Д.МӨНХБАЯР: УНАЛТААС БОСОЖ ИРЭХ СЭТГЭЛИЙн ХАТЫГ БУУДЛАГЫН СПОРТ ӨГДӨГ

Соёл урлаг, Спорт

Олимпын наадмын хос хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин буудлагын хэмээх Доржсүрэнгийн Мөнхбаяртай илэн далангүйярилцлаа.  

Олимпоос олимп хүртэл дөрвөн жилийн циклд буутай цүнх, чемодантай хувцсаа зэхэн явсаар, буудсаар, амжилт ч өссөөр. Буудлагын спортоор дэлхийн чансаа өндөртэй тамирчнаар эрэмбэлэгдэж, энэ амжилтаа зодог тайлах хүртлээ 20 гаруй жил хадгалсан дэлхийд данстай цөөн тамирчдын нэг. 1992 оны Барселоны Олимпоос хойш зургаан Олимпод дэлхийн шилдгүүдтэй цэц мэргэнээ сорьсон тэр анх удаа 2016 оны Рио-гийн Олимпын өмнө бүдрэв.

Есдүгээр ангийн охин буудлагын спортоор хичээллэж эхэлснээс хойш зөвхөн амжилтаа өсгөхийн төлөө тууштай зүтгэсээр, түүний ертөнцөд сумны байг голд нь онох цорын ганц зорилго, хүсэл тэмүүлэл байсан мэт. Буудлагын спортод 30 гаруй жил зүтгэж олимпын хоёр хүрэл, дэлхийн хоёр алтан медалийг зүүх хүртлээ асгаруулсан хөлс, зарцуулсан цаг хугацаа, тэмцээнээс тэмцээнийг өртөөлөх олон жилийн аяллаа эргэцүүлэн бодох боломж 2016 онд л гарах ёстой байж. Тэр шийдвэрээ гаргаж, зодог тайлсан. Буудлагаас өөр ертөнцтэй танилцах шинэ амьдрал, шинэ аялал нь тэр цагаас эхэлжээ. 

-Сайн байна уу. Та Монголдоо хэзээ ирэв?

-Ирээд жил гаруй боллоо. Цаашид ажлын боломжоо хараад аль болох Монголдоо байх бодол бий. Тэр дундаа зуны дэлгэр цагаар ирж, хөдөө явж байя гэж бодох болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ зун явах боломж нь гарах нь уу, үгүй юү.

-Токио-2020 Олимп удахгүй эхэлнэ. Та 2016 анх удаа Олимпыг өнжсөн. Олимпоос Олимпын хооронд тасралтгүй буудаж явсан Таны хувьд өнжих үед ямар сэтгэгдэл төрж байв?

-1992 оны Барселоны Олимпоос хойш анх удаа 2016 онд өнжлөө. Санаа сэтгэлээр унах шахуу л юм болсон. /инээв/ Тэгсэн ойр дотныхон, найз нөхөд маань “Чи олон жил амжилттай явсан. Чиний чансаанд хүрсэн тамирчин одоогоор гарч ирээгүй байна. Хэчнээн зүтгэсэн хэр нь нэг ч Олимпод орж чадаагүй тамирчид ч байна” гэх мэтээр тайвшруулахад нь бас бодож байгаа юм. Олимп бол тодорхой түвшинд хүрсэн тамирчин бүхний мөрөөдөл шүү дээ. Олимпын наадамд  оролцох хоёр боломж бий. Нэг нь тухайн спорт хөгжөөгүй буурай хөгжилтэй орнуудыг дэмжих зорилгоор Олимпын наадамд цагаан хуудас буюу урилгаар оруулдаг. 2000 оны Сиднейн Олимпод Монгол Улс цагаан хуудсаар орж байлаа.

