“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

Соёл урлаг, Спорт

Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах "The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Х.Ядам ялагчаар тодорлоо. Тэрбээр  үзэгчдийн нийт саналын 58 хувийг авч чаджээ. 

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт Renault брэндийн KAPTUR загварын автомашиныг бэлэглэхээр боллоо. 

Энэ жилийн "The Voice of Mongolia" шоу тэмцээний төгсгөлийн шатанд:

  • Б.Оюу /Д.Отгонбаяр/
  • Г.Эрмүүн /С.Ононбат/
  • Х.Ядам /Д.Болд/
  • Э.Дашням /Ука/ нар шалгарч үлдсэн билээ.

Төгсгөлийн шатны тоглолтыг ялагчийн төлөө өрсөлдөгч Э.Дашням дуурийн дуучин Андреа Бочеллигийн "Time to say goodbye" дуугаар эхлүүлсэн юм.

Тэрбээр "Миний амьдралын хамгийн сайхан дурсамж, хамгийн гайхалтай түүх. Өдий хүртэл дэмжиж ирсэн Монголынхоо түмэн олонд маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм. Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр "The Voice Of Mongolia"  шоуны финалын нээлтийг дэлхийн хэмжээний дуугаар эхэлж байна. Маш өөр Дашнямыг олж харлаа. Чамд амжилт хүсье" гэлээ. Түүний дасгалжуулагч, шүүгч Ука "Отгоо ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өөрийн гэсэн дүр төрхтэй, зан аальтай сайхан хүн, шилдэг оролцогч. Чиний хоолойд маш сайхан тохирсон. Өнөөдөр чамаар маш их бахархаж байна" гэлээ.

Оролцогч Х.Ядам Элвис Преслигийн "Jailhouse rock" дуугаар доргиож Voice-ийн тайзнаа анхны рокн роллыг эгшиглүүлэв. Тэрбээр "Намайг өдий хүртэл дэмжиж ирсэн Монголын ард түмэндээ, хайртай шүүгчдээ, хөгжимчдөдөө баярлалаа" гэсэн бол Ука шүүгч "Хүсэн хүлээсэн үзүүлбэрийг чи үзүүлж чадлаа" гэлээ. 

Шүүгч Отгоо "Болд өөрөө маш олон хөгжмийн мэдрэмжтэй. Рокнролллыг эгшиглүүлсэн нь маш том амжилт байлаа" гэсэн бол дасгалжуулагч Д.Болд  Ядамын хувьд хүнд даваа байсан гэдгийг онцлон хэлсэн юм.

Ялагчийн төлөө өрсөлдөгч Б.Оюу дуучин Селин Дионы "All by myself" хэмээн уянгалаг дуугаа толилууллаа. Тэрбээр "Маш их зүйл сурч, ойлгож авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа" гэлээ. 

Шүүгч С.Ононбат "Оюу бидэнд өнөөдөр ямар хоолойтойгоо баталлаа. Чамд маш зохисон дуу байна" гэсэн бол шүүгч Д.Болд "Voice-т 5000 залуучуудаас өнөөдөр дөрөвхөн оролцогч үлдчихлээ. Чи өнөөдөр тайзан дээр хэдийнээ хэрэгтэй дуучин гэдгээ баталлаа" гэлээ.

Дасгалжуулагч Ука "Өнөөдөр гурван эрэгтэйтэй өрсөлдөж олон залуучуудын хүсэл мөрөөдлийн хөтөч болж байна. Чам руу олон хүн мессеж илгээнэ гэдэг итгэлтэй байна" гэлээ. Түүний дасгалжуулагч Д.Отгонбаяр "Маш их аз жаргалтай, баяраар дүүрэн байна. Монголын ард түмэн чиний дуу хоолойг сонсоод бүгд чамаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бүгд чамд саналаа өгөх байх аа, би итгэж байна" гэлээ.

Ялагчийн төлөө өрсөлдөгч Г.Эрмүүн "The Hu" хамтлаг&Жэйкоби Шэддикстэй хамтарсан "Wolf Totem" дуугаар финалын шатны шалгаруулалтыг хаалаа. Тэрбээр "Voice шоуны оролцогчид асар том сорилтыг давж байдаг. Оролцогч бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа" гэсэн юм. 

Шүүгч Д.Отгонбаяр "Ононбатаас ийм үзүүлбэр гарна аа. Маш олон хамтлаг дуучдыг гаргаж ирсэн хүн. Эрмүүнээр финалын шатыг маш гайхамшигтай хаалаа" гэлээ. Шүүгч Д.Болд чамд байгалиас заяасан өгөгдлүүд байдаг" хэмээсэн бол шүүгч Ука  энэ хүртэл явж ирсэн дөрвөн оролцогчдоо баяр хүргэлээ.

Түүний дасгалжуулагч С.Ононбат "Дэлхийн хэмжээний тайзан дээр алдаршиж байгаа Монгол  хамтлагаа гаргахгүй бол өөр хэзээ гаргах вэ. Би чамд маш хэцүү даалгавар өгсөн. Маш амжилттай биелүүлсээр ирсэн. Чамаар маш их бахархаж байна" гэлээ.

Ингээд санал хураалтын шугам нээгдсэний дараа оролцогч бүр өөрийн дасгалжуулагчтай хамтарсан үзүүлбэрээ эхлүүлсэн юм. Х.Ядам, Д.Болд нар "Мартахаасаа өмнө" дууг хамтарч дууллаа. Б.Оюу, Д.Отгонбаяр нар "Хурд" хамтлагийн "Хамаг Монгол", оролцогч Г.Эрмүүн, дасгалжуулагч С.Ононбат нар Харанга хамтлагийн "Blues"  дууг дууллаа. Дуучин Ука өөрийн дасгалжуулсан оролцогч Э.Дашнямтай "Уул" дуугаа хамтран дуулсан юм.

Үзэгчдийн саналаар ялагчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Б.Оюу болон Х.Ядам нар үлдсэн бөгөөд дахин санал хураах шугам нээгдсэн юм.