ХОЁР ХҮНИЙ АМЬ ХОРООСОН ЭТГЭЭД АМИА ХОРЛОСОН БАЙДАЛТАЙ ОЛДЛОО

Эрэн сурвалжлах

Энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Сэжигтэн этгээд нь бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтаад байсан ба түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө гэмт этгээд нас барсан байдалтай олдсон байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаас толгойдоо буудуулсан эрэгтэйн цогцос олдсон нь дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээд болохыг шалгалтаар тогтоосон байна. Амь хохирогч нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат 29 настай О гэгч байсан ба тэрээр бусдын амь насыг хохироогоод зугтаж явахдаа ийнхүү амь насаа хохироожээ. Тэрээр өөрийнхөө толгойн тус газарт “Винтов” маркийн буугаар буудсан байх ба урьдчилсан дүгнэлтээр амиа хорлолт гэж үзэж байгаа аж. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.