Нөгөөх нь Олимпын эрх авах тэмцээнээс эрхээ авч оролцох жинхэнэ шилдгүүдийн өрсөлдөөн. Олон улсын тэмцээнүүдээс олимпын наадамд орох эрх авах, эрх авсныхаа дараа шигшээ багаасаа томилогдон Олимпод орно гэдэг амаргүй даваа. Олимпын эрх авах ямар хэцүү болохыг би анх 2016 оны Олимпыг өнжихдөө л ойлгосон. Би “Эрхээ авчихна даа” гэж бодож явтал эрх авах тэмцээнүүд цөөрсөөр, сүүлдээ сэтгэл зүйн хувьд дарамтад ордог юм билээ. 1992 оноос хойш ямар ч зовлонгүй эрхээ авчихдаг байсан учир юм боддоггүй явжээ. 

2016 оны Рио-гийн Олимпын үеэр би Монголд ирж, амарч таарсан. Энэ удаагийн Олимпоор бас Монголдоо байж таарах нь. Цар тахлын улмаас Токио-2020 Олимпыг хойшлуулах уу, хийх үү гэж нэлээд хэлэлцүүлсний эцэст хийхээр боллоо. Энэ удаагийн Олимп сонирхолтой болох байх. Дэлхий даяар ковидыг давсны бэлгэ тэмдэг болгож Олимпын наадмыг тэмдэглэхээр боллоо.  Япон улс Олимпыг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ Олимпод би уясан тамирчнаа алсаас харах юм. Нэлээн юм хэлж өгсөн, яаж оролцохыг нь харна даа.

-Таныг Энэтхэгийн залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэж дуулсан? 

-Харин тийм, 2017 оноос хойш голдуу Энэтхэгийн Залуучуудын шигшээ багтай ажиллаж байна. Германд бол өөр орны тамирчид миний дасгалжуулалтын дор бэлтгэл хийдэг. Миний шавь нараас анхных нь  Олимпод орох гэж байна. Энэ Олимпод би өөрийгөө дасгалжуулагчийн хувьд дүгнэх боломж гарч байгаа юм. Энэтхэгийн Олимпын баг нь одоо Европт бэлтгэлээ хийж байгаа. Европт хоёр сарын турш бэлтгэл хийгээд, тэндээсээ Япон руу явна.

-Та тамирчин хүний хувьд гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Германд очоод сурч, ажиллахын зэрэгцээ спортоороо хичээллэж, олимп, дэлхийн аваргын болон жижиг тэмцээнүүдэд ч оролцсоор байсан. Амаргүй л дээ, гэхдээ болдог л юм. Олимпын аварга л болсонгүй. Монгол, Герман хоёр оронд хоёуланд нь анхны тодотголтой хоёр медалийг нь авч өглөө. Спортын замналаа эргээд харахад амжилтаараа бахархдаг. 

-Буудлагын спортоор олон жил хичээллэж, зодог тайлах хүртлээ амжилтаа хадгалж чаджээ. Тан шиг олон жил тасралтгүй амжилттай буудсан гаднын эмэгтэй тамирчид хэр олон бэ?

-Миний хувьд амьдралынхаа 30 гаруй жилийг буудлагын спортод зориуллаа. Дэлхийн дээд чансаанд бичигдээд 25 жил болжээ. Харж байхад 20 гаруй жил буудсан өөр орны тамирчин байдаг. Гэхдээ тэд нар 25 жил топ байж чадсан уу гэвэл хараахан тийм биш. Дэлхийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож, олон жил амжилтаа хадгалж яваа миний үеийн дөрвөн хүүхэн байна даа. Би 2017 онд зодог тайлж, Монголдоо “My way” буюу “Миний замнал” нэртэй хаалтын ажиллагаа хийхдээ олон тэмцээнд мөр зэрэгцэн буудаж явсан найз буудагч бүсгүйчүүдээ урьсан юм. Тэгэхэд уригдаж ирсэн Сербийн буудагч, 1988 оны Сөүлийн Олимпын аварга Ясна Секарич найман Олимпын эрх авсан эмэгтэй. Найм дахь эрхийг нь тухайн улсын шигшээ баг өөр тамирчинд өгөөд, өөрийг нь Олимпод явуулаагүй.

