ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ “ТУЛААН” ТҮР ЗУУР АМРАЛТАА АВЛАА

Улс төр

Монголын улстөр өнгөрсөн хавар нэлээд халуухан үйл явдал өрнөсөн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. МАН төрийн эрх барьж буй цаг үеэ, УИХ дахь үнэмлэхгүй олонхоо ашиглаж “түрий барьсан” шийдвэрүүд гаргаж байлаа. Мөн МАН-аас өрх тусгаарлаж сөрөг хүчин болсон МАХН-ыг өвөртөө оруулж дэр нэгтгэсэн үйл явдал ч улс төрийн түймэрт том цучил нэмсэн асуудал болсон. Сөрөг хүчин АН хоёр дарга, хоёр тамганы хэрүүлтэй сонгуульдав. Одоо ч АН-ын дарга, цэргийн асуудал нэг мөр шийдэгдээгүй л байна. энэ мэтээр улс төрийн хүчнүүд уужуу амьсгаа авах завгүй 2021 оны хаврыг үдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн элдэв туймрааны хажуугаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах, зарим сай­дуудыг “шүд сугалах” зарч­маар халаа сэлгээ хийх асуу­дал ч орхигдоогүй. Ерөн­хий­лөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар ир­гэдэд хүрсэн, цар тахлын го­лом­тыг хумьсан олигтой шийд­вэр гаргаж чадаагүй. Ийм Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн дараа ог­цор­но гэсэн яриа  гарсан. Өдгөө ч Засгийн газрыг огцруулах яриа намжаагүй. Харин ч эрч авч магадгүй болоод байна. Иргэд Засгийн огцрох ёстой, эсвэл зарим сайд нь огцрох учиртай хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн долдугаар сарын 05-нд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах  санаачилга гаргаж УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулаад эхэлсэн билээ. Гэвч УИХ-ын хаврын чуулган өчигдөр /2021.07.08/ хаалтаа хийв. Тэгэхээр сөрөг хүчнээс санаачилсан Засгийн газрыг огцруулах асуудал намрын чуулган хүртэл хойшилсон гэж хэлж болно. Үүнээс гадна ирэх намар аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно. Иймд  Монголын улс төр зуны амралтаар түр амсхийж  ирэх намар бас галтай, цогтой өрнөх нь гарцаагүй.

Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөөд, яригдаад, сөрөг хүчин гарын үсэг цуглуулаад эхлэх  үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажиллаж Засаг даргаас нь өгсүүлээд нийт зургаан албан тушаалтныг баривчлан шалгаж эхэлсэн. Тэгэхдээ “Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэж эхэллээ” хэмээн мэдэгдэв. Харин олон нийтийн зүгээс “Засгийн газар ажил хийсэн дүр эсгэж попроод  өнгөрөх вий дээ. Жараахай агнаад акулуудаа авраад үлдэж мэдэх л юм. Уг нь дээрээс нь доош нь цэвэрлээд эхэлбэл их оновчтой алхам болно доо” хэмээн янз бүрээр үзэл бодлоо илэрхийлж байна. Хамгийн гол нь Засгийн газрыг огцруулах асуудлын галыг намжаах арга хэмжээ гэж харах, тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Ер нь  Л.Оюун-Эрдэнийн Зас­гийн газар сайн нэр дуулахаас илүү шүүмжлэлд өртөмтгий бай­гаа.  Яг л дарьтай торхон дээр сууж буй хүнтэй адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл огцрох бүх болз­лоо бүрэн хангасан, бүр да­вуу­лан “биелүүлсэн” хэмээж буй. Тухайлбал, цар тахлын го­лом­тыг хумьж чадаагүй. Орон ну­тагт алдаж  хүн амын тоонд ха­рьцуул­сан судалгаагаар халдварын тар­халт, нас баралтаар Ази тивд тэргүүлээд эхэлсэн билээ.  Ин­гээд ДЭМБ-гаас “Ковид-19” цар тах­лын  халдварын тархалтыг өн­гө ялган тэмдэглэж буй газрын зу­раг дээр хараар будагдаад бай­гаа юм.

