Хүүхэд гэр бүлийнхээ халамж, анхаарал дор хөгжих нь хамгийн сайн хүмүүжлийн суурь болдог

Нийгэм, Эдийн засаг

“ГЭТЭЛ ИХЭНХ ЗДТГ-ЫН БАЙР ШИЛ ТОЛЬ БОЛЖ ШИНЭЭР СҮНДЭРЛЭСНИЙГ БҮГД ХАРЖ БАЙНА”

Цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар явуулаад удсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, хүүхдээ харьяаллынхаа дагуу сургуулийн өмнөх боловсролд асуудалгүй хамруулдаг цаг хэзээ ирэх нь бүрхэг хэвээр. Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.

- Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйн улмаас олон жил сугалаагаар элсэлт явуулж буй нь эцэг эхчүүдэд багагүй бэрхшээлтэй байна. Хүртээмж муу байгаа суурь шалтгааныг та мэргэжлийн хүний хувьд тодорхойлбол?
- Хүүхдийг цэцэрлэгт сугалаагаар хамруулж буй нь хөрөнгө оруулалтын архаг дутагдлын шинж юм.Боловсролын төсвийг урсгал зардал буюу ажилтнуудын цалин хөлс, ус цахилгаан гэх мэтэд зарцуулдаг бол нөгөө хэсгийн хөрөнгө оруулалт буюу шинээр цэцэрлэг сургууль барих, засвар хийх, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж авахад зарцуулагддаг. 90-ээд он гарахад улс төр, эдийн засаг хүнд болох үед урсгал зардлыг л олгож, хөрөнгө оруулалтыг бараг 2015 он хүртэл бүр зогсоосон.

skip-share

Цэцэрлэгт хүүхдээ явуулахын давуу талыг сайн ойлгосон эцэг эхчүүдийн ухамсар, мэдлэг дээшилсэн учир эрэлт хэрэгцээ маш их нэмэгдэж байна.

 

Тэгэхээр хөрөнгө оруулалтын 15 жилийн архаг дутагдалд орж түүний уршиг л одоо гарч байна. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулалт хийсэн ч бас нэг асуудал үүссэн. Боловсрол болон нийгмийн салбар хоорондоо уялдаа холбоотой. Тиймээс нийслэлийг чиглэсэн иргэдийн их нүүдэл бий болж, түүнд нь нийцэх хангалттай дэд бүтэц байхгүй болсон. Үүний цаана хөдөө, орон нутгийн хөгжлийг орхигдуулсан байдал бий. Хүн өөрийн болон үр хүүхдийн тав тух, сайхан байдлыг бодолцон аль таатай нөхцөл, боломж руу л тэмүүлнэ. Тэдний буруу биш. Харин эрх баригчдын хариуцлагагүй байдалтай л холбоотой.

Мөн хот дотроо цэцэрлэгийн хүртээмжийн ялгаа гарсан. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрханд цэцэрлэг хангалттай байгаа, сугалаа явуулах шаардлагагүй, одоо ч хүүхэд нэмж авах боломжтой байна. Тэгэхээр Улаанбаатар хот дотроо  цэцэрлэгийн хүртээмж янз бүр байгаа ба энэ нь төлөвлөлт хангалтгүй байгаатай холбоотой. Төлөвлөлт, төсвийн маш том алдаа. Үүнд улстөрчдийн нөлөө маш их. Сүхбаатар дүүргээс гарсан улстөрч дүүрэгтээ цэцэрлэгийн төсвийн хөрөнгө оруулалт тавиулж чадаж байна. Хотод цэцэрлэг барина гээд бид баярлаад байтал түүнийг нь огт хэрэгцээгүй газар барьчихсан байх нь олон. Учир нь Сүхбаатар, Баянгол, Чингэлтэйн оршин суугчдын ихэнх нь нийгэм эдийн засгийн статус дээгүүр иргэд улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх нь ховор. Гэтэл Баянзүрх дүүрэгт, миний амьдардаг хороонд ердөө ганцхан цэцэрлэг бий. Төлөвлөлт, төсөвлөлт, эрэлт хэрэгцээ хаана байна гэдгийг огт судлахгүй хийдэг нь арчаагүй төрийн царай. Ийм л шалтгаан бий.

skip-share

Цэцэрлэгийг үнэ төлбөргүй байлгах нь социалист нийгмийн онцлог. Ээжүүдэд ажлыг нь хийлгэх нөхцөлөөр хангахын тулд 45 хоногтой нярайг асардаг ясли хүртэл байсан.