Манай Монголд  эрхээ авсан бол тэр тамирчин л Олимпын наадамд ордог юм билээ. Хэдийгээр чи эрхээ авсан ч өөр нэг тамирчин тухайн жилдээ амжилтаар чамаас хамаагүй илүү байсан ч Монголд бол эрхээ авсан тамирчин л явдаг. Олимпын эрхийг тамирчинд нэр зааж өгдөггүй, улсад нь өгдөг. Тиймээс бусад оронд бол дотроо сонгон шалгаруулалт хийж, хамгийн шилдгээ явуулдаг.  Өөрөө эрхээ аваад “Токио-2020”-д ес дэх Олимпдоо орох гэж байгаа Гүржийн тамирчин Нино Салуквадзе Монголд ирсэн. Нино 1988 онд 18 настайдаа мөн Сөүлийн Олимпын аварга болсон. Түүнээс хойш бүх олимпод орсон, 2016 онд хүүтэйгээ хамт олимпод орлоо. Ээж хүү, аав хүүтэйгээ гэх мэт гэр бүлийн хүмүүс цуг орсон тамирчин 2016 оны Олимпод тавхан байсны нэг нь буудлагынх. Тэд бол мундаг тамирчид. Би бол зургаан Олимпын эрх аваад бүдэрлээ шүү дээ. Мөн Болгарын тамирчин, 2000 оны Сиднейн Олимпын аварга Мария Гроздева ирсэн. Мария бид хоёр адилхан 1992 оноос эхлэн Олимпод орсон. 1992 онд би спорт гар бууны төрөлд хүрэл, харин Мария хийн бууны төрөлд хүрэл авч байлаа. Мария маань 2016 онд бас өнжсөн. Харин одоо Токиогийн Олимпын эрхээ аваад, долоо дахь Олимпдоо оролцох гэж байна.

-Та Герман улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд орох гэрээ хийгээд тус улсыг зорьсон уу?

-Би Герман улстай гэрээ хийгээд явсан юм биш ээ. Би 1995 онд Германд суралцахаар явсан юм.  Монголдоо шигшээ багийн тамирчин байхад 1990-ээд оны эхээр Багшийн дээд сургуульд Буудлагын дасгалжуулагчийн анги нээгдэж, тэнд нь суръя гэхэд “Чи улсынхаа нэрийг гарга. Шигшээ багтаа тамирчнаа л хий” зөвшөөрөөгүй. Олимп, ДАШТ хоорондоо хоёр жилийн зайтай сөөлжиж болдог. Дэлхийн аваргад бэлдэж бэлдэж тэмцээнд явах болоход “Санхүү байхгүй, өнжье” гэдэг. За тэгвэл, Дэлхийн цомын тэмцээнд явъя гэхээр бас л “Мөнгө байхгүй ээ” гэдэг.

Буудлагын Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болж байхад бид нэг хоёрт нь л явдаг сан. Бүр гомдмоор. “Залуу байна, чадаж байна. Тэмцээнгүй тамирчин гэж юу байх вэ” гээд би шигшээ багаасаа гарч, Германд амьдардаг эгчийгээ түшээд сургуульд сурахаар явсан юм. Германд сурахын хажуугаар бэлтгэлээ хийж, тэмцээнүүдэд оролцож Монголынхоо нэрийг гаргаад л яваад байсан. Тэр үед  ганцаараа олон тэмцээнд явдаг сан. Дэлхийн цомын цуврал тэмцээний хоёр нь долоо хоногийн зайтай Мюнхэн, Миланд болдог байв. Европт байгаа надад зардал бага тусах учир машинаар, галт тэргээр яваад л байлаа. Ойр ойрхон тэмцээнд ороход амжилт ч өсөөд, урамтай.  Тэгж явахад л Германы талаас “Чи иргэншлээ сольж, Герман улсын нэрийн өмнөөс орохгүй юу” гэсэн санал тавьсан. Германы тамирчид яаж бэлтгэл хийгээд, ямар амжилт гаргаж байгааг би дунд нь явсан учир харж байлаа. Хамгийн сүүлд 2000 оны Сиднейн Олимпод Монголынхоо нэрээр ороод, 2002 оноос эхлэн Герман улсын нэрийн өмнөөс тэмцээнүүдэд орсон.

