Э.ЦЭНДБААТАРЫН ӨРСӨЛДӨГЧ АЛЬБЕРТ БАТЫРГАЗИЕВ ГЭЖ ХЭН БЭ?

Соёл урлаг, Спорт

Токиогийн олимпын наадамд манай гурван боксчин оролцсоноос Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байгаа.

Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан.Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиевтай тулалдана.

Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байсан боксчин.

Мэргэжилд 3 тоглож, бүгдэд нь цагаас өмнө хүнд цохилтоор ялж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард ӨАБНУ-ын Сибусисо Зингангег долоодугаар үед хүнд цохилтоор ялжээ.

Тэр Токиогийн олимпод оролцсоныхоо дараа мэргэжилд бүрэн шилжинэ гэдгээ зарлаад байгаа. Олимпын аварга болчихвол мэргэжилд зиндаа ахихад хялбар болно гэж ярьсан удаатай.

Альберт Токиогийн олимпод нэг тулалдаж, нэг ялсан байгаа. Доминиканы Алекс де ла Крузыг илт давуу буюу 5:0-ээр ялсан.
 


АЛЬБЕРТ БАТЫРГАЗИЕВ
 

23 настай, дагестан үндэстэн.

Дасгалжуулагч - Руслан Куштанов

Баг - ЦСКА

ОУХМ цолтой.

Нижневартовын их сургуулийн оюутан.

Кикбоксын идэрчүүдийн дэлхий, Европын аварга.

Олимпын аварга болох мөрөөдөлтэй тул 2016 онд кикбоксоо орхиж, боксын спортод шилжсэн түүхтэй. 2017 онд анх удаагаа боксын УАШТ-д оролцож, шууд түрүүлсэн.

2019 оны ДАШТ-д шөвгийн наймд Кубын Ласаро Альварест ялагдсан.

Филиппины боксчин Мэнни Пакьяог шүтдэг.