 

Нөгөөтээгүүр эерэг өнцгөөс харахад өмнө нь харах хүнтэй бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хүүхдээ өгдөггүй байсан. Гэхдээ бага насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, харилцаа, тархины хөгжил цэцэрлэгийн насанд явж байдаг ба цэцэрлэгт явбал сургуульд илүү сайн бэлтгэгдсэн байдаг хэмээн мэргэжилтнүүд ярьж эхлэхэд эцэг эхчүүд заавал цэцэрлэгт өгнө гэж эрмэлзэх болсон. Ялангуяа боловсролын салбарт таван настай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө заавал цэцэрлэгт явуулах гэсэн хууль, бодлогыг баримталж байна. Тиймээс цэцэрлэгт хүүхдээ явуулахын давуу талыг сайн ойлгосон эцэг эхчүүдийн ухамсар, мэдлэг дээшилсэн учир эрэлт хэрэгцээ маш их нэмэгдэж байна.

- Монгол Улс цэцэрлэгийн насны хүүхдүүдээ үнэ төлбөргүй хамруулж буйгаараа боловсролын салбарт дэлхийд бусад улсаас ялгарна хэмээн БШУЯ-ны албаны дарга хэлж байсан. Нөгөөтээгүүр энэ  нь нэг давуу тал болох ч хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байх шиг.
- БШУЯ-ны мэдээлэл үнэн. Олон жилийн өмнө цэцэрлэг нь хүүхэд асрах газар байсан. Харин боловсролын институци байгаагүй. Сургуулийн өмнөх боловсролын хууль гарч албан ёсоор боловсролын байгууллага буюу хөтөлбөртэй, зорилготой болсон. Цэцэрлэгийг үнэ төлбөргүй байлгах нь социалист нийгмийн онцлог. Ээжүүдэд ажлыг нь хийлгэх нөхцөлөөр хангахын тулд 45 хоногтой нярайг асардаг ясли хүртэл байсан.  Энэ хандлага л уламжлагдаад ирсэн.

skip-share

Гэтэл ихэнх дүүргийн Засаг даргын тамгын газрын байр шил толь болж шинээр сүндэрлэснийг бүгд харж байна

Харин капиталист нийгмийн уламжлалтай орнуудад СӨБ нь хувийн хэвшлийн “нуруун дээр” байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эх хүүхдээ хувийн цэцэрлэг, хүүхэд асрагчаар харуулдаг. Ийм хоёр ялгаа бий. Тиймээс цэцэрлэг үнэ төлбөргүй байдаг хэмээх ард иргэдийн сэтгэлгээнд аль хэдийнэ суусан хандлагыг гэнэт өөрчилж, гэр бүл, эцэг эхэд шууд хариуцуулж мэдээж болохгүй. Тэгэхээр манайх дэлхийн  улс орнуудтай харьцуулахад төрийн маш том санхүүжилттэй, хүүхэд харах үйлчилгээ бүхий сургуулийн өмнөх боловсролыг олгодог. Ард иргэд, эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлж буйгаараа энэ бол үнэхээр сайн. Харин капиталист өнцгөөр хараад үүнийг багасгах гээд байж магадгүй юм. Социализмаас үлдсэн сайн сайхан юмаа хадгалаад үлдэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, өрхийн санхүү, гэр бүлд эерэг нөлөөтэй.

 

skip-share

Хүүхдийн хэл яриа, нийгэмших, харилцах, тархины хөгжил явагддаг энэ үед эцэг эхчүүд үл хайхрах хүчирхийлэл үйлдэж, хүүхдээ анхаарахгүй утсаа “маажаад” л суудаг.

