Өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас гал түймрийн гаралт ихсэж байна

Нийгэм, Эдийн засаг

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Тухайлбал, өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 25 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдалд ирсний дагуу хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гудамжинд 180х30 метрийн хэмжээтэй жалганд хог, өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан байна. Мөн өчигдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Зүүн Алтан Өлгийд очиход иргэн С-ийн хашаанд 0.7 га өнжмөл шар өвс шатаж байсныг унтаажээ. 

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.