БӨХЧҮҮД, УЯАЧДАА ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ, ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛТЭЙ БАЙ

Улс төр

Монголчууд дэлхий дэлгэнэсэн дэлгэр зуны цагт дэнж хотойтол сайхан нааддаг байсан. Ёстой л хөлтөй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадмын талбайг  хосууд өнгө өнгийн ганган тэрлэг ижилсүүлэн өмсч гоёх нь сайхан л даа. Энэ жилийн наадмын дурсамж дараа жилийн наадам хүртэл  яригдах нь янзтай л байлаа. Ингэж өнгөрсөн цаг дээр хэлж байгаа нь учиртай. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд   “Ковид-19” хэмээх   хөнөөлт өвчин дэлхий нийтэд дэгдэж  хүн төрөлхтнийг сөхрүүлж байна. Олон хүн цугласан газар өнөөх өвчин бараг гэрлийн хурдаар тархаж аюул тарьж буй билээ. Ийм учраас  найр, наадам, зугаа цэнгэл зохион байгуулах нь яг л дарьтай торхонд гал тавьсантай адил зүйл болж хувирна гэсэн үг.

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч,  Их зохиолч  Д.Нацагдорж  өнгөрсөн зуунд Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхаглаж байх ахуйд “Амьд явбал улсын наадам үзнэ” хэмээн шүлгэлсэн байдаг. Энэ шүлгийн алдарт мөр  өдөгөө ч үнэ цэнээ алдаагүй. Цаашид ч монголчуудын амнаас ам дамжин яригдах нь гарцаагүй. Учир нь өнгөрсөн жилийн наадмаар “Ковид-19” хэмээх цар тахлын өдөрт бүртгэгдэх халдвар 400 гаруй л байсан. Гэтэл энэ жил яг одоо   өдөрт илрэх халдвар 2500 хүрчихсэн, нас баралт 10-аас буухгүй маш эрсдэлтэй, хүнд цаг үетэй монголчууд нүүр туллаа.

Юун наадамлах, хүн бүр аюултай урхагт өвчин тусчихгүй, гэр бүлээ эрсдэлд оруулахгүйг хичээж байна. Өөрөөр хэлбэл буруу зүйлээр наадаж бултаараа сүйрчихгүй юм сан гэсэн бодол жирийн иргэдэд бий. Үүнийгээ ч цахим орчинд илэрхийлж эрх баригчдаас “Наадмаа хойшлуул. Түүнд зарцуулах 10 тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбарт зарцуул. Хатуу хөл хорио тогтоож иргэддээ нөхөн төлбөр өг” гэсэн шаардлагууд тавьж буй юм.

Гэтэл Монголын үндэсний спортын холбоод наадмаа тэмдэглэе. Орон нутагт ч наадам хийх хүсэлтэй хүмүүс байна гээд элдэв бичиг үйлдэж төрийн ордныг гороолох шахуу харайж байгаа нь харамсалтай. Тэднийг хараад  “ёстой том тэнэгтэж байна даа” гэж хэлэх хүн захаас аваад байна. Наадмын дурсамж сайхан ч сүүлийн үед бөх, морь нь баячуудын зугаа цэнгэл болсон. Хэдхэн хоногт хамгийн их хар мөнгө эргэлддэг сүлжээнд орчихсон. Жалга довны үзлээр талцдаг гээд бусармаг зүйл гардаг болсныг иргэд шүүмжлэн хэлцэх нь элбэг.

