АЙЛЧЛАЛ: ЕРӨНХИЙ САЙД ТОКИОД ГАЗАРДЛАА

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.07.21) "Токио-2020" олимпын наадамд оролцох баг, тамирчдын хамт Японд газардлаа. 

Ерөнхий сайд долоодугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох юм. 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно. 

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.