Монгол Улсад халдвар авсан иргэд өчигдрийн /2021.07.08/ байдлаар 131 мянга 926 болсон. Нас барсан иргэн 655 хүрлээ. Өдөрт 10 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 1500-2000 тохиолдол бүртгэгдэж байгаа. Энэ нь шинжилгээ өгсөн  иргэдийн  4-5 хүн тутмын нэг нь халдвар авсан гэдгийг илтгэж буй юм. Халдвар авсан иргэдийн 1169 нь хүнд, 221 маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна. Сүүлийн үед нас барж буй иргэд залуужих боллоо. Бүр бага балчир үрс, идэр залуу хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эх аюулт өвчний халдвараар амь насаа алдаж буй нь харамсалтай. Өнөөдөр эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж эрүүл мэндийн салбар  улаан бүст ажиллах хүний нөөцгүй боллоо. Халдвар аваад өвчин хүндэрсэн хүн  тусламж хүсч эмнэлэг бараадсан ч хүлээж аваагүйн улмаас үүдэнд нь амиа алдсан явдал гарав. Харин  эрх мэдэлтэн, албан тушаалтнууд түүнийг “Архичин согтуу, ядуу байсан” хэмээн арьсаа хамгаалан хэнэг ч үгүй ярьж сууна. Том дарга нар нь  “Алдаа гаргасан хурган дарга нараа ажлаас нь халаад хариуцлага тооцсон. Одоо бүх юм сайхан болно”  хэмээн яриад сууж буй нь гунигтай.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Д.Ганбат “Цар тахлын халдварын тархалт өндөр байна. Олон хүн амь насаа алдлаа. Цаашид Засгийн газраас ард иргэдээ гэсэн дорвитой арга хэмжээ авахгүй бол байдал дээрдэхгүй нь. Эрх баригчид өөрсдийн алдаагаа иргэдэд тохдог,  буруутгадаг байж болохгүй.  АН-ын бүлгийн гишүүд  хуралдаад Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн  Засгийн газарт хариуцлага тооцохоор гарын үсэг цуглуулж эхэллээ. Ард түмний амьдрал ямар хэцүү байгааг эрх баригчид, Засгийн газар мэдрэх хэрэгтэй.  Эргэж буцсан олон шийдвэрээс шалтгаалж иргэд хохирч байна. Гэтэл   хэн ч хариуцлага үүрсэнгүй. Үүнтэй бид эвлэрээд явбал хариуцлагагүй байдлыг дэмжсэн гэмт хэрэг шахуу үйлдэл болно. Ард түмэн сүүлийн зуун жилд олноороо үрэгдсэн тохиолдол байхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Ийнхүү сөрөг хүчин АН-ын зүгээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санаачилга гаргаад байна. Үүнд нь УИХ дахь АН-ын 13 гишүүн гарын үсгээ зуржээ. Одоо УИХ-ын зургаан гишүүн гарын үсгээ зурвал уг асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх боломжтой болно. Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 нь гарын үсэг зурвал УИХ-ын нэгдсэн чуулганаар гурав хоногийн дотор хэлэлцээд 10 хоногт багтааж шийдвэр гаргах хуультай.  Иймд Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурахыг УИХ дахь МАН-ын гишүүдэд уриалаад байгаа юм. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс иргэдэд хандаж “Тойргийнхоо УИХ-ын гишүүдээс  Засгийн газрыг огцруулах  асуудлыг  дэмжихийг  шаардаж өгнө үү хэмээн уриалж” байгаа аж.  

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа л “Хэдэн сарын настай вэ” хэмээн яригдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүр Ерөнхий сайд, зарим сайдын нэр ч дуулдаж байсан удаатай. Тухайлбал,   Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэр дуулдаж байв.  Одоо Засгийн газар огцорвол УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болно гэсэн яриа ч чих дэлсээд эхэлсэн.

Үүнээс гадна зарим сайдыг нь сольж магадгүй гэсэн яриа ч бий. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяртай сайдын суудлын тохироо хийсэн гэдэг. Олны үг ортой ч байж мэднэ. Уг тохироогоор гурав, дөрвөн сайдын суудал Н.Энхбаярын халаасанд бий хэмээж буй. Бүр сайд болох эрхмүүдийн нэр нь тодорч  З.Баянсэлэнгэ, Б.Тулга гээд МАХН-ын даргын баруун, зүүн гарууд Засгийн газарт орж сууна гэж байгаа юм.

