ТОКИОГИЙН ТЭНГЭР МОНГОЛЫН ТАМИРЧДЫГ ИВЭЭХ БОЛТУГАЙ

Соёл урлаг, Спорт

Японы нийслэл Токио хотноо зуны олимп эхэллээ. Японы 126 дугаар эзэн хаан Нарухито 2020 оны зуны олимпын тоглолтыг нээж “Токиогийн олимпиадыг нээх хүндэтгэл хүлээлгэсэн нь өндөр нэр хүнд хэмээн маш их талархаж байна” гэлээ. Зуны олимпын бамбарыг COVID19-тэй тэмцэж байгаа эмнэлгийн сая сая ажиллагсдын  төлөөлөл эмч сувилагч хоёр цэнгэлдэх хүрээлэнд  өртөөлөн орж ирэхэд хоёр жилийн турш коронавирусын цар тахалтай тэмцэж байгаа хүн төрөлхтөн хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнд цуглаагүй ч,  гэр гэртээ телевизийнхээ ард нулимстай сууж байлаа. Энэчлэн Грекээс гараагаа авч японы нутгаар аялсан олимпын бамбар хүүхдээр дамжин, японы хөгжлийн бэрхшээлтэй, мэргэжлийн тамирчны гарт очиж зуны олимпын галыг японы теннисчин, Их дуулга тэмцээний дөрвөн удаагийн аварга Наоми Осака асаалаа. 

Зуны олимпыг гурвантаа зохион байгуулж байгаа Япон улс ийнхүү хүний эрхийг дээдлэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон олимпын тоглолтыг нийгмийн бүхий л төлөөллөөр нээлгэсэн нь цар тахлаас болж сэтгэл гундуухан байсан дэлхийн хүн зоны магнайг тэнийлгэсэн үйл явдал боллоо. Улс орнуудын тамирчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхдээ ч улсынхаа төрийн далбааг эрэгтэй эмэгтэй хоёр хүн барьж орж ирэхээр зохион байгуулсан нь жендерийн тэгш байдлыг хангаж байгагаа илэрхийлсэн явдал байлаа. 

Олимпын нээлтийн бас нэг онцлог үйл явдал нь цэнгэлдэх хүрээлэнгийн дээр шөнийн тэнгэрт 2000 дрон гарч эхлээд дэлхийн бөмбөрцгийг гэрлээр дүрслэн үзүүлсэн бол аажмаар олимпын бэлгэ тэмдэг  таван цагираг болон үзэгч олныг гайхшруулсан. 

Олимпын “бүгд хамтдаа бүхнээс хурдан, бүхнээс хүчтэй, бүхнээс өндөрт” гэсэн уриа ч  дэлхий дахин, хүн төрөлхтөнд нэгийг ухааруулсан уриа байлаа. 

Олимпын наадмыг нэг жил хойшлуулж, үзэгчгүй зохион байгуулснаар  Япон улс  5,8 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа ч хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн бэлгэдэл болсон спортын энэ том наадмыг ийн зохион байгуулснаар коронавирусын цар тахлыг даван туулах эрч хүч, итгэл үнэмшлийг дэлхий дахинд төрүүллээ. 

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 24. Бямба. №095 (5500)

#Токио2020