ГОЛУУД ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 10-50 СМ-ЭЭР ДАВСАН, НИЙСЛЭЛД 2538 ӨРХ ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Улс төр

Монголчууд бид “Ковидгүй зуны төлөө” хэмээн давлагаалж вакцинд хам­рагд­сан ч өдөрт илрэх халд­варын тархалт эдүгээ 2000 хол даваад байна. Халдварын тар­халт ингэж нэмэгдсэн нэг шалт­гаан нь хөл хорио суларч ир­гэд амралт, зугаалгаар гол, нуу­рын эрэг бараадах бол­сон­той хол­бож ЭМЯ-наас  тайл­бар­ласан. Харин халд­варын тар­халтаас гадна гол, усанд осол­дох явдал нэ­мэг­дэж буй та­лаар Онц­гой байд­лын бай­гуул­лагаас  сэрэмж­лүүлж байна

Тухайлбал, өдөр бүр шахуу л усны ослын дуудлага тасрахгүй байгаа аж. Ялангуяа амралтын өдрүүдээр голын эрэг  бараадсан иргэд архидан согтуурч усанд осолдох нь нэмэгджээ. Мөн гол, мөрнүүд үертэй байгаа тул гүүр, гарамгүй газраар гатлах гээд осолдох нь нэмэгдсэн байна.

Жишээ нь  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэрийн-Ам” гэдэг газар “Туул” голын  усанд  хүн живсэн тухай дуудлага хоёр хоногийн өмнө Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагаар очиход  нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат 22 настай иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   Туул  голын усанд живж, салаа руу урсан орж эсэн мэнд байхад нь аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан дуудлага бас гарчээ. Дуудлагаар очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, 10-35 насны гурван иргэн автомашинаасаа гарч чадахгүй байжээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн ‘’Суварган булаг” гэдэг газарт  “Хэрлэн” голыг гар татлагат бярваазаар гатлах үед нэг тросс тасарч, нэг троссон дээр автомашин нь тогтоож байсныг аварсан байна. Азаар сүүлийн өдрүүдэд гарсан эдгээр осолд хүний амь нас эрсдээгүй юм. Харин энэ мэтчилэн усны осолын дуудлага Онцгой байдлын албанд тасрахгүй байгаа харамсалтай. Хамгийн гол нь иргэд “Ковид-19” цар тахлын аюулаас гадна үер усны аюулаас сэрэмжтэй байх цаг үе иржээ. Учир нь  Цаг уурын байгууллагын  мэдээллээр 

Монгол орны гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 10-50 см-ээр даван үерлэж байна.

Тухайлбал,  Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23см-ээр даван үерлэсэн хэвээр байгаа юм. Мөн Туул гол Зайсан орчимд  үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж, Тэрэлж, Улиастай,  Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үертэй хэвээр байна. Ялангуяа энэ зун усархаг аадар бороо үе үе орж байгаа учраас гол мөрнүүдийн усны түвшин огцом нэмэгдэх аюултай хэвээр байгаа аж.

Иймд голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан Онцгой байдлын албанаас  үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар:

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ойрын хугацаанд  нийслэл болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Зөвхөн зургадугаар сарын 7-8-нд нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас нийт 23 дуудлага, мэдээлэл ирсэн. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлийг жил болгон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд дээр дурдсан гол дагуу завьт эргүүл гарган, ажиллаж байна. Энэ сарын 10-наас хойш нийт 52 автомашиныг голын бүсээс гаргасан.

Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа  бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай. Гэр орон, хашаа, байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоод  Орон сууцны хороолол дахь ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Иймд иргэд  цар тахлын халдвараас гадна үерийн аюулаас дор бүрнээ сэрэмжлэх шаардлага тулгарч байна.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 21. Даваа. №082 (5487)

#Дугаарын60мөр