Тухайлбал, сум, аймаг, улсын наадамд зодоглосон залуу бөхчүүд хэдэн арван саяас эхлээд зуу, зуун сая төгрөгөөр начны найраа хийсэн. Өндөр цолонд хүрсэн тухай наадмын дараа хуурай өвсөнд гарсан түймэр шиг маш хурдан амнаас ам дамжин түгчихдэг. Ах дүү, нутаг, нугийнхаа дэмжлэг туслалцаа, хэдэн төгрөгийг хамж аваад яаж ийгээд цолонд хүрчихвэл унац ихтэй бизнес болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь манай тэр ийм тийм цол авлаа гээд  гээд бөөн бэлэг сэлт, бэлэн мөнгөний амлалтад умбачихна. Тэгээд цолны найр, наадам хийж хөрөнгөө цуглуулаад авчихдаг гэж байгаа. Ялангуяа улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бол наадмын хоёр  өдөрт л  амьдрал нь 360 байтугай эргэж тэрбумтан болчихдог нь нууц биш. За тэгээд наадамд түрүүлчихвэл бүр ч ярих юм байхгүй.   Жишээ нь улсын наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал л гэхэд хамгийн сүүлийн үеийн “Тоёото Ланд Круйзер-200” маркийн цоо шинэ авто машин, дээр нь нутаг нуга, жалга довны зөвлөлүүдийн бэлгэнд доод тал нь 3 өрөө орон сууц, сууриар нь мал сүрэг, үнэтэй автомашин гээд явж өгнө. Ер нь нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл цуглах нь энүүхэнд шүү дээ. Энэ бүгдийг жирийн нэг залуу насаараа ажил хийгээд, жижиг дунд бизнес эрхлээд ч хурааж хуримтлуулахад бэрх. Хэдийгээр өөрийн хөлс хүч, хөдөлмөрөөр бөхчүүд тэр хөрөнгө, мөнгө хуримтлуулсан гэдэг ч улс эх оронд тохиолдсон гамшгийн үед гар сунгаж байгаа нь лав ховор. Бусдад тусламж үзүүлсэн, эх орноо элгэн садан монголчуудаа эргүүлээд хайрласан мэдээ сонссон хүн байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Монголын хамгийн сайхан газарт хэдэн арван га талбайг хашаалсан, уул уурхайн орд газар эзэмшсэн, зодоон цохион хийж бусдыг хүнд бэртээсэн гээд элдэв муу хар бараан мэдээнд л бөхчүүдийн нэр тууж явдаг шүү дээ. Сайн сайхан, цагаан мэдээнд нэр дурдагдсан бөх байна уу гэж асуумаар.

Хурдан морь бол баячуудын зугаа болсон. Цар тахал дэгдэхээс өмнө Цагаан сараар л морь уралдуулж эхэлдэг байв. Үүнтэй зэрэгцээд уралдааны замд хэдэн арван бяцхан үр амь насаа алдах, бэртэж гэмтсэн харамсалтай мэдээ хөвөрдөг байсан. Ямар сайндаа л Засгийн газраас өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд хориглосон шийдвэр гаргахав дээ. Харин сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хатуу хөл хорионы улмаас энэ зэрлэг цэнгэл зогсч гашуун мэдээ сонсогдоогүй.  Энэ нь цар тахлын нэг сайн тал байлаа.

Улсын наадмаар ч ялгаагүй уралдааны замд эндсэн, бэртсэн хүүхэд олон гардаг. Хүүхэд нь унасан морь барианд орж ирэхэд “Хөөрхий минь яасан бол. Гайгүй л байгаа даа” гэж бодохоор л харамсалтай. Наадмын  дараа зургаан насны морины уралдааны үеэр  төдөн хүүхэд мориноос  унаж эндсэн, бэртэж гэмтсэн гэдэг мэдээ сонсох нь сэтгэл өмөрмөөр. Үүнээс гадна үнэн,  худлыг мэдэхгүй ч олны ам дамжсан аймшигтай яриа бий. Тэр нь “Хурдан морь сайн унадаг хүүхдэд өсөлтийг нь зогсоодог тариа хийдэг. Ийм хэрэг гарсан” гэдэг үг өгүүлбэр олны салхинд хийсч явдаг билээ. Тэгэхээр хэдэн зуун сая төгрөгөөр худалдав авсан морио юу эсвэл морийг нь унасан тарчигхан амьдралтай хүний хүүхдийг илүү хайрлаж байна уу гэж асуумаар, үүнд бид дүгнэлт хийж үзмээр л байгаа юм.

