Олимпын нээлтийг шууд дамжуулсан Өмнөд Солонгосын телевиз хүлцэл өчлөө

Дэлхийн мэдээ

Өмнөд Солонгосын “MBC” телевизийн суваг “Токио-2020” олимпын наадмын нээлтийг дамжуулахдаа зохисгүй үг хэрэглэсэн гэж үзэн үзэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчсөн байна.

Тэд Италийн шигшээ багийг орж ирэхэд пиццаны зураг, Хайтид газар хөдлөлтийн зураг, Украинд Чернобыль, Норвегид салмоны зураг сувгийн баруун талд гаргажээ. 

Түүгээр ч зогсохгүй Маршаллын арлууд улсыг гарч ирэхэд “Нэгэн цагт АНУ-ын цөмийн зэвсгийн туршилт болж байсан газар”, Сири улсын тамирчдыг гарч ирэхэд “10 жилийн өмнөөс иргэний дайны хөлд даруулж байгаа” гэх зэргээр тухайн улс орноо гоочилсон өнгө аястай тайлбар хийж байсан аж.

Телевизийн “MBC” суваг хүлцэл өчсөн мэдэгдэлдээ “Олимпын наадмын нээлтийг шууд дамжуулахдаа тохиромжгүй зургаар илэрхийлж, зохисгүй утгатай тайлбар ашигласандаа албан ёсоор хүлцэл өчиж байна. Зохисгүй зургаар илэрхийлж, зохимжгүй тайлбар хийсэн улс орнуудаас албан ёсоор уучлал гуйсан болно” гэжээ.