Гэхдээ хүүхдийн эрхийн төлөө үргэлж дуугарч байдаг хүний хувьд хэлэхэд, хэрэв хүүхдийн ашиг сонирхлын нүдээр харвал 1-3 нас хүртэлх хугацаандаа гэр бүлтэйгээ байх нь хавь илүү юм. Хүүхэд гэр бүлийнхээ халамж, анхаарал дор хөгжих нь хамгийн сайн хүмүүжлийн суурь болдог. Учир нь  багш цэцэрлэгийн хүүхэд бүрийг анхаарч, халамжилж чадахгүй. Мөн олон хүүхэд дунд орохоор халдварт өвчин тусах нь ихэсдэг. Түүнээс гадна гэртээ байгаа хүүхэд эрсдэлт зан үйлтэй багшийн хүчирхийлэлд өртөхгүй. Хүүхдийг харанхуй өрөөнд цоожилж, айлган сүрдүүлж, бие засуулахгүй өмдөнд нь шээлгэх гэх зэрэг хүчирхийллийн эрсдэл бий. Тэгэхээр үүнд өртөхгүй байх давуу талтай. Хүүхэд энэ насандаа гэр бүлдээ, өвөө эмээ, ээж аавынхаа халамжинд байх нь илүү дээр юм.

 

- Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд эцэг эхчүүдийн боловсрол их чухал байх.
- Яг тийм. Хүүхдийн хэл яриа, нийгэмших, харилцах, тархины хөгжил явагддаг энэ үед эцэг эхчүүд үл хайхрах хүчирхийлэл үйлдэж, хүүхдээ анхаарахгүй утсаа “маажаад” л суудаг. Хувийн ажил болоод гэрийн ажлаа хийж байхдаа тээршааж “цаашаа, цаашаа” хэмээн хүүхэдтэйгээ ярьдаггүй, хөгжлийг нь дэмжихгүй байх нь олон.

Мөн хүүхдийн харилцааг өдөөх нь битгий хэл харьцдаггүй, ном уншиж өгөхгүй, ном бариулдаггүй, хүүхэдтэйгээ тоглоомоор тоглодоггүй, хүүхдийнхээ хэлж, асууж байгаа зүйлд хариулдаггүй бол хүүхэд хөгжлийн алтан үе болох тархины хөгжилд дэмжлэг болохгүй байна гэсэн үг. Тэгэхээр нийгэмд эцэг эхийн боловсролыг нэмэх шаардлага бий болоод байна. Тэр нь жирэмсний хяналтад ороход зөвхөн эмчийн үзлэг биш эцэг эхийн боловсролыг давхар олгох хэрэгтэй. Наад зах нь “Хүүхдийн хэл ярианы хөгжил жирэмсний долоон сартайгаас эхэлнэ, та өөрөө болон аав нь ярьж эхэлнэ шүү” гэдгийг хэлж өгөхөд мэдээж эцэг эх хэрэгжүүлнэ. Мөн төрснөөс хойш ямар чадварууд хэдэн сартай, настайгаас эхэлж хөгждөг, түүнд нь эцэг эх хэрхэн дэмжлэг болох, хүүхэд гэр бүлтэйгээ байхдаа тоглоом, номоор дамжуулж хэрхэн хөгжих болох талаар заах ёстой. Үүнийг жирэмсний иог, уулзалт цуглаан хийдэг хувийн хэвшлийн байгууллагууд ч хэрэгжүүлж болно.

skip-share

Цаашлаад телевизийн бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөр, үндэсний контент ч цэцэрлэгийн эрэлт хэрэгцээг бууруулахад ч нөлөөлөх юм.

 

Тэгэхээр гурван нас хүртэлх хүүхдийг заавал цэцэрлэгт хөгжүүлэх албагүй гэсэн үг. Хүүхэд гэр бүлийн орчинд хөгжих бүрэн боломжтой бөгөөд үүнд эцэг эхчүүдийн боловсрол чухал нөлөөтэй. Ижил насны хүүхэдтэй, гэр ойролцоо байдаг ээжүүд хамтдаа хүүхдээ салхилуулж, тоглуулдаг. Энэ маш зөв. Хүүхэд энэ чинээгээр харилцаанд орж, нийгэмшиж байдаг.

Мөн цаашлаад энэ нь нийгмийн байгууллагуудын оролцоо ч чухал. Хороон бүрд сургалтын танхим гэж бий. Жишээ нь, нэг настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах зуур хүүхдүүдийг нь хамт тоглуулж болно. Тэгэхээр нийгэмшлийн хөгжлийг нь дэмжих бас нэг асуудал гарч ирнэ. Энэ нь цаашлаад нийслэл, орон нутаг, хот төлөвлөлттэй ч уялдаатай асуудал. Тоглоомын талбайгүй бол ээж нар хаана уулзах вэ гэдгээс л асуудал эхэлнэ. Цаашлаад телевизийн бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөр, үндэсний контент ч цэцэрлэгийн эрэлт хэрэгцээг бууруулахад ч нөлөөлөх юм.

