Өдрийн хүн: Анхны бүхэн түүнийх Цогтбазарын Энхжаргал

Соёл урлаг, Спорт

 

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлийн домог болсон тамирчин Ц.Энхжаргал өдөгөө 41 нас хүрлээ.  Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Монгол Улсын Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. Тэрбээр чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анх удаа 2005 оны ДАШТ-ээс хүрэл  медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных.

 

 Тэрбээр 18 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Анх Ховдод байхдаа барилдах сонирхолгүй, чөлөөт бөхийн тухай төдийлөн мэддэггүй байсан гэдэг. Аравдугаар ангид сурч байхад нь ховд аймагт “Бага олимп” болж, Тэр тэмцээнд жүдо бөхийн төрлөөр оролцон, хүрэл медаль авсан нь түүнийг тамирчин болох гарааны эхлэл байжээ. УАШТ-ээс медаль хүртсэн охинд дийлдэж, бөхийн төрлөөр гаргасан анхны амжилт нь энэ билээ. Мөн тамирчин болохоор шийдсэн нь тэндээс эхлэлтэй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд  “Шонхор” дээд сургуулийн чөлөөт бөхийн ангид орсон байна. Нутагтаа жүдогоор амжилт гаргасан болохоор бөхийн аль төрлөөр нь хичээллэх вэ гэж нэлээд эргэлзсэн тэрбээр  найзынхаа зөвлөснөөр чөлөөт бөхөөр хичээллэхээр сонгож  эл спорттой амьдралаа холбосон гэдэг.

 

 Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн. Ц.Энхжаргал Гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг. Яах аргагүй түүнд тохирсон тодотгол мөнөөс мөн. Ц.Энхжаргал Гавьяатын гаргасан жимээр алхаж, түүнээс үлгэрлэсэн эмэгтэй бөхчүүд өнөө цагт ямар амжилт гарган, Олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгаад буйг энд онцлох илүүц биз ээ. Тэрбээр үрийн зулай үнэрлэн дэвжээндээ эргэж ирээд, 2016 онд “Mongolia open”-д түрүүлж, дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь ясны тамирчных нь илрэл. ДАШТ-ийн хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Монгол Улсын 10 удаагийн аварга тэрбээр өнөөдөр  Монгол Улсыг тив, дэлхий, олон улсын тавцанд цуурайтуулсан олон шилдэг тамирчин бэлтгэн төрүүлэхийн төлөө чөлөөт бөхийн дасгалжуулагчаар  шамдан ажиллаж байна.