ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ФОРУМ: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 150 АМ.ДОЛЛАРЫН ХҮРЭХ БҮРЭН МАГАДЛАЛТАЙ

Нийгэм, Эдийн засаг

Олон улсын эрчим хүчний форум (IEF)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жозеф Макмонигл 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Bloomberg-т ярилцлага өгөхдөө, барууны орнуудын ОХУ-д хориг тавьж байгаа энэ үед Оросын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ буурч газрын тосны үнэ 150 ам.долларт хүрч болзошгүй байна гэжээ.

Тэрбээр ОХУ, Украины нутаг дэвсгэрт цэрэглэн довтолсны дараагаар Оросын газрын тосны нийлүүлэлт өдөрт ойролцоогоор 1.5 сая баррелиар буурна гэсэн болов ч үүний зах зээлд бодитой нөлөөлөхөд дахин хоёр долоо хоног шаардагдана гэжээ. Тэгэхээр ирэх саруудад газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, цаашдаа  баррель нефтийн үнэ 150 ам.доллар хүрэхийг хүлээж буйгаа мэдэгдлээ.

Газрын тосны үнийн өсөлт нь дэлхийн эрэлтэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бөгөөд дэлхийн газрын тосны эрэлт цар тахлын өмнөх үеийнтэй харьцуулахад 98 хувь, нийлүүлэлт нь 95 хувьд хүрсэн байна. Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нь ОПЕК+ болон түүний зарим гишүүд өөрсдийн квотдоо хүрч чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа ч эрэлт, нийлүүлэлтийн зөрүүний тал хувь нь АНУ-д ногдож байна. Хөрөнгийн сахилга бат, нийлүүлэлтийн хязгаарлалт нь Америкийн газрын тос үйлдвэрлэгчдийг хоёр жилийн өмнө цар тахалд нэрвэгдэхээс өмнөх шигээ их хэмжээгээр олборлоход саад болж байна гэж Макмонигл хэлжээ.

Эрчим хүчний салбарын бусад шинжээчид болон хөрөнгө оруулалтын банкуудын үзэж буйгаар ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтэд хязгаар тавьснаар  баррель нефтийн үнэ 150 ам.доллар хүрнэ гэж байна.

Тодруулбал, ОХУ-аас зах зээлд нийлүүлэх газрын тосны тасалдал бүтэн жилийн турш үргэлжилбэл нэг баррель Брент маркийн тосны үнэ 185 ам.доллар хүрч, дэлхийн газрын тосны эрэлт өдөрт гурван  сая баррелиар мэдэгдэхүйц буурах магадлалтай болохыг J.P. Morgan Global Research 2022 оны гуравдугаар сарын эхээр мэдэгджээ.

Нэмж дурдахад, ОПЕК болон ОПЕК+ бүлэг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, өмнө тохирсон нийлүүлэлтийг өдөрт 400,000 баррелиар нэмэгдүүлэхээр өмнө тохирсон ёсоор  нийлүүлэлтийн бодлогоо ирэх тавдугаар сард хэвээр хадгалах магадлалтай байгааг хэд хэдэн эх сурвалж мэдэгдээд байна.

ОПЕК+ бүлгийн гол гишүүд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Украинд түрэмгийлсэн Оросын эсрэг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдэж, тус бүлэг нь улс төрийн нөхцөл байдлыг үл харгалзан зөвхөн зах зээлийг тогтворжуулах зорилготой гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж:

International Energy Forum: $150 Oil Is Possible | OilPrice.com

Oil rises on supply tightness despite "constructive" Ukraine-Russia talks By Reuters (investing.com)