МОНГОЛД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ШАТАХУУНЫ 76 ХУВЬ НЬ ЧАНАРГҮЙ БАЙНА

Улс төр

Шатахуун импортлогчид энэ сарын  эхээр “Бид алдагдалтай ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсчихсөн тул түүнээс гарах бүтээгдэхүүний үнэ бас нэмэгдлээ” хэмээн алдарт улиг болсон үгээ хэлээд шатахууны жижиглэнгийн үнийг нэмсэн. Өнөөдөр монголчуудын хамгийн хэрэглэдэг нэг литр АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж  1740-1750 төгрөг болоод байна. Үнийн энэ огцом нэмэгдэл иргэдийн түрийвчид асар их ачаа болж ирлээ. Өөрөөр хэлбэл шатахуун үнийг дагаад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр ч хэвлэлийн хурал хийж “Шатахуун импортлогчид дэлхийн зах зээлээ дагаад үнэ нэмэх нь зөв” хэмээн мэдэгдсэн.

Шатахуун импортлогчид бараг дампуурч байгаа хөөрхий минь хэмээн уулга алдан суусан удаатай.  АМГТГ-наас мэдээлснээр манай улс  2019 онд 468 мянга, 2020 онд 562 мянган тонн  шатахуун импортолсон юм байх. Харин энэ оны эхний таван сард 139 мянган тонн шатахуун импортолсон гэж байгаа. Шатахууны үнэ өссөн шалтгааныг Лондонгийн бирж дээр нэг баррель  газрын тос 68.88 ам.долларт хүрсэн. Өмнө нь 43.08 ам.доллар байлаа хэмээн тайлбарласан. За яахав дэлхийн зах зээлийн үнэ ханшаа дагаад өсдөг юм байж. Харин зах зээлээ дагаад эргэж буухдаа хойрго. Шатахуун үнийг дагаад өссөн бараа бүтээгдэхүүний үнэ ч буудаггүй. Иргэдийн халаас улам нимгэрээд үлддэг гажиг тогтолцоо манайд бий.

Үүнээс гадна сүүлийн жи­лүү­дэд найруулсан шатахууны асуу­дал хүчтэй яригдаж байгаа ч ямар ч шийдэлд хүрээгүй байна. Ша­тахуун импортлогчид Онцгой ал­бан татвараас зайлсхийж газ­рын тосны дайвар бү­тээг­дэ­хүүн буюу керосин, нафта зэргийг татваргүй оруулж ирээд найруулж шатахуун болгон зар­даг асуудлыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Шатахуун хэрэг­лэгч­дийн хол­бооны нөхдүүд ярьсаар байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Керосин бол дээр үед лаа асаадаг байсан, нафта бол тракторт хэрэглэдэг. Жилд дээрх хоёр бүтээгдэхүүн 220 мянган тонн жилдээ орж ирж байна. Манай улсад ийм хэрэгцээ шаардлага байхгүй байна. Эдгээр дайвар бүтээгдэхүүнийг дизель түлштэй хольж борлуулдаг. Эдгээрт онцгой татвар нэмэгдүүлэх нь шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироодог гурван байгууллага бий. Жилдээ  гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна” хэмээн УИХ-ын чуулган дээр удаа ярьсан.

Монголын Шатахуун хэрэг­лэгчдийн холбооны  гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Хуурамч шатахууны улмаас  өнгөрсөн 10 жилд жолооч нар, төрийн болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд нэг  их наяд төгрөгөөр хохирсон. Онцгой албан татварыг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс авахгүй байгаатай холбоотойгоор улс 200 тэрбум төгрөгийн хохирол хүлээж байна. Хуурамч шатахуун нь манай улсын хилээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу  22 төрлийн химийн бодисыг албан татваргүйгээр оруулж ирж байгаагаас үүдэлтэй” гэж мэдээлээд байгаа. Мөн хэрэглэгч иргэн Г.Хонгор чанаргүй шатахуун авснаа шалгуулахаар тухайн компани болон АМГТГ, лабораторид хандсан ч асуудлаа шийдэж чадаагүйгээ гэдгээ Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байдаг. Үүнээс гадна Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн холбооны зохицуулагч Н.Баатар  хуурамч шатахуунаас үүдэлтэйгээр бензол гэх хортой бодис цацагдаж, мөн галын аюултай байдлыг үүсгэж байгаа хэмээсэн билээ.  

