"ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2022" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Соёл урлаг, Спорт

      "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүссэний 111 жил, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойн хүрээнд "Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. 1989 оноос хойш зохиогдож байгаа тус наадамд энэ жил 56 яруу найрагч шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж,  Үлээвэр хөгжмийн яруу тунгалаг хөг эгшиг, 1939, 1945 оны дайнд оролцсон ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа уншлаа.

            Наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхны наадмын Тэргүүн шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Дамбын Төрбат, Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь, Батлан хамгаалахын сайдын Иргэний зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч, "TV5" телевизийн ерөнхий редактор Өлзийбаярын Отгонбаатар нар ажиллалаа. 

         Жанжны сэлэмт найргийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга, дэд байрт “Болор цом” наадмын дэд байрын шагналт найрагч О.Цэнд-Аюуш, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, тусгай байрт  МЗЭ-ийн шагналт В.Нэргүй нар тус тус шалгарлаа. 

Энэ жил оролцсон 56 яруу найрагчаас Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 7, "Болор цом" наадмын шагналт байрын эзэд 5, "Эх орны цэрэг" наадмын шагналт байрын эзэд 3, МЗЭ-ийн шагналт 8, Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан 3, Зэвсэгт хүчний офицер 8, ахлагч 3, хугацаат цэргийн алба хаагч 2, Чөлөөт уран бүтээлч 17, Хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллагаас 3, Их сургуулийн оюутан  2, Увс, Хөвсгөл, Орхон, Дундговь, Өмнөговь аймгуудаас нийт 120 шүлэг ирсэн байна.

Энэ жилийн наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг  "TV5" телевизтэй хамтран зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.