АФГАНИСТАН ДУНДАД АЗИ ДАХЬ ХОЁР ДАХЬ СИРИ

Дэлхийн мэдээ

Афганистанд байсан цэргүүдээ АНУ гаргаж эхэлсэн нь тус улс дахь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүллээ. Үндсэндээ америкчууд энд афганы арми, Талибан хөдөлгөөн хоёрыг халз тулгаад орхичихлоо. 

Алан хядагч Талибан хөдөлгөөнийхөн эрчимтэй давшиж улс орныхоо бүхэл бүтэн район, суурингуудыг эзэлж тэдний эсрэг зогссон афганистаны армиас   хэдэн зуун цэрэг дайчин алагдаж, шархдаж байна. 

Талибанчуудаас ухарсан афганы арми Тажикстаны хилд тулж энэ бүс нутагт нөхцөл байдал хүндрээд эхэллээ. 

Тажикстаны хилийн албаны мэдээлж байгаагаар бол талибчуудын давшилтаас ухарсан армийнхан афганы Балх мужийн Калдор гацаан дахь хилийн “Укчук” боомтын орчим байлдсаар 20 орчим цэрэг нь  тажикийн хилд зугтан орж иржээ. Зургадугаар сарын 22-нд талибууд Кундуз муж дахь хилийн  Шерхан-Бандарын цэг рүү бас дайрахад афганы 130 орчим цэрэг эсэргүүцэл үзүүлж чадалгүй байрлалаа орхин бас л Тажикстанаас хоргодохыг гуйсан байна. Энэ тулааны үеэр афганы арми ихээхэн хохирол үзэж олон хүнээ алуулж, шархдуулан, нэлээдийг олзлуулжээ. 

Яг ийм байдал Узбек-афганы хил дээр ч адилхан үүсээд байна. Афганы цэргийнхэн, энгийн иргэд мөн л хил давж орж ирэхийг оролдох болжээ. 

Тажикийн эрх баригчид одоо Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандаж Афганистантай хил залгаа нутагт үүсээд байгаа асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлээч хэмээн хүсч байна.

“Энэ нь магадгүй улс төрийн ч байж болох, цэргийн, цэргийн техникийн тусламж ч байж мэдэх юм” гэж тус байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Владимир Зайнетдинов хэлжээ. 

Өнгөрөгч долоо хоногт Тажикийн нийслэл Душанбед Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын парламентын ассамблейн зөвлөлийн хуралдаан болж  өөрийн нь гишүүн тус улсын хөрш Афганистанд байлдааны ажиллагаа идэвхжин өмнөд хил, өмнөд районы заагаар нөхцөл байдал түгшүүртэй болсон талаар ярилцжээ. 

Цэргийн шинжлэх ухааны доктор Константин Соколовын хэлж байгаагаар бол Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага  ямар ч тохиолдолд дайчилгаа явуулж, Афганистантай хил залгаа нутагт цэргийн хүчээ бэхжүүлэх боломжтой гэнэ. 

Аюулын нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрээд байна. Энэ нь  “Талибаны зарим зүтгэлтнүүд баруунтай холбогдоод байгаа юм биш байгаа. Бидний хувьд ноцтой байдал бий болж байна гэсэн үг. Орос руу өмнө зүгээс маш зохион байгуулалттайгаар   хөдөлж байгаа юм биш биз. Магадгүй бид Тажикстан дахь 211 дүгээр баазаа бэхжүүлэх хэрэгтэй болж ч мэднэ” гэж тэр хэлсэн байна. 

Соколов бас афганы засгийн газрын хүчин дийлдээд талибуудын үндсэн хүч оросын хил рүү хөдөлбөл Афганистан дахь нөхцөл байдал яг  Сирийн кампанитай адил болно гэжээ. 

“Ингэвэл манай болоод, бидний ойрын холбоотнуудын аюулгүй байдалд шууд заналхийлнэ” гэж цэргийн шинжээч хэлсэн байна. 

Афганистантай залгаа өмнөд хил дээр нь ийм төвөгтэй нөхцөл байдал үүссэн учраас Тажикстан улс нөөцөд байсан дайчдаасаа 20 мянган хүнийг дайчилгаагаар татаж хилийн хамгаалалтаа бэхжүүлэхээр шийдвэрлэлээ гэж төрийн тэргүүний нь хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. 

Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээрээ Батлан хамгаалахын сайд Шерали Мирзод ийм үүрэг өгсөн байна. 

“Афганистан Тажикстаны хилинй бүс нутагт улс төрийн нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан төрийн тэргүүн  Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, хүчний байгууллагын болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудад тажик-афганы хил дээр тодорхой арга хэмжээ авч улсынхаа болон үндэсний аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо” гэж мэдээллийн агентлагийн эх сурвалж мэдээлжээ. 

Рахмон үүний зэрэгцээ хил дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа гарсан тохиолдолд улсын хил дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Тажикстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хилийн цэргийн хэвлэлийн албаны мэдээлснээр бол талибуудтай хийсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас сүүлийн хэдэн хоногт афганы цэргийн мянга гаруй албан хаагч Тажикстаны хил даван орж ирээд байгаа юм байна. 

Афганистаны ерөнхий­лөг­чийн Үндэсний аюулгүй байд­лын зөвлөх Хамдулла Мохиб энэ тухайд улсын нь умард хил дээр нөхцөл байдаг тун түг­шүүртэй байгаа ч Кабул нөхцөл байдлыг хяналтаас  алдахгүй гэдэгтээ найдаж байна гэжээ.