Дэврээж дэврээчихээд гэнэт л дэвсэлж эхэлдэг......

Нийгэм, Эдийн засаг

Монголчууд бид туйлшрамтгай, ёстой л улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвана гэдэг шиг улс. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болж, олон нийтийн сүлжээ ашиглаж эхэлснээр бүр хаданд гарсан гэж болно. Өчигдөр л нэг зүйлийг тэнгэрт тултал нь магтаж байсан бол өнөөдөр салхи нөгөө талаас үлээв үү гэлтэй бүр эсрэгээрээ газар дор ортол нь  муу хэлж байх жишээний, эсвэл аль муугаар нь дуудаж байснаа тэндээс өөр нэгэн эсрэгээр нь  хэлээтэхвэл  дагаад л хуйларна.

Гуравхан аравны өмнө дөө, Ю.Цэдэнбал шиг муу хүнгүй л болж, дарангуйлагч, хэлмэгдүүлэгч хэмээн хэлэх муу үгээ олохгүй байсан атал өнөөдөр түүн шиг сайн хүнгүй мэт.

Гадаадад зорчдог болж, хувьдаа мал хөрөнгөтэй, орон сууцтай болж, хэрдээ тохирсон аж ахуй эрхэлж, ядахнаа л ТҮЦ мухлагтай болон үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхүйц болж   байсан үедээ ардчилал шиг сайхан зүйлгүй байсан хэрнээ өнөөдөр тэр үеэсээ ч илүүтэй хөлжиж бэлжиж, хөрөнгөжиж амьдрал нь өөдөлж дэвшсэн атлаа ардчилал шиг адгийн юм байхгүй болж нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг хэлэх муу үгээ олж ядах.

Чухам л ардчиллын буянаар хөлжиж бэлжин,  өмч хөрөнгөтэй болоод дэлхийн улс орнуудаар бядан авсан нэгэн хаа тэртээ холын америкаас дөнгөж буугаад, хэдэн зуун саяын үнэтэй жипээрээ давхиж, өчнөөн тэрбумын үнэтэй хаусныхаа хашаанд орохдоо хамгийн үнэтэй гар утсаар хэн нэгэн рүү утас цохин ардчиллыг адгийн муугаар зүхэн харааж суух нь инээдтэй. Ардчиллыг, өөр хэн нэгнийг ингэж муу хэлэх эрхийг нь ардчилал өгсөн гэдгийг ор тас мартчихсан нь тэр.

Алив зүйл, үйл явдал хийгээд хэн хүний сайн сайхныг хар цагаанаар нь тунгаан бодож орц порцыг нь тохируулж чаддаггүй энэ хэт туйлшрал нь магадгүй аливааг зөв голдрилоо алдах, зам мөр нь гажуудахын эхлэл болдог ч байж болох.

Магтаал сайшаал, хараал зүхэл зөвхөн хувь хүмүүсийн хүрээнд ч биш, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллагад ч байдаг, энэ хэрээрээ хүмүүс, боловсон хүчинд нь ч гэрэл гэгээ, сүүдрээ тусгасаар ирсэн.

МАН-д нэгэн үе М.Энхболд шиг шалгарсан манлай өсөж дэвжиж яваа боловсон хүчин үгүй мэт л магтан сайшааж, нийслэлийн Засаг даргаас нь суга дэвшүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын тэргүүн, парламентын спикер хүртэл болгоод, бүр төрийн тэргүүн болгоно хэмээн  толгой тэргүүн дээрээ залж бурханчилж байв даа. Билгийн улирлын цагаан сараар намынхан нь гэрт нь очин хөлөөс нь адис авч, гутлыг нь үнсэн сөгдөн мөргөж байсан нь олон нийтийн сүлжээгээр тархсан.  Гэтэл нэг л өдөр буун дуу сонссон зээрийн сүрэг лугаа гэнэт эргэж түүн шиг муу хүнгүй болж, газрын наймаачин, МАНАН бүлэглэлийн толгойлогч, авлигач хэмээн намынхан нь ганцхан түүний эсрэг өвлийн хар хүйтнээр жагсаал цуглаан зохион байгуулан байж, сандал суудлаас нь ховхолж, албан тушаалыг нь булаан авч байв даа. Одоо М.Энхболд  гэдэг хүн МАН-ынхны хувьд бүү хэл