Энэ гайт өвчнөө хумиж чадах нь уу

Улс төр

Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг сумдууд бүгд наймдугаар сарын 31 хүртэл хатуу хөл хорио тогтоолоо, хүмүүсээ гадагшаа ч гаргахгүй, гаднаас хүн хүлээж авч оруулахгүй гээд нэг л их сүржигнэж, бараг л тухайн газраадаа виз мэдүүлж, нягтлуулж шалгаж байж ирж очихоор сүртэй юм яриад, олноороо бөөгнөрч цуглаж болохгүй, нэг ч сум орон нутаг баяр наадам тэмдэглэхгүй гэсэн.

Баяр наадам тэмдэглээгүй нь ч оносон байх, харин баяр наадмын энэ урт амралтын өдрөөр хөдөө орон нутгийг зорьж байгаа хүмүүсээ хянаж чадалгүй “алдсан” зоргоор нь тавьснаас өвчний тархалт хэнээ алдсан юм биш байгаа гэсэн айдас төрөх юун. 

Хөвсгөл, Өгий, Буйр гээд эх орны хэдэн нуур, Сэлэнгэ, Хараа, Орхон, Туул, Хэрлэн гээд хэдэн гол мөрний эрэг ёстой л “юун наадам, юун цагаан сар” гэдэг шиг хүн машинаар дүүрч өнөө хорио цээр, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дэглэм, хүн хоорондын зай, амны хаалт ёстой яршиг  байна гэгч  өнгөрлөө.  Тэгээд явж, аялж байгаа хүмүүс нь хотоос гарахдаа  нэг шинжилгээ өгөөд, вакцин хийлгэсэн бичгээ харуулаад л явж байгаагаас биш очсон газартаа өнөө л монгол уламжлалаараа “хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэдгээр майхнаа хаяа хаяаг нь дэрлүүлэн барьж, машин тэргээ арай л шүргүүлчихгүй байрлуулан “амарч, зугаалав”. Тэгээд ч зогсохгүй зам зуурынхаас эхлүүлээд, өөрсдийн өсч төрсөн сум суурингаараа чөлөөтэй зугаалж, ах дүү амраг садныхаараа орж гаран хоёр жилийн хорио цээрийг давсны “баяр” хийн уулзалдан үнсэлцэж, үнгэлдэв дээ.

Энэ бүхний үр дүнд юу болов. Халдварын тоо үл мэдэг буурсан мэт харагдаж, Эрүүл мэндийн яам, Онцгой комиссынхон үүнийг нэг их онцолж байгаа ч хөдөө орон нутгаас илэрсэн өвчлөлийн тохиолдол 1.5 сая хүнтэй нийслэлийнхээс давчихлаа. 

Долдугаар сарын 20-ны өдрийн мэдээллээр гэхэд л  улсын хэмжээнд коронавирусын халдварын 1497 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэл хотод 676 тохиолдол бүртгэгдсэн байхад хөдөө орон нутгаас 803 тохиолдол бүртгэгджээ. 

Хамгийн аймшигтай нь олон нийтийн сүлжээгээор коронавирусын мутацлагдсан Дельта хувилбарын гурван тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл явж байна. Олны ам дамжсан яриагаар зөрөөд өнгөрөхөд л халдварлах чадвартай, вакциныг үл тоох хувилбар  гээд байдаг... 

Ингэж халдвар нь орон нутаг руу тархсан, мутацлагдсан хэлбэр тархаж эхэлж байгаад Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа ч юм алга. Чухам үнэндээ нийслэлээс гарах хэдэн зам битүү түгжрэл болж байхад, тэгж хонон өнжих шахаж байж нийслэлээс гарч явсан улс нь  нэг нуур, гол мөрний  эрэг дээр автобусанд байгаа юм шиг чихэлдэн сүрэглэж байхад  анхаараагүй, хяналтаас алдчихсан болохоор өдөр бүрийн 11:00 цагаас өвчлөлийн тоог “баяр ёслолын байдалтайгаар” мэдээлэхээс хэтрэхгүй л сууна. Харин тэд өвчилсөн хүний тоогоор тэднийг эмчилж байна хэмээн өмнө нь төсвөөс тус бүрийн найман сая төгрөг гаргуулаад завшиж суудаг байсан бол ичсэн нэрэндээ 250 мянга болгож бууруулснаа халааслаад сууж байгаа юм биш биз. 

Одоо наадмын дараа намар гээд хүмүүсийн амралт эхэлж дахиад л нутаг нуга, ах дүү хамаатнаараа явж эхэлнэ. Тэгээд Элсэлтийн ерөнхий шалгалт, ерөнхий боловсролын сургуулиудын цугларалт, ардын хувьсгалын дараа байгуулагдсан олон байгууллагын 100 жилийн ой гээд дахиад л цугларна...

Энэ бүхнийг анхнаасаа МАН-ын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гээд түмэн хүнийг цуглуулж коронавирусыг жинхэнэ ёсоор нь тархаасан С.Амарсайхан бол энэ бүхнийг тооцож мэдэж байгаа ч юм байхгүй. Асуудал цаашаа яаж өрнөх,  тийм байдалд хүрвэл яах ёстойгоо ч мэдэж байгаа юм байхгүй. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрынхоо юу хэлэхийг хүлээгээд л сууж байгаагаас хэтрэхгүй л....... Халдварын тархалтад иргэд буруутай л гээд байгаа. Үнэндээ ард иргэд буруутай нь үнэн ч төр засаг, Онцгой комиссын хариуцлагагүй,  нөхцөл байдлыг урьдчилан харж зоримог шийдвэр гаргах чадваргүй нь бүр илүү ихээр нөлөөлж байна...

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 22. Пүрэв. №092 (5497)

#Дугаар60мөр