Эрх чөлөөтэй барилдах гэж эх орондоо очоогүй иран буюу Монголын Моллаеигийн түүх

Соёл урлаг, Спорт

Өнөөдөр Токиогийн олимпын наадмын татами дээр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлж Саид Моллаеи гарна. Яавч монгол нэр биш байгаа биз? Тийм ээ, учир нь тэр монгол хүн биш. Харин Монголын иргэншлийг авч, Германд амьдардаг тамирчин юм. Уг нь Монгол улс бөхийн орон. Харийн бөхийг авчирч легионер болгоод хэдэн монгол залуусынхаа олимпын татами дээр гарах замыг хаах бас таатай биш ээ. Гэвч нэгэнтээ ийм явдал болчихсон, өнөөдөр тэр татами дээр гарах болно.

 

Моллаеи одоо 29 настай. Ирэх өвөл Монголд идэр есийн хүйтэн тачигнаж байх зуур тэр Германд 30 насны төрсөн өдрөө угтах буй за. 2018 оны Дэлхийн аварга, үүнээс жилийн өмнө Дэлхийгээс хүрэл медаль авсан амжилттай. Азийн наадамд 2018 онд барилдаад мөнгөн медаль хүртсэн. Сонирхуулахад, өнөөдөр түүнтэй эхний тойрогт таарсан Казахстаны бөх Дидар Хамза тэрхүү Азийн наадмын финалд Моллаеиг ялсан юм.

 

 

Ялах ч юу байхав дээ, эцсийн мөч хүртэл Моллаеи үнэлгээ илүү, хоёулаа адилхан хоёр торгуультай явлаа. Гэвч сүүлчийн секундэд Моллаеи хамгаалах маягтай өвдөглөөд суучихсан учир шүүгч нар барилдааны цаг дууссаны дараагаар хэлэлцээд гурав дахь торгууль өгөөд ялагдсанд тооцсон түүхтэй.  Ийм учир жанцантай хоёр нөхөр өнөөдөр халз тулна. Монголоор бол даагаа нэхэх хэрэгцээ Моллаеид байгаа биз.

 

Моллаеи яагаад Монголын иргэн болсныг товчхон тайлбарлая. 2019 онд яг одоо энэ Токиогийн олимпын жүдогийн тэмцээн болж буй Ниппон Будокан ордонд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болов. Тэнд Ираныхаа нэрийн өмнөөс барилдахаар очлоо. Гэтэл жинд нь Саги Муки гэх Израиль онцгой сайн байх юм гэнэ. Хэрвээ Моллаеи өмнөх жилийнх шигээ сайн барилдаад байвал Саги Мукитай финалд таарах магадлал өндөр. Израиль-Иран хоёр олон жилийн турш улс төрийн тэмцэл зөрчилтэй, аралцаж уралцдаг хоёр улс учир дайсантайгаа битгий уулз гэж “дээрээс” тушаажээ. Ираны Спортын сайд яаран сандран утас цохиж “Саги Мукитай битгий барилд. Наад тэмцээндээ оролцолгүй хаяад ир” гэж тушаажээ. Хэрвээ үгүй бол Моллаеи болон түүний гэр бүлийнхэнд таагүй юм болж мэднэ ч гэж сүрдүүлсэн гэж зарим хэвлэлд бичсэн үзэгдсэн. Үнэн эсэхийг нь үнэндээ мэдэхгүй юм.

 

“Дэлхийн аварга тамирчин, хүчтэй эр хүн яахаа ч мэдэхгүй уйлаад суухыг харах үнэхээр хэцүү байсан. Нүд хальтирмаар дүр зураг” хэмээн тэр үед Моллаеитай хамт байсан гэх нэгэн хэвлэлд ярьжээ. Моллаеи хэсэг хямарч сууснаа, дараа нь сэхээ авч болсон явдлын талаар Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны тэргүүн Мариуш Визерт хэлсэн байна. Визер бүхий л талаар дэмжинэ гээд түүнд хоёр зам байгааг хэлжээ. Нэгд, “дээдчүүдийн” тушааснаар тэмцээнээ орхиод эх орондоо очих, хоёрт, амиа эрсдэлд оруулж үргэлжлүүлэн барилдах. Моллаеи тэр агшинд хоёр дахийг нь сонгож, барилджээ. Тэмцээний үеэр Ираны Олимпын Хорооны тэргүүн Реза Салах Амири утасдахад дасгалжуулагч яриаг нь сонсгохын тулд чанга дуун дээр нь тавьсан байна. Тэр ярианы завсар аав нь хүртэл хүүгээ тэмцээнээ орхиод ирэхийг гуйсан гэдэг. Гэвч Моллаеи үргэлжлүүлэн барилдаад  Саги Мукитай таарахаасаа өмнө ялагдчихсан юм.

