Токиогийн бүгчим халуун, чийглэг агаар олимпын тамирчдын хувьд хүнд даваа болж байна

Дэлхийн мэдээ

Токио 2020 зуны олимпын наадмын эхний өдрийн цаг агаар маш их бүгчим халуун, чийглэг байгаа тухай тамирчид гомдоллож байна.

Газрын теннисний дэлхийн номер нэг тамирчин Новак Жокович өчигдөр эхний тойрогтоо Боливийн тамирчин Хюго Делльенийг хожсоны дараа Токиогийн халууныг “аймшигтай” гэж тодорхойлжээ.

“Маш хүнд байна. Ганц би биш, бусад тамирчид бас ийм халуун өдрийг үзээгүйгээ ярьцгааж байна. Ямар ч салхигүй байгаагаас талбайд хуримтлагдсан халуун агаар сэлгэгдэхгүй байна. Дараа дараагийн өдрүүдэд салхи гарч, байдал сайжирна гэдэгт найдаж байна. Ямартай ч эхний хүнд давааг давсандаа сэтгэл хангалуун байна” гэж Жокович тэмцээний дараа ярьсан юм.

Бямба гарагт Токио хот орчимд агаарын температур Цельсийн 34 хэм хүрч, агаарын чийг 80-аас дээш хувьтай байжээ.

Оросын теннисний од, дэлхийд чансаагаараа хоёрт бичигдэж буй Даниил Медведев эхний тойрогтоо Казахстаны тамирчныг хожсоны дараа зөөврийн сэрүүцүүлэгч, мөстэй алчуур хэрэглэж байсан юм.

Тэрбээр олимпын эхний өдрийг “амьдралдаа үзсэн хамгийн халуун өдрүүдийн нэг” гээд цаашдаа тэмцээн уралдааны хуваарийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулбал зохимжтой тухай ярьжээ.

Өчигдөр болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн дугуйн уралдааны тамирчдад Токиогийн халуун хүнд даваа болсон байна. Зургаан цаг гаруй хугацаанд 234 км замыг дугуйгаар туулсан Канадын тамирчин Майкл Вүүдс “дэндүү халуун” байсныг хэлсэн бол Австралийн тамирчин Ричел Порте “Халуунаас гадна бусад бүх хүчин зүйл өнөөдрийг миний үзсэн хамгийн хүнд өдрүүдийн нэг болголоо” гэжээ.

Энэ уралдаанд Эквадорын дугуйчин Ричард Карапаз түрүүлж, зуны олимпын түүхэнд тус улсын хоёр дахь алтан медалийг зүүсэн юм.

Эх сурвалж: CNN