Хэдэн хэдэн арав, зуун сая төгрөгөөр худалдаж авсан мориныхоо шандасыг үзэх, нэр алдар олох, гайхуулах гэсэн явдал сүүлийн үеийн бэлтэй хөрөнгөтэй ч бэлчээрт байгаа адуугаа хурааж үзээгүй уяачдад байдаг гэлцэх юм билээ. Олны үг ортой л гэдэг дээ.

Гэтэл өнөөдөр бөхчүүд, уяачид “Наадмаа хийе. Бидний бүтэн жилийн хөдөлмөр талаар болох нь” гээд гоншигнож, бас ялархаж явах нь харамсалтай.

Та нар юу хийсэн гэж ингэж хэлэх эрхтэй юм бэ. Энэ цар тахлын хүнд үед олон хоног сараар орон гэртээ ч очиж чадаагүй, очих эрхгүй, нойр хоолгүй ажиллаж, сайн муугаар үргэлж балбуулж байсан эмч,  сувилагч, асрагч, цагдаа, онцгойнхон та нар шиг ялархаагүй юм шүү. Ялархах ч үгүй.  Тэд хэдийгээр өөрсдөө бөөн бөөнөөрөө цар тахлын халдвар авч байгаа ч эх орон, ард түмнийхээ  төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр биелүүлсээр л явна. Наадам хийе гэж уриалж та нар шиг түрийвч зузаан хүмүүс биш. Авсан цалин нь амьдралд нь, орон сууц, автомашины зээлд нь хүрэлцэн цөхөж яваа эгэл баатрууд.

Та нар наадмын өмнө нэг сар л ажилладаг гэхдээ өмхийртлээ унтаж язартлаа идэж уудаг. Гэтэл өлмөн зэлмэн хоолтой, хагас дутуу хамгаалалтын хэрэгсэлтэй тэд  Монголын ард түмний төлөө ар гэр, амьдралаа золиослон тэмцэж байна. Булчингийн бяр,  мөнгөний хүчээр бус мэдлэгийнхээ, ухааныхаа хэрээр үгээ хэлж бай.  Дэлхий нийт болоод улс орныхоо нөхцөл байдлыг зөв дүгнэж цэгнэж сур  бөхчүүд уяачид аа.

Монгол Улс өнөөдөр хүн амд харьцуулсан халдварын тоо, нас баралтаар дэлхийд тэргүүлж, ДЭМБ-ын газрын зурагт хараар тэмдэглэгдчихээд байна. Гурван сая гаруй хүний эрүүл мэнд, амь насаар  3000 хүрэхгүй бөх, уяач нэртэй хүмүүс тоглох болоогүй шүү.

Жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хөнөөлт цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд орж ажилгүй, орлогогүй болсон. Хэдийгээр аж амьдрал нь хэцүүдэж ядуурч байгаа ч “Эрүүл л байвал болно. Өвчин зовлонгүй, элэг бүтэн хүн амжилтад хүрдэг. Аж амьдарлаа өөд нь татах тэнхээтэй байдаг” хэмээн шүд зуун тэвчиж бүсээ чангалж байна. Юун тэр наадам. Байдал ийм байхад ямар бүдүүн зүрх гаргаад “Наадмаа хийе. Бид баяжмаар байна. зугаацаж цэнгэмээр байна” гэж яриад, шаардаад явах нь ичмээр. Ёстой л нөгөө инээдтэй бөгөөд эмгэнэлтэй зүйл юм шүү. Бөх­чүүд, уяачдаа ичих бул­чир­хай­тай,  энэрэнгүй сэтгэлтэй бай.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 23. Лхагва. №083 (5488)

#ҮзэлБодол