“ЭХЛЭЭД ЦЭЦЭРЛЭГ БАРИХ УУ, ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙР ЭСВЭЛ ШОРОН БАРИХ УУ ГЭДГЭЭ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ”

- Боловсролын багц хуулийн төсөлд эцэг эхчүүдийн боловсролын талаар тусгагдсан байгаа юу?
- Бага насны хүүхдийн хөгжилд зориулж БШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамтран хөтөлбөр боловсруулсныг эцэг эх, гэр бүл нь үү, яг хэн хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй ганц өгүүлбэр байгаа юм. Боловсролын үйл ажиллагаанд тэр дундаа СӨБ, ЕБС-ийн боловсролд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсролыг эзэмшүүлэх ба хүүхэд зөвхөн сургууль дээр л сурдаггүй бөгөөд эцэг эх, гэр бүл, найз нөхөд, хэвлэл мэдээллээс суралцдагийг таниулна гэсэн үг. 

skip-share

Хүн амын тоо, тооцоон дээр суурилсан хөрөнгө оруулалт, төсвийн оновчтой зарцуулалт хийх буюу улстөрчдөөс хараат бус болгох хэрэгтэй

 

Тэгэхээр хуульд гэр бүл, эцэг эхийн үүргийг өндөрсгөх үзэл, концепци нь тусгасан нь сайшаалтай ч бүрэн бус, зарим зүйл бүрхэг буюу хагас дутуу санагдсан. Ямартай ч 4-5 насны хүүхдийг СӨБ-д хамруулна, түүнээс доош насны хүүхдийг орхигдуулахгүй, харин гэр бүл, хувийн хэвшлийн цэцэрлэгт хөгжүүлнэ. Гэхдээ энэ нь зөвхөн боловсролын салбарын асуудал биш бөгөөд цаашлаад хоол тэжээл, амин дэм гээд эрүүл мэндийн асуудалтай холбогдоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур айл өрхийнх гээд нийгмийн асуудалтай холбогдоно. Тэгэхээр гурван яамны салбар дундын хөтөлбөр болгож хэрэгжүүлэх юм.

- Тэгвэл цэцэрлэгийн хүртээмжийн шийдэл юу байж болох вэ?
- Хүн амын тоо, тооцоон дээр суурилсан хөрөнгө оруулалт, төсвийн оновчтой зарцуулалтыг хийх буюу улстөрчдөөс хараат бус болгох хэрэгтэй. Цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ, ачаалал ойрын 10 жилдээ багасахгүй байх. Тиймээс цэцэрлэгийг нэмж барих, тэр дундаа хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх хэрэгтэй. Эхлээд цэцэрлэг барих уу, дүүргийн засаг захиргааны байр эсвэл шорон барих хэрэгтэй юу гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Аль нь ирээдүйтэй, алсыг харсан, улс орон, хүний хөгжилд хувь нэмрээ оруулах вэ гэдэг хөрөнгө оруулалтын оновчтой эрэмбэлэлт маш муу байна. Ялангуяа эхний хэдэн жилдээ цэцэрлэгээ хангалттай бариад сугалаагүй элсэлттэй болсны дараа дүүргийнхээ байрыг барих хэрэгтэй. Тэгж болох л байсан.

Ихэнх дүүргийн Засаг даргын тамгын газрын байр шил толь болж шинээр сүндэрлэснийг бүгд харж байна. Нийслэлийн засаг захиргааны байраар жишээ авъя.  Талбайн хажууд хуучин байрныхаа дэргэд цэнхэр шилэн байр бариад, ардаа дахин хар өндөр шилэн байр барьсан. Одоо Яармагт цоо шинэ байртай боллоо. Эрэмбэлэл алга. Хүний хөгжилдөө анхаарсан хөрөнгө оруулалтын эрэмбэлэл бодлогод энд алга. Хүүхэд бол эрх мэдэлгүй “амьтан”. Сонгуульд санал өгдөггүй, өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэдэггүй учир тэдний төлөөх бүтээн байгуулалтыг хийхгүй, хөгжлийг дэмжих дэд бүтцийг оновчтой хийхгүй байна.