ЕРӨНХИЙ САЙД ЖУРМЫН НӨХӨД, НАМЫНХАНТАЙГАА "ДАЙН" ЗАРЛАВ

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Авлигатай тэмцэх комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилов. Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний зөвлөл байгуулж байв. Үүний дараа 2006 оны долдугаар сард Авлигатай тэмцэх хуулийг шинэчилж, Авлигатай тэмцэх газрын байгуулсан түүхтэй.

Түүнээс хойш 15 жил авлигатай тэмцэх байгууллага өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт эрэмблэгдэж байна. Энэ нь өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлт.

Авлигын индекс ухарсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтэд дурджээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны авлига буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт гэсэн үг.

Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаас эхлэн удирдлагыг нь улс төрийн нөлөөллөөр томилж ирсэн нь авлигатай тэмцэж чадахгүй байгаатай холбоотой гэдэг нь үнэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрыг том загас бус жараахайгаар хөөцөлддөг ч гэдэг яриа зүгээр ч нэг гараагүй. Улс төрийн зорилго агуулга бүхий баривчилгаа, заримдаа бүр драмчлагдаад гарч байсныг нь санаж байгаа олон иргэд бий. Сүүлийн жилүүдэд Авлигатай тэмцэх ажиллагаа олон нийтийн анхаарлыг татах зорилгоор дүрсжүүлсэн, олон нийтийн дургуйцлийг хүргэх улс төрийн зорилго бүхий ажиллагаанууд ч явагдсан нь ч бас үнэн. Авлигатай тэмцэх газрын даргыг нь эрх барьж байгаа нам нь санал болгож, УИХ олонхоороо томилдог байдал нь АТГ улс төрөөс хараат ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлдэг.

Авлигатай тэмцэх нь өөрөө төр, төрийн алба, улс төрийн албан тушаалтантай тэмцдэг учраас өнгөрсөн хугацаанд сүр дуулиантай баривчилсан, илрүүлсэн авлигууд тэгсгээд намжчихдаг болсон нь авлигыг улс төрөөс ангид харах боломжгүй байсаар ирсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр тодотгожээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаатай тэмцэнэ гэсэн үг.

Авлигатай тэмцэх газар 2019 онд 68 хэрэг шийдвэрлэсэн бол 2020 онд 114 хэрэг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Энэ хоёр жилийн хугацаанд АТГ-ын шүүхээр шийдвэрлэсэн зарим эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа гээд албан тушаалтнуудын хэргийг дурджээ. Гэхдээ эдгээр эрхэмүүдийн хэрэг авлигын гэхээсээ илүү улс төрийн шинж агуулгатай байсан гэж хардах хүмүүс бий. Одоо АТГ-ын шийдвэрлэсэн гэх эдгээр хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь суллагдсан. Зарим нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд хамрагдсан нь ч бий. Одоо тэднээс М.Энхсайхан, С.Баярцогт нарыг эс тооцвол суллагдаж, эрх чөлөөтэй болж, зарим нь УИХ-ын гишүүн болчихсон яваа. Тэгэхээр АТГ үнэхээр авлигатай хатуу тэмцээд байна уу эсвэл улс төрийн зорилготой хөдөлж байна уу гэдэгт хүн бүр дүгнэлтээ хийх биз ээ.

Чухам иймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын авлигатай тэмцэх комисс үүргээ гүйцэтгэж, авлигын индексийг бууруулж чадах уу гэдэг хардлага үүсээд байгаа юм.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд эрх баригч МАН Засгийн газрыг тэргүүлж, УИХ-д олонх байгаа. Тиймээс төрийн алба Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр анд найзууд, журмын нөхөд, намынхан нь байгаа гэсэн үг. Аль нам засаглаж байгаагаас төрийн алба бүрддэг бичигдээгүй хууль үйлчлээд олон жил болсон. Төрийн албаны хуульд өөрчлөл оруулснаар төрийн албан хаагчдыг нам солигдоход солигдохгүй болгосон заалт нь өнөөдөр ч хүчин төгөлдөр учраас эрх баригч МАН-ынхан төрийн албыг бүрдүүлж буй. Төрийн албаны дунд, доод шатандаа авлига буурахгүй байгааг ч хөндлөгийн судлаачид, ажиглагчид сануулдаг. Засгийн газар ч үүний эсрэг тэмцэхээ албан ёсоор зарлачихлаа. Гэхдээ намынхаа, журмын нөхөдтэйгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар сайд нар тэмцэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулж буй. Гэхдээ тэд амласан, хоёр жилийн дотор авлигыг хоёр оронтой тоонд оруулж, намынхаа, журмынхаа нөхөдтэй тэмцэж, улсаа бодно гэж. Улс төрийн ашиг хонжоо хайж, нам доторх “дайсныхаа” талыг дарах вий гэсэн болгоомжлол ч үүссэнийг тодотгоё. Бид 15 жил авлигатай тэмцэж байгаа ч авлига буурахгүй байсаар, хүнд суртал арилаагүй, намынхаа, журмын нөхөдтэйгөө тэмцэж чадаагүй өдийг хүрсэн юм шүү, Ерөнхий сайд аа. Таны амлалтаа биелүүлэх хоёр жилийн хугацаа ч явж эхэллээ.

 Эх сурвалж: News.mn