-Та 2013 онд Монголынхоо иргэншилд орох хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу өгчээ. Иргэншилд орох болон гарах асуудлыг Төрийн тэргүүн шийддэг. Яагаад татгалзсанаа Танд тайлбарласан болов уу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Германд очихдоо “Давхар иргэншлийн асуудлыг шийднэ. Монголчууд та нар нутагтаа очооч” гэж ярьсан юм. Гаднын иргэншилтэй олон монголчууд бий. Гадны иргэншил авлаа гээд эх орон, аав ээж ах дүүсээсээ холбоо тасрахгүй шүү дээ. Тэр хүмүүс Монгол руу чиглэсэн оюуны болон нийгмийн сайн сайхны төлөөх ажлууд маш их хийдэг. Тэр сэтгэл зүтгэлийг үнэлэхгүйгээр иргэдийнхээ Монголын иргэншил, паспортыг хурааж авах нь хэчнээн олон монголчуудын сэтгэлийг сэвтээх бол.  Тийм агуулгаар хуульдаа өөрчлөлт оруулаач, энэ асуудлыг эргэж хараач гэсэн санаачилга гаргаж, 2013 онд гадны иргэншилтэй элэг нэгтнүүдээ төлөөлж иргэншлээ сэргээх хүсэлт тавьсан. Би “Германы иргэншлээ өгөхгүй” гэсэн учир татгалзсан хариу сонссон юм.

-2008 оны Бээжингийн Олимп тамирчин Таны хувьд, монголчуудын хувьд сэтгэлээс гарахгүй сайхан Олимп болсон. Таны хувьд медалийнхаа өнгийг өөрчлөх бодол байсан байх?

-Олимп гэдгээр нь ярья л даа. Азиуд юмыг сайн хийдэг, өнгө үзэмжид маш их анхаардаг. Олимпын нээлт ямар сүрлэг сайхан болов. Хүлээлтэд хүрсэн сайхан олимп болсон. Манай хөрш орон байсан учир монголчууд, хөгжөөн дэмжигч олонтой тэмцээн байснаараа онцлог. Буудлагын тэмцээнийг монголчууд маш олноороо үзсэн.

Олимпоос олимп хүртэлх миний зорилго бол медаль авах л байсан. Хүрэл медалийнхаа өнгийг өөрчилнө гээд үзээд л байсан. Анхны медалиас хойш 2008 онд дөрвөн олимпын циклийн дараа медаль авна гэдэг миний хувьд анхны медаль авснаас илүү сэтгэгдэл төрүүлсэн. Хүмүүс бол өнгөц харж “Тэр бол Германы медаль” гэж хэлэх л байх. Тийм ээ, Герман улсын гар бууны төрөлд авсан анхны медаль байсан. Гэхдээ тэр бол миний олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан. Медалийн тавцан дээр зогсож байхад 10-аадхан метрийн зайд миний эгц өөдөөс охин минь зогсож байхыг хараад баярласандаа нулимсаа барьж дийлээгүй дээ. Германы багийн Клаудиа гэж тамирчин сайхан сэтгэл гаргаж, охиныг дагуулаад яаж ийгээд миний өмнө аваад ирсэнд нь баярладаг. Олимпын зохион байгуулалт, дүрэм журам, хамгаалалт нь маш хатуу. Үзэгчийн суудалд байсан хүнийг доош нь тамирчдын суудал руу ойртуулахгүй, үзэгчид бол тэр дээр суудаг юм. Тэр бол надад төдийгүй, миний охинд тохиолдсон аз жаргалтай мөчүүдийн нэг. Миний охин багаасаа л жижиг том, олон улсын тэмцээнүүдэд намайг дагаж явдаг байлаа.

-Охиноо буудлагаар хичээллүүлсэн үү?

