Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчирсан тамирчдийн мөнгөн урамшуулал

Соёл урлаг, Спорт

Монгол Улс 2013 оноос эхлэн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчирсан тамирчиддаа сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон. Насан туршид нь, сар бүр олгох энэ урамшуулал хүүхэд, залуучуудад мэргэжлийн спортоор хичээллэн амжилт гаргах сэдэл, нөгөө талаараа тамирчдад байнгын бэлтгэлтэй байх боломжийг олгодог. 

Засгийн газрын тогтоолд заасанчлан урамшууллыг медалийн өнгөнөөс шалтгаалан 500.000-4.000.000 төгрөгөөр тогтоожээ. Өнгөрсөн сард шинэчлэн тогтоосноор 67 тамирчин хөдөлмөрөө ийн үнэлүүлж байх юм.

Тухайлбал, Э.Содномпилжээ 2016 оны Паралимпын хүрэл, 2017 оны ДАШТ-ий мөнгө, 2019 оны ДАШТ-ий алт, 2021 оны олимпын алт, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн амжилтаар нийтдээ 10 сая төгрөгийн урамшууллыг сар бүр авах юм.

Пара-таеквандоч Г.Болор-Эрдэнэ сард 8 сая төгрөгийн урамшуулал авна. Тэрээр 2015, 2017, 2019, 2021 оны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн учир ийн урамшуулал авах нөхцөлөө бүрдүүлжээ.

Харин З.Ойдов 1976 оны олимпын мөнгө, 1974 оны ДАШТ-ий алт, 1975 оны ДАШТ-ий алт, 1977 оны ДАШТ-ий хүрэл медалийн амжилттайгаар нийтдээ 7.5 сая төгрөгийн урамшуулал авна. Түүнтэй ижил дүнгээр Н.Түвшинбаяр сар бүр урамшуулал авч байна. Тэрээр 2008 оны олимпын алт, 2012 оны олимпын мөнгө, 2017 оны ДАШТ-ий хүрэл медалийн амжилтаар сард 7.5 сая төгрөгийн урамшуулал авна.

Эвлүүлэг2.jpg

Томоохон тэмцээнд оролцохдоо аваргууд маань бизнесийнхэн, улстөрчдийг царайчилж зардал "гуйдаг" явдал байсан нь саяхных. Ямар ч байсан урамшуулалтай болсноор ажлын хажуугаар бэлтгэлээ хийдэг биш ардаа санаа зовохгүйгээр спортод бүх сэтгэл, зүтгэлээ зориулах боломжтой болсон. Урамшууллыг авч буй тамирчид сэтгэл ханамжтай, тэдэнд өгөөжтэй байгааг дээр дурьдсан. Харин иргэд зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, эрүүгийн хэрэгт шалгагдаж, ял шийтгэл эдэлсэн ч урамшууллаа насан туршдаа авах зохицуулалтыг эсэргүүцдэг. Зөвхөн сэргээшийн асуудалд холбогдсон тохиолдолд энэ урамшууллыг олгохгүй гэсэн заалттай. Тиймээс үүнийг өөрчлөх саналыг УИХ-ын БСШУС-ын байнгын хорооноос санал гаргаад буй юм.