс гоо заслын эмчийн мэргэжил эзэмшсэн. Солонгос улсад энэ чиглэлээрээ суралцаж байлаа. Ингэж  сурч мэдсэн бүхнээ хүн арддаа зориулахын тулд гоо сайхны эмчийг  давхар хийж байна. Хэд хэдэн гоо сайхны салонуудад зөвлөх эмчээр ажиллаж байсан. Одоо энэ бүгдийгээ өргөжүүлээд шинэ шавьтай болоод хүмүүсийн гоо сайханд зохих хэмжээний  үйлчилгээнүүдийг үзүүлж байна.Тодруулбал  эрүүл хүмүүс гоо сайхан талаасаа  залуу   насаа удаан хадгалж улам сайхан болохын  төлөө үйлчлүүлэх нь  тэдний  өөрсдийнх нь хүсэл зорилго. Энэ хүрээнд үрчлээ арилгах, тэнийлэх, ботокс, үрчлээ ихтэй бол утсаар татах  гэх мэт олон үйлчилгээг үзүүлж байна. Мөн батгашил өвчнийг бүрэн төгс эмчилж сэвх, сорви нөсөөг нь арилгадаг. Арьс сорви, батга зэрэг арьсны өвчин их байдаг. Сүүлийн долоон жил арьс харшлын чиглэлээр хичээл заасан.

-Та эрүүл мэндийн салбартаа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан эмч. Иймд сэтгэлд үлдсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Хөдөө сумын эмнэлэгт ажиллах амьдралын их сургууль болдог юм байна лээ. Учир нь дөнгөж эмч болоод Говь-Алтай аймгийн Шарга суманд томилогдож очоод байтал хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага ирсэн. Гэтэл тэр үед Ардын эмч Б.Жав багшийн маань  өрөөгөө харанхуйлаад эмчилгээгээ бэлдэх ёстой гэж зааж сургасан нь хамгийн түрүүнд санаанд орж билээ.  Замдаа  жолоочоо яаруулж давхисаар байгаад эмнэлэг дээрээ ирээд хүмүүст  үүрэг өгөөд бэлтгэлээ хийж байх хооронд номоо уншаад их  сандарсан ч гэлээ эх хүүхдийн амийг аварч чадсан. Алсын дуудлаганд явж байхад машины бензин дуусаад хаашаа ч явах боломжгүй сандарч тэвдэж байсан үе олон бий.  Үүнээс илүү  баяр баясгалантай үе ч олон. Энэ дундаас эмчилж байсан  хүн маань эдгэрээд “эмч ээ баярлалаа” гэх шиг сайхан зүйл үгүй.