-Бага байхдаа буудлагаар хичээллэе гэж 2-3 удаа асуусан. Би “Яах юм бэ” гэсэн. Охин минь спортын биш урлагийн хүн болсон. Зарим хүмүүс бүжиглэдгээр нь мэднэ. Бээжингийн Олимп бол бараг л монголчуудын наадам болсон доо. Э.Бадар-Ууганы алт авсан тэмцээн явагдсан стадион  монголчуудаар дүүрсэн бичлэг нь байдаг даа. Тэмцээний дараа монголчууд “Халуун элгэн нутаг”-аа дуулаад, би тэнд сурвалжилга өгөөд байна аа, бас. Тэмцээний дараа стадионы гадаа бөөн монголчууд, хуушуур байсан бол яг л наадам шиг сайхан байж билээ. Монголчууд намайг таньчихаад зураг авахуулаад л. Би багийнхаа Клаудиаг дагуулж явсан юм, Клаудиа хараад бүр гайхсан. Германд тийм зүйл зөвхөн хөлбөмбөг дээр л боломж гарвал тохиолддог, тамирчид нь маш хатуу хамгаалалттай. 

-Таны анхны олон улсын тэмцээн ямар тэмцээн байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Хамгийн анх 1987, 1988 онд залуучуудын тэмцээнд бид нар Польш руу явлаа. Энд бууддаг буутайгаа явсан. Тэмцээний өмнө бууны үзлэг хийж, хэмжээ, жин, гохны жинг үздэг. Тамирчид  дугаарлаад зогсож байлаа. Бид нар буугаа гаргахад бусад орныхон шоолоод инээлдээд эхэлсэн. Яав ийв,  гэтэл бидний буу элэгдээд будаг нь арилж, цагаан төмөр нь гарчихсан. Залуу байсныг ч хэлэх үү ичиж үхэхээ шахав. Дараа жилийн тэмцээнд очихдоо буугаа төмрийн будгаар будуулаад, лакдаж гялгар болгоод хүн хараад шоолоод байхааргүй болгож билээ.

Дараа нь 1989 онд Хятад улс хилээ нээж, дэлхийд нээлттэй болсноос хойш тэмцээндээ биднийг их урьдаг байлаа. “Танай багийг урьж байна. Мөнхбаярыг авчраарай” гэдэг байсныг хожим багш хэлсэн. Тэр үед галт тэрэгний тасалбар үнэтэй болоход нь Паз автобусаараа явдаг. Одоогийнх шиг дардан замтай байсангүй, баахан сэгсрүүлж Замын-Үүд ороод, Эрээнээс цааш Хятадын нийтийн галт тэргээр тэмцээн болох хот руугаа явна. Тэр үеийн хятадууд одоогийнх биш шүү дээ, ариун цэврийн хувьд ямар байсныг манайхан мэднэ дээ. Очоод бидэнд хоноглох байр байхгүй. Багаараа галт тэрэгний буудлын чулуун шалан дээр зулж унтацгаана. 1993 оныхыг нь санадаг юм. Би жирэмсэн, жирэмснээ нуучихсан. Тэгсэн манайхан мэдчихээд “Ядаж охидуудаа зочид буудалд оруулъя” гэж байсан.

1990-ээд оны эхэн үед Монголд олигтой пүүз олдохгүй. Бид нар гадныхнаас ичээд Оросын пүүзээ голчихно. Нэг удаа Жанцанхорлоо багшийнхаа гутлыг өмсөж буудаад, Азийн аварга болсон. Аварга болчихоод “буянтай” гутал гээд дараа нь “Багш аа, та гутлаа өгчих би буудчихаад ирье” гэж байсан. Шагналын тавцан дээр бас л багшийнхаа гутлаар гоёод зогсож байлаа. Эрэгтэй хүн шүү дээ, гэхдээ размер нь надад таардаг.

-30 жил хичээллэсэн буудлагын спорт Танд ямар хүмүүжил төлөвшлийг өгөв?

-Нэг, хоёр жилийн төлөвлөгөө гаргаж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө маш их чармайдаг. Багшийн хэлснийг ягштал биелүүлнэ. Биелүүлэхдээ арай илүү давуулан биелүүлэхийг зорьдог. Ер нь тууштай л байсан даа. Ямар ч юманд шантарч бууж өгдөггүй. Би хаана хүрээд зогсох юм, өөрийнхөө хязгаарыг үзье гэж боддог байсан. Уналтаас босож ирэх сэтгэлийг хатыг буудлагын спорт өгдөг. Амьдралд янз бүрийн бэрхшээл тохиолдоход тухайн үедээ хямарч шантрах ч хурдан босож ирдэг юм билээ.

