Харах өнцөг ба Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцэл

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Авлигын эсрэг комисс байгуулахаа мэдэгдсэн үүнийг олон өнцгөөс харж болох юм. Тодруулбал, наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 16-нд Засгийн газрын ээлжит бус хуралдааны үер  “Авилгалтай тэмцэнэ гэдэг бол намынхаа нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг...” хэмээн айхтар мэдэгдэл хийсэн. Тэгээд Засгийн газрын дэргэд  Авлигын эсрэг  комисс байгуулах болсоноо зарласан.  Үүнийгээ   “Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй,  иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна” хэмээн тайлбарласан билээ. Ерөнхий сайдын энэ үг эрх баригч МАН бүх шатандаа  төрд авлигын сүлжээ байгуулсан,  ах, дүү амраг, нөхдөө  албан тушаалаар шагнаж төрийн албыг төрлийнх болгосон гэдгээ шууд хүлээн зөвшөөрсөн явдал боллоо гэж харагдана.

Ерөнхий сайдын тэр яриад байгаа асуудал бол чухал л даа. Замын-Үүд бол Монгол Улсын эдийн засагт асар их үүрэг гүйцэтгэдэг том боомт. Энэ сум бол аймгийн дайтай хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн том зангилаа учраас тэр. Нөгөө талдаа хаана л мөнгөний үнэр, өнгөтэй өөдтэй газар байна тэнд эрх баригчид очоод шавчихдаг, бүхэл бүтэн уулаар хашаалаад суучихдаг нь ард түмэнд тодорхой. Ерөнхий сайдын хэлсэн хэлээгүй хүмүүс мэддэг ч яаж чадахгүй эрх мэдэлтний өмнө сөхөрдөг болсон шүү дээ. Тэр Замын-Үүд боомтын хэдэн дарга нар бүгд л намдаа “том ар талтай” арыг нь  даадаг ахтай, эгчтэй нь нууц биш. Бас тэр хэдийг барьж хорьсоноор Монгол Улс  авлигаггүй ард түмэндээ ээлтэй нийгэм болчихгүй. Өөрөөр хэлбэл утасны үзүүрээс атгасан бол учиг зангилааг нь тайлж эцсийг нь үзэж хөвлөх л хэрэгтэй. Замын-Үүдээс  бусад газарт ч хэрдээ тохирсон хэрмэл сүлжээ байж л байгаа. Бүгд л дээрээсээ татаастай дороосоо ивүүр болоод өргөгчтэй шүү дээ. Ийм учраас  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав”  болохыг харах л үлдэж байна.

Бас нэг өнцөг. Ерөнхий­лөг­чийн сонгуулийн дараа  га­даа­дын хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр Монгол Улс “Ардчиллын зарчмаас бага багаар ухарч  нэг намын эрх мэдэлд шилжиж эхлэлээ” хэмээн бичиж байв. Манай хэвлэл мэдээллээр энэ тухай орчуулгын мэдээлэл хангалттай цацагдсан билээ.  Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулсан. Тэгвэл Аль-Жазира агентлаг  “Монголын Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх ардчилсан сонгуулиар сонгогдсон зургаа дахь ерөнхийлөгч болсноор тус улсын эрх баригч Монгол ардын намын засаглалыг улам бэхжүүлж. Нэг намын эрх мэдэлд аажмаар шилжлээ” хэмээн бичсэн байдаг.  Манай зарим иргэн ч цахим хурдастаа ийм өнгө аястай үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Тэгэхээр хэт их эрх мэдэл төвлөрсөн нам түүний удирдагчид өөрийн дэг журмаа улс оронд тогтоох нь ойлгомжтой. Хамгийн гол нь иргэд  “МАН-ын өмнөх дарангуйлал буюу 1937 оны хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай”  хэмээн хүсч буйгаа   цахим орчинд  илэрхийлсээр. Тэгвэл Ерөнхий сайдын Авлигын эсрэг комисс гэдэг нь 1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х. Чойбалсан даргатай Онцгой Бүрэн Эрхт Комисс хэмээх шүүхтэй яг адил сонсогдоод байгаа юм. Авлигатай тэмцэх нь төрийн үүрэг ч гэлээ намын дотрох дотоод тэмцэлдээ жирийн төрийн албан хаагчдыг татан оролцуулж хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол иргэдэд байна. Учир нь хэлмэгдүүлэлт эхлэх үед  Монгол Улсад Шүүх байгууллага байсан. Гэтэл  эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлагын дэргэд  Онцгой Бүрэн Эрхт Комисс байгуулж өчиггүй цаазлах, 10 жилийн хорих ял өгөх Шүүх эрх мэдэл хэрэгжүүлсэн гашуун түүх бий. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байна. Заавал Засгийн газрын дэргэд, Ерөнхий сайдын хажууд Авлигын эсрэг комисс байгуулж байгаа нь гашуун түүх давтагдах шинжтэй байж болох хардлага төрүүлж   буй юм. Гашуун түүхт хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар, жирийн иргэд өртсөн байдаг. Өөрөөр хэлбэл айл өрх бүр хэлмэгдүүлэлт амасч  хар дарсан он жилүүдийг даван туулсан билээ.

Бас нэг өнцөг. Монгол Улс Үндсэн хуулиа 2019 онд шинэчлэн баталсан. Энэ дагуу УИХ Авлигын эсрэг хуульд өнгөрсөн оны буюу 2020 оны эцсээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр

Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд, дэд даргыг нь Авлигатай тэмцэх газрын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд  өргөн мэдүүлж  томилдог болсон. Ийм байхад дахиад Засгийн газрын дэргэд Авлигын эсрэг комисс байгуулах нь илүү зардал, ядарсан төсөвт дарамт болох бус уу. Эсвэл сонгуульд ажилласан хүмүүст бялуу хүртээх ажиллагааны эхлэл үү. Бүр цаашлаад яам болгоны дэргэд Комисс байгуулаад үргэлжлэх юм болов уу. Иймэрхүү асуулт дагуулсан асуудал үүсээд гарч ирлээ. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын үед  “Цар тахлын асуудал эрхэлсэн комисс” гэж байгуулаад явах юм байх гэсэн асуудал гарч ирж байгаа юм.  Эсвэл Авлигатай тэмцэх газраа татан буулгах юм уу. Ер нь ингээд ургуулан бодоод, асуугаад бичээд байвал Ерөнхий сайдын “комисс” ихээхэн асуудал, бас асуулт  дагуулах шинжтэй дэг.

Ямартай ч авлига төрийн байгууллагын бүх шатанд бий гэдгийг мэдэж л байгаа юм байна. Өргөс авсан юм шиг ганц том дуугаралт, нэг хэсэг хүмүүсийг барьснаар асуудлыг шийдэхгүй нь лавтай. Олон жил ужгирсан асуудлыг шийдэхэд  сайн, муугаар хэлүүлэх нь ч зүйн хэрэг. Харж л байя даа. Монголчууд бүхнийг цаг хугацаа шийддэг хэмээн хэлдэг учраас тэр шүү дээ.

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 22. Пүрэв. №092 (5497)

#ҮзэлБодол