Тэгвэл Засгийн газраас зайгаа тавьж өгөх сайдуудын нэр ч дуулдаад эхэлсэн. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарын нэр цохиж яваа. Эдэн дундаас С.Энхболд, Л.Халтар нь гарцаагүй, бүр баталгаатай гэсэн яриа олны дунд амнаас ам дамжин өртөөчилж байгаа юм. Учир нь цар тахлын голомтыг хумих, хариуцсан салбараа эмх цэгцтэй, сахилга баттай авч явж чадаагүй, эмч, эмнэлгийн ажил­чид нь бослого гаргасан зэ­рэг асуудлаар С.Энхболдын суу­дал ганхаж байсан. Гэтэл үүн дээр нь санхүүгийн их хэмжээний зөр­­чил гарсан, рентген зургаа ба­риад эм­нэ­лэгт хандсан иргэн тус­ламж авч чадалгүй гудамжинд нас бар­сан асуудал түүнийг өчиг­гүй  огц­руулах гол асуудал болох нь.

Харин Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын хувьд мөн л огцрох болзлоо зуун хувь, бүрэн дүүрэн хангасан гэдэг. Тэрбээр  Монгол Улсын импортын тээврийг бүрэн гацаасан. Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг тээвэр зогссоноос болж Монгол Улсын төсвийн орлого тасархад хүрсэн гэдэг шалтгаан бий. Үүнээс гадна  түүний хүү Х.Нямдоржийн “Ай Ти Би” ХХК нь Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Замын-Үүдэд ноёрхлоо тогтоосон өөрийнхөөсөө бусад ачааг явуулахгүй байсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрэн зогссон. Эхнэр Ганзул нь УБТЗ-ын бүх вагоны хуваарилалтыг хийдэг. Ингээд АТГ-аас Л.Халтарыг шалгасан бөгөөд эхнэр, хүүхэд  тээврийн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж  тогтоосон мэдээлэл гараад буй юм. Энэ тухай мэдээллийг АТГ-аас  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  өгсөн гэж байгаа. Иймд мөн л хамгийн түрүүнд зайгаа тавьж өгөх сайдын нэг хэмээн жиг жуг хийгээд эхэлжээ. Үүнээс гадна бас нэг асуудал бий. Ерөнхий сайд эрх баригч намын дарга болдог жишиг байдаг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ,  У.Хүрэлсүх нар сүүлийн үед намын даргын суудлаас болж түнжин хагарсан гэх яриа гарлаа. Энэ талаараа ч Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ ам алдаж, сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Үе үеийн Ерөнхий сайд нар намын даргын суудлаа авч, намын бодлого зангидаж ирсэн. Үүний дагуу  бүх асуудал шийдэгдэж байна” хэмээн ярьсан удаатай. Угтаа бол Л.Оюун-Эрдэнэ на­мын даргын суудлаа авах сонир­хол­той байгаагаа ийн илэр­хийл­сэн хэрэг. Харин намын ли­дер, ахмад улс төрчид нь түүнд на­маа атгуулах дургүй байгаа гэдэг.

Гэвч бүхнийг цаг хугацаа шийдэж, бас харуулдаг жамтай. Тэгэхээр Засгийн газар хэрхэх нь эсэх нь ирэх намар хүртэл нээлттэй үлдлээ. Өөрөөр хэлбэл  УИХ-ын намрын чуулган эхэлтэл, орон нутгийн сонгууль дуустал Засгийн газар огцрох эсэх яриа гарсан хэвээр үргэлжлэх нь  тодорхой боллоо. Засгийн газар огцрох, эсвэл хэдэн сайд солих гэсэн асуудал олны ам дамжсаар байх нь.   Зуны амралт дууссаны дараа Засгийн газар тойрсон “тулаан” ширүүсэх бололтой.

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 09. Баасан. №091 (5496)

#ХөндөхСэдэв