-Та цаашид тэмцээн уралдаанд оролцох уу?

-Яах вэ, олон улсын эсвэл дотоодын УАШТ зэрэгт оролцож болно л доо. Гэхдээ надад тийм сонирхол алга. Ханатлаа буудчихсан бололтой. /инээв/ Мэдсэн сурснаа залуучуудад өгье гэсэн бодол бий. Нэг сонин нь өөр дээрээ хийж байгаагүй бэлтгэлийн арга барилуудыг залуу тамирчдад хэрэгжүүлээд байх юм билээ. Би яагаад энийг өөр дээрээ хэрэгжүүлээгүй юм бол гэж хааяа боддог.

-Та Монголд буудлагын спортыг хөгжүүлэхийн төлөө хамгийн хүнд үед нь зүтгэж явсны хувьд мэдсэн сурснаа Монголдоо хэрэгжүүлэх хүсэл байдаг уу?

-Буудлагын спортыг Монголынхоо топ дөрвөн спортын нэгд оруулахын төлөө олон жил зүтгэсний хувьд санаа тавьж, татагдаж байдаг. Монголынхоо Буудлагын холбоотой хамтран ажиллах хүсэл байгаа. Буудлагаар нэг хэсэг Хятадын тамирчид хүчтэй байсан бол сүүлийн хэдэн жилд Энэтхэгийн тамирчид цойлоод гарч ирлээ. 1990-ээд оны эхээр Хятадууд манай улсад дарагддаг байв. 2000 оны эхээр тэд дийлдэхээ больсон. Одоо энэтхэгчүүд хүчтэй болсон. Манай монголчууд системдээ жаахан салхи оруулбал залгамж халаа шинэ сайн тамирчдыг гаргаж ирэх бололцоотой.

-Анх олон улсын тэмцээнд очоод шоолуулж байсан тэр дурсгалтай хуучин буу тань одоо байдаг уу? Та бууны цуглуулгатай юу?

-Тэр бол Монголын Буудлага спортын төв клубын буу байсан учир тэндээ үлд­сэн. 1998 оны Дэлхийн аварга болсон буу­гаа Германы Валтер үйлдвэрийнх нь му­зейд дурсгасан. Би буу үйлдвэрлэгч “Вал­тер” компанитай олон жил хамтарч ажил­­ла­сан, миний найдвартай түнш юм.  На­­майг санхүүгийн хувьд дэмжиж, тэр дэмж­лэ­гээр нь байр болон эрүүл мэн­дийн даатгал зэрэг төлбөрөө төлдөг бай­­сан учир энэ компанидаа талархаж явдаг. “Валтер” компани бууны хэд хэдэн шинэ модель гаргахдаа надтай хамтарсан. Би туршигч шинжээч хийж, буудахад ямар байгаа болон техникийн талаас нь яаж сайжруулах тухай санал бодол, зөвлөгөө өгдөг байлаа. 2008 оны Олимпын медаль авсан буугаа өөртөө хадгалсан. Дээр нь өөрөө хэрэглэдэг хэд хэдэн буу бий.

-Та 20 жилийн өмнөх тамирчин Д.Мөнхбаяр өнөөдрийн Д.Мөнхбаяр хоёрыг харьцуулбал үзэл бодлын хувьд ямар өөрчлөлт, ялгаа гарсан бол?

-Би 20 жилийн өмнө маш омогтой чадалтай, эрмэлзэлтэй, түүндээ үнэнч, өөртөө итгэлтэй байсан юм билээ. Би зорьсон л бол хийнэ гээд зүтгэчихдэг. Энийг манай найзууд ч хэлдэг. Тиймдээ ч энэ спортод тууштай зүтгэсэн, үнэнч албат нь байсан. Тиймээс би өнөөдрийг бүтээсэн Мөнхбаяртаа талархдаг даа.

 #МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 05. Даваа. №089 (5494)

#СпортынАмжилт