Т.Ганхуяг: Хайчилбарыг хар, цагаан өнгийн цаасан дээр хийдэг учраас их гоёмсог харагддаг

Нийгэм, Эдийн засаг

Уламжлалт гар урлал болох  уран хайчилбарыг түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор олон хүүхэд багачуудыг энэ урлагт татан оролцуулж байна хэмээн ажил мэргэжлээрээ бахархах дуртай Монголын  Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран хайчилбарын багш,  Т.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр энэхүү гоёмсог  урлагийг багаасаа эзэмшжээ.

-Уран хайчилбар гэдэг нарийн мэдрэмж шаардсан ажил. Гэвч та энэхүү авьяасаа  эдүгээ хүүхэд багачуудын хүртээл болгож явна?

-Хүүхэд байхдаа ааваараа заалгаж  уран хайчилбар хийж  сурсан. Одоо 12 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж, Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн олон хүүхэд багачуудад зааж сургаж байна. Уран хайчилбар манай уламжлалт ардын урлагийн зураасан зургийн нэг төрөлд ордог. Тэгээд 18 дугаар зуун буюу  ширдэг ширж, эсгийгээр үнэг хайчилдаг байсан тэр үеэс  хөгжиж ирсэн. Эдүгээ орчин үеэ дагаад ур чадвар өндөрсөөд зөвхөн хайч цаас хоёр ордгоороо давуу талтай. Хүний  дүрсийг сүүдэртүүлж зурна гэдэг сүүдэр дүрс гэсэн утгатай. Маш өндөр түвшинд анхаарал бүрэн төвлөрсөн байх шаардлагатай болдог. Тийм учраас ялангуяа олон хүн цугларсан газар хайчлах үедээ анхаарлаа сарниулахгүйн тулд бясалгалын арга хэрэглэхэд илүүдэхгүй. Наад зах нь хүний сормуусыг хийдэг учраас маш нарийн ажиллагаатай. Зарим үед амьсгалаа түгжих  үе ч гардаг. Энэ утгаар нарийн чимхлүүр ажиллагаатай ажил гэж хэлж болно.

-Үнэхээр адилхан хайчилсан байна. Яг би байна гэх зэргээр хөргөө  хайчлуулсан  хүмүүс баяр талархлаа илэрхийлэх нь олонтаа байх даа?

 -Тэгэлгүй яахав. Ихэнх хүмүүс адилхан хайчилсан байна гэдэг. Энэхүү  сайхан урмын үгсээс  ажлын эрч хүч авдаг. Улмаар  тухайн хүндээ сайхан бүтээл гаргаж өгөх сэтгэгдэл ч төрнө. Уран  хайчилбараар хүний хөрөг болон бусад бүх төрлийн зүйлийг хийнэ гэдэг гайхамшигтай.  Миний хувьд ихэвчлэн хүний хөрөг олны танил алдартай хүмүүсийн  хайчилбарыг хийж  байна.  Үүнээс гадна ахуйн, аж байдлын сэдэвтэй гээд бүх төрлийг дүрсэлж байгаагаараа онцлог. Тийм учраас  миний уран бүтээлд хүний хөрөг  зонхилох байр суурь  эзэлдэг.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал маркетинг  борлуулалт байдаг. Иймд эдгээр сайхан бүтээлээ хаана худалдаалж байна вэ?

-Жуулчны  компаниудтай  уран бүтээлээ худалдаалах тал дээр хамтарч  ажилладаг. Хажуунаас нь харж сүүдэртүүлсэн хайчилбар   монголчуудад хийж өгөхөд 20 мянган  төгрөгийн үнэтэй. Харин гадаадын жуулчдад  20, 30 ам.доллар гээд харилцан адилгүй үнэлгээтэй байдаг.  Жуулчны баазуудаас ч захиалга ирдэг юм.

-Уран бүтээлээ үзэсгэлэнд их толилуулж  байна уу?

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвөөс зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд жил бүр оролцдог. Мөн Монголын Урчуудын Эвлэлээс залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг олон үзэсгэлэн бий. Тийм учраас өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлээ бусдад таниулж өргөжүүлэх үүднээс аль болох үзэсгэлэнгүүдэд оролцохыг хичээдэг. Хайчилбарыг  хар, цагаан  өнгийн цаасан дээр үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээр нь хийж өгдөг. Тийм учраас гэртээ фото зураг биш, хайчилбар буюу уран бүтээл тавихыг чухалчилсан хүмүүс  гэр бүлэээрээ хөргөө хайчлуулах дуртай байдаг. Энэ нь арт талаасаа гоёмсог харагддаг юм.

 -Уран бүтээлээсээ ямар үед сэтгэл ханамж авдаг вэ?

-Бүтээлээ хийж дуусгасны дараа омогших, бас миний бүтээлийг  олон хүн харж баясахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг.Цаашилбал, дуртай зүйлээ хийж мөнгө олно гэдэг хамгийн аз жаргалтай зүйл юм даа.