Олимпод оролцож буй Монгол Улсын багийн 60 хувийг эмэгтэй тамирчид бүрдүүлжээ

Соёл урлаг, Спорт

“Токио-2020”  зуны Олимпын албан ёсны нээлт  маргааш /2021.07.23/  болно.  Гэвч Олимпын наадам өчигдөр /2021.07.21/ софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхлэв. 

“Токио-2020” зуны Олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа минь олонтаа мандаж, Төрийн дуулал маань олонтаа эгшиглэх болтугай. Токиогийн Олимпод Монгол Улсын  43 тамирчин өрсөлдөх эрхээ авч Япон орныг  зориод буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ Олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм. 

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн  охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, жүдо бөхийн таван  жинд, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна. 

Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.  

Монгол Улсаас өмнө нь зуны Олимпийн наадамд оролцож ирсэн тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.

ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

Токио-1964 17 4

Мехико-1968 14 4

Мюнхен-1972 37 2

Монреаль-1976 30 2

Москва-1980 39 4

Сөүл-1988 24 4

Барселона-1992 27 6

Атланта-1996 12 4

Сидней-2000 12 8

Афин-2004 13 7

Бээжин-2008 14 14

Лондон-2012 16 13

Рио-2016 26 17

Токио-2020 18 25

 

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 22. Пүрэв. №092 (5497)

#Олимп #Токио2021