 

 

Ингээд ДАШТ ч өндөрлөж, нутаг руугаа буцах цаг бололгүй яахав. Улсынхаа томчуудад “Үгүй” гэчихсэн том толгойтой эрд нэг л зам үлджээ. Энэ бол шууд Германд очих визээ ашиглах. Зарим хэвлэлүүд бол Моллаеиг Германаас улс төрийн орогнол гуйсан гэдэг юм. Харин зарим нь үгүй гэдэг. Өөрт нь виз байсан болохоор орогнол гуйх хэрэг байгаагүй гэж тэр хэлсэн байдаг. Саги Муки тэр ДАШТ-д түрүүлэхэд Моллаеи баяр хүргэсэн үгс бичиж, өнөөх нь бас хариулахдаа “Танд баярлалаа. Хувь хүн болон аугаа тамирчны хувьд таныг биширч явдаг шүү” гэж бичиж байлаа.

 

 

Моллаеи эх нутагтаа очиж чадахааргүй болсныхоо дараагаар  “Иранд нөхцөл байдал биш болоод байгааг олон хүн мэддэг ч ил гаргаж ярьдаггүй. Би бүх дэлхий даяар Моллаеи зоримог шийдвэр гаргаж чаддаг эрх чөлөөтэй хүн гэдгийг харуулмаар байна. Магадгүй би энэ насандаа гэр бүлийнхэнтэйгээ дахиж уулзаж чадахгүй байж мэднэ. Хэцүү байна гэдгийг мэдэж байна. Олимпын бөх миний амьдрал боллоо” гэж хэлсэн юм. Харин Мариуш Визер “Моллаеиг олимпын наадамд оролцуулахын тулд бид чадах бүхнээ хийх болно. Манай Холбооны ажлын нэг хэсэг бол тамирчдаа хамгаалж, тэдэнд боломж олгох. Бидэнд олон хувилбар байна” гэж хэлжээ. Тэгэхэд Визер өөрөө такси захиалан Ниппон Будоканаас нисэх онгоцны буудал руу Моллаеиг нууцаар явуулсан ч гэх яриа бий. Харин Ираны хэвлэлүүд бол Моллаеи дүрвэх аргаа урьдаас нарийн төлөвлөсөн байсан гэж буруутгадаг.

 

 

Ингээд л тэрбээр төд удалгүй Монголын иргэн болсон. Энэ оны эхээр Израилийн Тель-Авив хотноо Их Дуулга болоход Моллаеи Монголын иргэн болчихоод зоригтой, зорилготой эр гэдгээ харуулж яваад очлоо. Израилийн иргэнтэй барилдаж ч болохгүй гээд байлуу гээд бүр үүрэнд нь очоод тэмцээнд орчихож байгаа нь тэр. Нэг ёсондоо өөрийгөө эрх чөлөөтэй гэдгээ харуулж, бусдыгаа уриалж буй хэрэг биз. Сонирхуулахад, тэрхүү Их дуулгад очихдоо өнөөх Саги Мукитайгаа таарч, тэврэлдэн зураг авахуулсны зэрэгцээ бүр тэдний түүхээр баримтат кино бүтээх сурагтай.

 

 

Харин Ираны Жүдо Бөхийн Холбоо тамирчнаа бууж өгөхийг шаардсан, спортын шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөн тул Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны нэр дор болж буй тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм.

 

 

Моллаеигийн зөв бурууг шүүх эрх надад лав байхгүй. Цаг хугацаа л шүүх биз. Харин Монголын олимпын баг тамирчдын медалийн тоог нэмж чадах эсэх л чухал байна. Эрх чөлөөнийхөө төлөө бөхийн замналаа үргэлжлүүлэн тэмцэж яваа эрийн гол зорилго нь Олимпын наадмаас медаль хүртэх. Хэрвээ тэгж чадаж гэмээнэ зөвхөн монголчууд бид төдийгүй гэр бүлийнхэн нь ядаж сайн мэдээ сонсож, баярлах биз ээ хэмээн итгэж, найдаж сууя!

Эх сурвалж: http://udriintoim.mn/