ЭМЭЭГИЙН ЯРЬСАН ДОМГООС ТӨРСӨН УРЛАЛ

Нийгэм, Эдийн засаг

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж яваа тэмээ урлаач Д.Нарантуяатай уулзлаа. Хангай шиг түшигтэй хань нь хорвоогоос хальж, дөрвөн үрээ хүний дайтай хүн болгох гэж зүтгэж яваа эгэл жирийн ээж. Гоо засалч, төмөр замын ашиглалт удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй тэрбээр улсад 20 гаруй жил ажиллажээ.  Тэрбээр 2005 онд бага охиноо төрүүлээд гэртээ байхдаа сэтгүүлээс “Хятадын эдийн засгийн хямралаас аварсан зүйл нь өрхийн үйлдвэрлэл байсан” тухай нийтлэл уншсан байна. Тухайн үед “Би яагаад өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өрхийн төсөвтөө нэмэрлэж болохгүй гэж” гэсэн бодол төржээ. Тэгээд охиноо салхилуулж суухдаа байрны оршин суугчийн хүсэлтээр  эсгий цүнх хэрэн оёж өгсөнөөр үйлдвэрлэлээ эхэлжээ. 

Тэр үед Д.Нарантуяагийн хань хоёулаа эсгий углааш хийвэл чадах юм бишүү гэх санал  гаргасан гэж хуучлав. Тэгээд “Ханийн минь эгч тухайн үед нийтийн ахуй үйлчилгээний техник  мэргэжлийн сургуульд монгол гутлын багш хийдэг байлаа. Эгчдээ хэлж, үндэсний хэв шинжийг хадгалсан. Ээтэндүү хоншоортой өлзий хээтэй шүрээр оёсон углааш хийсэн. Бэлэн эсгий хавтан Нарантуулаас авч эсгэж хийдэг байлаа. Арван жилийн сурагч байхдаа хүний хийж байгаа юмыг харж суугаад л сурчихна. Нагац эгчийг айхтар ажиглаад суудаг байсан минь санаанаас огт гардаггүй юм” гэв.

Цаашлаад ноосоор углааш, цүнх, гутал зэргээр төрлөө нэмж урлав. Хүүхдүүдээ багаас нь аливаа ажилд дөртэй болгохын тулд хамтдаа гар урлалын олон төрлийн бүтээл хийдэг байв.

Одоогоос таван жилийн өмнө бага охиных нь ангийн багш таван хошуу мал эсгэж, оёх даалгавар өгсөн байна. Энэ нь өнөөдрийн ажлын эхлэл болжээ. Охин нь эсгүүр гаргаж, өөрөө хариуцаж оёно. Найзууд болон танилууддаа боломжийн үнээр борлуулна. Малчин удмын угшилтай Д.Нарантуяад эмээ нь ботгоны тухай домгийг ярьж өгдөг байв. Ингэ уяхан амьтан. Ботгоо голох нь ховор. Хэрэв голчихвол хөөслөх үед том хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөрөөд ботгоо хөхүүлдэг. Тэмээ тэсвэр хатуужилтай амьтан шүү хэмээн хэлжээ.

Эмээгээс нь үлдсэн загийн модон тэмээгээ нандигнан хадгалсан байна. Өвөг  дээдсээс өвлөгдөн ирсэн өв соёл, Монгол ахуйг илтгэсэн таван хошуу мал, жин тээсэн тэмээг гар урлалын бүтээл туурвидаг хүмүүс төрөл бүрээр нь хийж байгаа. Хийсэн бүтээлээрээ бусдаас ялгарах зарчмыг баримталж, өв уламжлалаа хойч үедээ таниулж, мэдүүлэхийн тулд тэмээн жингийн цувааг урладаг. Жил ирэх тусам тэмээнийхээ хийц, загварт анхаарал хандуулахын зэрэгцээ судалгааны ажлыг ч давхар хийдэг гэнэ. “Тэмээ сүрлэг хүчтэй сайхан амьтан. Усаа бөхөндөө нөөцөлж, урт хугацаанд урт замыг туулдаг. Сүүн цагаан өнгөтэй тэмээ ховор. Монголчууд цагаан ботгыг их бэлэгшээдэг. Ариун нандин өсч, үржихийн бэлгэдэл. Бүх зүйл сайхан болж, за жаргал ирэх нь гэдэг. Эрт үеэс холыг ойртуулж, дэлхийг монгол улстай холбож байсан түүхтэй учраас тэмээ нь жингийн цуваа хийдэг. Ачаанд нь хүртэл анхаарал хандуулна. Таван хошуу малынхаа ашиг шимээр бүтээл хийхэд их сайхан санагддаг. 2005 оныг өнөөдөртэй харьцуулахад ноосны олдоц сайжирсан” гэв.

Тэмээ хийхэд бүгдийг гараар нэг бүрчлэн оёно. Ноосоо самнаж, эсгий хавтан хийхээс ажил эхэлнэ. Үүний дараа эсгэж, оёно. 10 орчим шат дамжлага дамжиж, тэмээ эзэндээ очиход бэлэн болно. Тэрбээр хүүхдүүд болон зээ охид нь ноос гараараа алгадаж, тэмээ болон таван хошууныхаа сүүлийг хийж өгдөг байна. Эрдэнэс тээгч авдартай тэмээн сүргийг захиалгаар хийхээс гадна Дорнод аймагт өөрийн салбараа ажиллуулж эхэлжээ. Тэрбээр нэг мянга хол давсан тэмээ ботго хийж таван хошуу мал, заан, эсгий домбо, сэвлэгний уут зэргий хийсээр чамгүй олон үйлчлүүлэгчтэй болсоор байна.

Үйлчлүүлэгчдээс урмын үгийг үргэлж сонсч, үр хүүх­дүүд­тэй­гээ өрхийн үйлд­вэ­лэл эр­хэлж байгаа эгэл жирийн ээж.

 

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 22. Пүрэв. №092 (5497)

#Хүмүүс