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр /2021.07.22/ шатахуун им­порт­логч, худалдан бор­луу­лагч компаниудад хийсэн шал­гал­тынхаа талаар мэдээллээ.

Тэрбээр “Иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг  үндэслэн Улаанбаатар хотод худалдаалж буй  автобензин, дизелийн түлшинд  хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Нийт 74 автобензин, дизелийн түлшний дээжийн шинжилгээний сорилтын үр дүнд хийсэн дүгнэлтээр 56 дээж буюу 76 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. Өнгөрсөн  оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдан борлуулж байгаа зарим ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,  хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байгаа. Тиймээс бид мөн албан шаардлага Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна. ШӨХТГ-аас 2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа. Энэ дүгнэлтээ  удахгүй танил­цуулж тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээл­нэ” гэв.

Ингээд шатахууны чанарт хийсэн шалгалтын дүнг сонирхоё. Хяналт шалгалтад шатахууны худалдаа эрхлэгч 26 аж ахуйн нэгж  хамрагджээ. Өөрөөр хэлбэл хэдэн аж ахуйн нэгжийн борлуулж буй шатахуун ямар ямар зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй байсныг тогтоож тодорхойлжээ.

АИ-92 автобензин

-“Хөдөлгүүрийн түлш. Этил­жүү­лээгүй бензин. Техникийн шаард­лага” стандартын шаард­ла­га хангаагүй ес, механик хольц илэр­сэн таван аж ахуйн нэгж  байна.

Дизелийн түлш

-“Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага”, “Тех­никийн шаардлага” стандартын шаардлагыг хангаагүй 22, шатахууны хувийн жин бага 25, цетаны индекс бага, механик хольц илэрсэн дөрөв, дөл үүсгэх температур бага гурав, хүчиллэг чанар их гурав, 50, 95 хувь нэмэгдэх температурын үзүүлэлттэй зургаан аж ахуйн нэгж байна.

Эцсийн  дүгнэлтээр 25 аж ахуйн нэгжийн борлуулж буй шатахуун ямар нэг байдлаар зөрчилтэй, чанар стандартын шаардлага хангаагүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тус бүрд нь 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  есөн  сая төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.  Энэ торгуулийн мөнгө бол шатахууны худалдаа эрхлэгчдэд инээдтэй байх нь ойлгомжтой. Ямартай ч энэ хяналт шалгалтаар шатахуун импортлогчид, худалдаачид иргэдийг хулхитаж байгаа нь тодорхой боллоо.

Ийм чанаргүй шатахуун худалдан борлуулчхаад дэлхийн зах зээлийн үнэ ярьдаг, үнэ нэмдэг нь эдийн засгийн гэмт хэрэг гэж хэлж болох юм. Хэрэглэгчид үнийн нэмэгдэлд дарлуулах, чанаргүй шатахууны улмаас эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу. Хулхи шатахууны даварсан худалдаачдад даруулга хэрэгтэй байна. Тэгэхдээ бүр чанга шүү дээ. Эдийн засгийн давхар давхар хохирол амсч буй иргэдийн хохирлыг бас барагдуулахыг шаардах ёстой. Монгол төр, эрх баригч МАН-д хулхи  шатахуун борлуулагчдад хатуу хариуцлага тооцож, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах хүч байна уу. Эсвэл тэднийг өөгшүүлж авлига, хээл хахууль авч чимээгүй өнгөрөх үү гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ.

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 23. Баасан. №093, 094 (5498, 5499)

#ҮзэлБодол